| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0688/Э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 695
2019 11 28 2019/ШЦТ/695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ын А холбогдох эрүүгийн 1910008380692 дугаартай, 187/2019/0688/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын ....-ны Увс аймагт төрсөн, ...настай эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт, Хан-уул дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Б-ын А /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна автомашины зогсоолоос болж хохирогч С.О маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна ухрах үйлдэл хийж зогсоол руу орох гэж байхад өрсөөд орчихлоо гэж автомашины зогсоолоос болж хохирогч С.О маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төвийн гаднах зогсоол дээр машинаа ухраах гэж байгаад гэмт хэрэг үйлдсэн. Намайг зогсоол дээр машинаа ухраах гэж байхад миний зогсох гэж байсан зогсоол дээр өөр жижиг тэрэг дайрч орж ирээд зогссон. Би машинаасаа бууж тухайн машины хаалгыг онгойлгож машины эзэнд нь “би энэ газар машинаа эхэлж тавих гэж байна” гэж хэлсэн. Гэтэл хохирогч намайг “ямар сүртэй бүдүүн авгай вэ” гэхэд миний уур хүрсэн тул бид хоёр маргалдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Соёлын төвийн автомашины зогсоол дээр өөрийн 74-50 УНҮ улсын дугаартай автомашинаа байрлуулж байхад машины жолоочийн эсрэг талын хаалгыг нэг үл таних эмэгтэй орж ирээд үгийн зөрүүгүй чи муу ямар даварчихсан гичий вэ би энэ зогсоол дээр машинаа тавих гэж байхад надад маш муухай уурлаж хэлсэн юм. Тэгэхээр нь та ямар муухай бүдүүлэг авгай вэ гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний үснээс зулгааж татаж чангааж машинаас гаргахыг оролдсон юм. Энэ үед үснийхээ угнаас барьж өөрийгөө хамгаалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
3. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг эмэгтэй машины хаалга савж онгойлгосноо би наана чинь машинаа тавих гэж байсан гэхэд Отгонмөнх эгчээ би сул зогсоол гарахаар нь орчихлоо гэсэн чинь нөгөө үл таних эмэгтэй хэл амаар доромжлоод байхаар нь Отгонмөнх та яасан бүдүүлэг эмэгтэй вэ гэхэд үгийн зөрүүгүй Отгонмөнхийн үсийг зулгаагаад машины үрүүл мөргүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3921/-ний дүгнэлт:
-С.О-ийн биед тархи доргилт, зүүн гарын ядам хурууны хумс хуурч хөндийрсөн гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 37/
5. Шүүгдэгч Б.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3921/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна ухрах үйлдэл хийж зогсоол руу орох гэж байхад өрсөөд орчихлоо гэж автомашины зогсоолоос болж хохирогч С.О маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж, түүний биед тархи доргилт, зүүн гарын ядам хурууны хумс хуурч хөндийрсөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /...53 настай эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч Б.А ийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Б-ын А ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б-ын А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Б-ын А ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.А холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР