Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

   

2019            11           28                                    2019/ШЦТ/693

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,     

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Н  овогт Ш-ийн Б  холбогдох эрүүгийн 1910023040774 дугаартай 187/2019/0698/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ...... оны ......дугаар сарын ....-нд ..... аймагт төрсөн, .....настай, ....., ..... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... дугаар гудамж ....тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ....дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Н  овогт Ш-ийн Б /РД:................/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт цэнгээний газар авто зогсоол дээр иргэн Н.М-ийг өөрийн автомашин дотроо унтаж байхад нь түүний ipone xs max загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт цэнгээний газар авто зогсоол дээр иргэн Н.М-ийг өөрийн автомашин дотроо унтаж байхад нь түүний ipone xs max загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Ш.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Н.Б-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд үйлчлүүлээд 03 цагийн үед Минт баарнаас гараад машинтай явж байсан учир баарны үүдэнд жолооч авах уу гэж зогсож байсан хүмүүс дундаас нэг залуугаар машинаа бариулахаар болж машинаа бариулаад машинтайгаа хөдөлснөө санаж байгаа юм. Тэгээд би машиндаа ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цаг 30 минутын үед сэрсэн. Сэрэхэд машин анх байсан газраа зогсож байсан. Машины баруун хойд талын хаалга дутуу хаагдсан байсан. Тэгээд эд зүйлээ үзэхэд миний гар утас байхгүй байсан. Минт баарны хяналтын камерыг шүүж үзэхэд би баарнаас гарч ирээд жолооч аваад машинаа бариулж 03 цаг 08 минутанд хөдлөөд Минт баарны зогсоолоос гараад явж байгаа. Тэгээд 15 минутын дараа буцаад Минт баарны зогсоол дээр өмнө нь зогсож байсан зогсоолд зогссон. Тэгээд жолоо барьж байсан залуу буугаад яваад өгсөн. Тэгээд 05 цаг 47 минутын үед хүмүүс тарсан байхад 5948 УББ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркын автомашин 2 удаа миний машины хажууд зогсож буугаад ирээд цонхоор харж зогсож байгаад хөдөлсөн дараа нь 3 дахь удаагаа миний машины хажууд зогсоод баруун хойд талын хаалгыг онгойлгоод миний гар утсыг хулгайлж авч байгаа бичлэг байсан...зогсоолоос гарч байгаа камерын бичлэгт машины дугаар нь харагдсан. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Сим нь байхгүй байна симээ би үнэлмээргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-13/  

          3. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХУД008 дугаартай /iphone xs max 2 сим/ нийт хохирлын дүн 3.200.000 үнэлгээний тайлан /хх-26-27/ 

          4. Эд мөрийн баримт түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-7/

          5. Шүүгдэгч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би уг машин дотроос гар утсыг нь аваад явчихсан учир нь утас нь алга болчих байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Ш.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Ш.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” цэнгээний газар авто зогсоол дээр иргэн Н.М-ийг өөрийн автомашин дотроо унтаж байхад нь түүний ipone xs max загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.Б-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, түүний хувийн байдал /...40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н  овогт Ш-ийн Б-ийг  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н  овогт Ш-ийн Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н  овогт Ш-ийн Б-ийг  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

4. Ш.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР