| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0696/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 694
2019 11 28 2019/ШЦТ/694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,
хохирогч Г.Х ,
шүүгдэгч Э.О , түүний өмгөөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Я овогт Э-ын О-д холбогдох эрүүгийн 1910000000714 дугаартай 187/2019/0696/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны ....дугаар сарын .....-нд Дорноговь аймагт төрсөн, ... настай, ....., ....боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Я овогт Э-ын О /РД:Е.........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.О нь хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоум плаза төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс Г.Х Хаан банкны 5020714823 тоот данснаас 10 сая төгрөг, Б.Б-ийн 5447119897 тоот данснаас 18 сая төгрөг, нийт 28 сая төгрөгийг өөрийн 5035316882 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.О нь Шенгений визэнд орох гэсэн юм, би дансандаа мөнгө байршуулж хуулгыг нь аваад буцааж өгнө гэж хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоум плаза төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс Г.Х Хаан банкны 5020714823 тоот данснаас 10 сая төгрөг, Б.Б-ийн 5447119897 тоот данснаас 18 сая төгрөг, нийт 28 сая төгрөгийг өөрийн 5035316882 тоот дансанд шилжүүлэн авсны дараа гэнэт зугтан бусдыг залилсан болох нь:
1. Шүүгдэгч Э.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг болсон өдөр би хохирогчийн нөхөртэй гар утсаар холбогдсон. Би Сүхбаатар дүүргийн прокуррорт жижүүр хийж байгаад ажлаасаа халагдсан тул цалингийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Мөн би бага насандаа авто тээврийн осолд орж хөлөндөө гэмтэл авч байсан тул надад амьдрахад хэцүү болж ирсэн. Би цаашид амьдралаа сайжруулах зорилгоор гадаад орон руу гарч ажиллахыг зорьсон. Гэтэл гадаад орны виз бүрдүүлэхэд дансны хуулганд тодорхой хэмжээнд мөнгө байршуулах хэрэгтэй байсан. Тиймээс би фэйсбүүкээр хохирогчтой харилцаж виз бүртгүүлж ороход миний дансанд мөнгө байршуулж тухайн дансны хуулгыг авах гэж байгаагаа тайлбарласан. Хохирогч намайг дэмжиж туслахаа илэрхийлсэн учраас би нөхөртэй нь “Хоум плазагийн” АТМ дээр уулзсан. Дараа нь хохирогчийн нөхөр миний дансанд мөнгө шилжүүлэх үед миний шунал хөдөлж би хэргийн газраас зугтааж гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э.О надруу залгаж “би Шенгений визэнд орох гэсэн юм, би дансандаа мөнгө байршуулж хуулгыг нь аваад буцааж өгнө” гэж хэлсэн тул би түүнд итгэж тусласан. Тэгээд “Хоум плаза” дээр манай нөхөр шүүгдэгчтэй уулзаж нийт 28.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Гэтэл нөхөр мөнгө шилжүүлээд эргээд хартал шүүгдэгч алга болчихсон байсан бөгөөд гэмт хэргийн газраас зугтсан байсан. Бидний зүгээс шүүгдэгчээс гэмт хэргээс учирсан хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/
4. Э.О гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/
5. Э.О гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/
6. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-19, 20-21/
7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22/
8. Хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэлтэй тодорхойлолт авах гэсэн юм. Та надад 45.000.000 төгрөг хийж өгч туслаач гэхээр нь би “одоохондоо надад боломжгүй, бүр хэрэг гарвал надад хэлээрэй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би нөхөр Батгэрэл рүү утсаар яриад чи наашаа ирэх болж байгаа бол замаараа энэ залуутай уулзаад данс руу нь мөнгө шилжүүлэхэд хуулгаа аваад буцаагаад бид хоёрын данс руу шилжүүлнэ гэж хэлсэн. Батгэрэл над руу утсаар залгаад “нөгөө хүн чинь ард байсан чинь алга болчихлоо, хайгаад олохгүй байна” гэхээр нь би 94082232 дугаар луу өөрийн 88096179 дугаарын утас руу залгаж үзэхэд утас нь дуудахад дуудлага авахгүй салгахаар нь би дахиж залгахад холбогдохгүй болохоор нь нөхөр Батгэрэл рүү залгаж “би одоо аваад очьё” гэж хэлээд яваад очиход нөхөр байхгүй байхаар нь утсаар залгаж асуухад урд талын банкинд дээр байна гэхээр нь яваад ороход нөхөр Батгэрэл нь мөнгө шилжүүлсэн данснаас мөнгө гаргахгүй гэсэн хүсэлт өгөөд сууж байхаар нь би Хоме плаза төв рүү ороод хяналтын камерийн бичлэг үзэж байхад дөрвөлжин царай, хууз сахалтай, халимаг үстэй, шардуу царайтай, 170 см өндөртэй, туранхай, хар бараан өнгийн савхи өмсчихсөн байдалтай байсан. Манай нөхөр Батгэрэл Хаан банкны 5035316880 дугаарын О гэх хүний данс руу 10.000.000 төгрөг нэг удаа 5020714823 данснаас болон 18.000.000 төгрөг нэг удаа 5447119897 дансаар шилжүүлсэн. 28.000.000 төгрөг шилжүүлж өгснөөс 20.570.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 7.430.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 30-32/
9. Гэрч З.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар банкинд 9 сая гарангийн цалингийн зээлтэй төлж байгаад одоо төлөлт нь зогсчихсон байгаа. Өөр өр байхгүй. Яагаад хүний мөнгийг авчихаад зугтсан гэдгийг би мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухаар би буруу зүйл хийсэн байна л гэж хэлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
10. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт КFС орчим байх Хаан банкин дээр очиход бараан өнгийн пиджак костюмтай хар өнгийн савхин куртикэй залуу түрүүлээд ирчихсэн Хаан банкны АТМ ажиллахгүй байна ард талын АТМ-ээс шилжүүлчихье гэсэн. 10.000.000 төгрөгийг эхнэр Хажидмаагийн 5020714823 тоот данснаас үлдсэн 18.000.000 төгрөгийг 2 хуваагаад өөрийн Хаан банкны 5447119897 тоот данснаас нийт 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Тэр үед тэр залуу миний ард зогсоод утга дээр нь “аяллын зардал төлбөр” гээд шилжүүлчих гэж хэлээд зогсож байснаа хамгийн сүүлийн гүйлгээг хийгээд картаа АТМ-ээс аваад эргээд хартал алга болчихсон байсан. Би араас нь гүйж гараад хайгаад олоогүй. Камер шүүж үзээд зугтсан байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/
11. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний 12 цагийн орчим О өөрийн 94082322 дугаараас залгаад утсаа авахад “намайг уучлаарай өнгөрсөн бүх хугацаанд аавын хүү гэж дуудуулж үзсэнд” гэх мэт зүйл ярьсан. Би утсыг нь тасалсан чинь дахиад залгаад “би буруу зүйл хийчихлээ, цагдаагаас залгавал мэдэхгүй гэж хэлээрэй, салсан холбоогүй байгаа гэж хэлээрэй” гэсэн намайг хаана байгаа юм гэж асуухаар нь “би модны хоёрт аниагийнд байна” гэж хэлсэн. Намайг ороход О царай нь сонин болчихсон юм дуугарахгүй сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/
12. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад цамцанд боодолтой юм өгсөн, би түүнийг нь аваад машиныхаа арын суудал дээр тавиад түгжрээн дунд сонирхоод үзэхэд мөнгө байсан. Би О рүү залгаад энэ юу юм бэ гэхэд “наадахаа хэрэглээрэй дүү нь урагшаа явлаа” гэж хэлээд утсаа тасалчихсан. Би мөнгийг тоолж үзэхэд 6.3 сая төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/
13. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад мөнгө өгөөгүй харин гадаад паспорт, иргэний үнэмлэх, хар өнгийн 17.000 төгрөгтэй түрүүвч өгөхөөр нь би цүнхэндээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/
14. Э.О гийн Голомт банкны 5035316882 тоот депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61/
15. Хяналтын камерт билчэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 82-83/
16. Шүүгдэгч Э.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...26.518.570 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа үлдэгдэл 1.481.430 төгрөг үлдэж байгаагаас 415.000 төгрөг үрсэн. Харин үлдсэн 1.073.410 төгрөгийг би гээсэн юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.О нь Шенгений визэнд орох гэсэн юм, би дансандаа мөнгө байршуулж хуулгыг нь аваад буцааж өгнө гэж хэлэн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоум плаза” төвд байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс Г.Х Хаан банкны 5020714823 тоот данснаас 10 сая төгрөг, Б.Б-ийн 5447119897 тоот данснаас 18 сая төгрөг, нийт 28 сая төгрөгийг өөрийн 5035316882 тоот дансанд шилжүүлэн авсны дараа гэнэт зугтан бусдыг залилсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үлдэгдэл 7.430.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 30-32/, түүний хувийн байдал /...26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.О г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.О г эдлэх 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.О г 2 /хоёр/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О гээс 7.430.000 /долоон сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Х олгохоор шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Э.О гийн Самсунг-7 маркийн гар утас, Э.О гийн Хаан банкны 5035316882 дугаартай данснаас захиран зарцуулах хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан ба түүнээс гаргуулах төлбөрт тооцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Э.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Э-ын О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я овогт Э-ын О г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.О г эдлэх 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Э.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.О г 2 /хоёр/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Э.О гийн Самсунг-7 маркийн гар утас, Э.О гийн Хаан банкны 5035316882 дугаартай данснаас захиран зарцуулах хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан ба түүнээс гаргуулах төлбөрт тооцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэж,
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О гээс 7.430.000 /долоон сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Х олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР