Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2016/00563

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******т байрлах, *******ны Баянхонгор салбарын

Б*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Б*******, Х.******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын *******ны салбар тооцооны төвөөс 751 тоот зээлийн гэрээгээр 2015 оны 06 сарын 03-ны өдөр 7000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30,0 хувийн хүүтэй авсан. Одоо малчны зээл, хүү нийт 6221257 төгрөгийн үлдэгдэлтэй, 76 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч Б*******, Х.******* нар нь Улаанбаатар хотод оршин суугаа сурагтай, *******, ******* дугаарын гар утас холбогдож байгаад сүүлийн 2 сар утсаа аваагүй, зээл төлөхөөс зайлсхийж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* 2015 оны 06 сарын 03-нд Баянхонгор аймгийн ******* сумын *******ны салбараас анх зээл авахдаа Баянхонгор аймгийн ******* суманд ажиллаж, амьдарч байсан. ******* суманд амьдарч байсан болох нь 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б*******гийн иргэний үнэмлэхний хаягаар нотлогдож байгаа. Манай тооцооны төвөөс тухайн үед 7 сая төгрөгний зээл авсан. Тэрнээс хойш 2015 оны 12 сард эхний зээлийн төлөлт 1500000 төгрөг байсныг Б*******гийн ахынд нь хэдэн толгой мал байгаа борлуулж байгаад төлнө гэсэн тайлбар өгсөн. Сүүлд ах нь Б*******гийн мал гэж 20, 30-аад тооны мал борлууж, эхний зээлийг төлсөн. Зээлдэгч нар өөрсдөө ямар нэг холбоо тогтоогоогүй, шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахаас 2 сарын өмнө зээлдэгч нарын утасны дугаарыг ах, дүү, хамаатангаас нь олж авч, зээлдэгч нартай ярьсан. Ингэж ярихдаа Б*******гийн хадам ээжээр дамжуулан хамтран зээлдэгч Х.*******тай ярихад нөхөр Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа, манайх хотод байгаа, би гэртээ 2 хүүхдээ хардаг, зээлийн төлбөрийг төлнө, одоохондоо боломж байхгүй байна. Б*******г өөрийг нь яриулъя гэсэн. Түүнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй, утсаа авахгүй байгаа. Анх зээл авахад нь 651-н толгой малтай гэдгийг 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зээлийн мэдээллийн санд тусгасан малын тоо зэргийг үндэслэн зээл олгосон. Одоо малаа айл дээр хувааж тавиад бараг дууссан гэсэн. Тиймээс Б*******, Х.******* нарын оршин байгаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн итгэмжлэл, Б*******, Х.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2015 оны 06 сарын 02-ны өдрийн тодорхойлолт, 2015 оны 06 сарын 03-ны өдрийн малчны барьцаат зээлийн гэрээ, 2014 оны жилийн эцсийн малын тооллогын хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******ны Баянхонгор салбар нь Б*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

Б*******, Х.******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын *******ны салбар тооцооны төвөөс 2015 оны 06 сарын 03-ны өдөр 7000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30,0 хувийн хүүтэй зээлж, малчны зээл, хүү нийт 6221257 төгрөгийг төлөөгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул тэдгээрийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овогт ын Нямдаваа, регистрийн дугаартай, /*******, ******* дугаарын гар утастай/ овогт ын ******* нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б*******, Х.******* нарыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ