| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0697/Э |
| Дугаар | 696 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 696
2019 11 28 2019/ШЦТ/696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Ч.Э , Г.Х тэдгээрийн өмгөөлөгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Х , Б овогт Ч-ийн Э нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910015030726 дугаартай 187/2019/0697/Э индесктэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... дугаар сарын ...-нд Архангай аймагт төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл ... хамт, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Х /РД:............./
Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын .... Архангай аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуур тоног төхөөрөмж мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ....хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ч-ийн Э /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Х , Ч.Э нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх баарны гадна 2019 оны 5 дугаар сарын 15-ны шөнө хохирогч М.Т цүнхтэй эд зүйлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Х , Ч.Э нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх баарны гадна 2019 оны 5 дугаар сарын 15-ны шөнө хохирогч М.Т цүнхтэй эд зүйлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Г.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр бид хоёр таксинд явж байсан. “Минт” баарны гадна хүмүүс маргаж байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн хажууд цүнх байсан тул би Эрдэнэ-Очирыг хохирогчийн үлдээсэн цүнхийг авчих гэж хэлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Ч.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн үйлсдэн гэмт хэрэгт гэмшиж байна. Би гэр бүлээ ганцаараа тэжээдэг тул надад оногдуулах ялыг хөнгөрүүж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 5 цагийн орчим найзуудтайгаа хамт явж байгаад миний цүнхийг манай найз Чингис үүрсэн байсна...Чингис цүнхээ тавиад очоод маргалдсан. Тэгээд 2-3 минутын дараа эргээд очсон чинь цүнх алга болсон байсан. ...цүнхэн дотор 2014 онд 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зөөврийн компьютер, эхнэрийн гар цүнх, бичиг баримт зэрэг эд зүйлс байсан. Зөөврийн компьютерээ 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Би Минт ажилладаг юм. Ойрд холбогдоогүй жуулчинтай хөдөө яваад байгаа гэсэн Улаанбаатарт байхгүй байгаа. Гомдол санал байхгүй. Миний эд зүйлийг авсан хүнд хөнгөн хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-22/
4. Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Минт клубт би найз Тэмүүжингийн хамт ороод бүжиглэж байгаад баар хаах үед 05 цагийн үед гарсан. Тэгээд манай найзууд тэнд байсан таксины жолооч нартай муудалцаад байсан. Тэгээд Тэмүүжингийн цүнхийг манай найз Чингис үүрээд зогсож байгаад маргаан болоод ирэхээр нь цүнхээ газар тавиад очоод маргалдаж эхэлсэн. Тэгээд очоод цүнхээ авах гэтэл алга болсон байсан. Камер шүүгээд үзэхэд номер тодорхойгүй хар хөх өнгийн приус-20 маркийн автомашинаас үл таних эрэгтэй хүн гарч ирээд аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
5. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр үед Х ын цүнхтэй эд зүйл авчирч байсан. Тэгээд ямар учиртай юм гэсэн чинь олсон юм гэж хэлж байсан. Дараа нь цагдаа нар ирээд бариад явахад хүний юм авсан байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
6. Эд зүйлийн үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №39 тоот “Хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээ” /хх-ийн 45/
7. Эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Х-607 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 47-49, 22/
8. Шүүгдэгч Г.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Минт баарны зүүн талын шатан дээр хүмүүс маргалдаад зодолдож байхад нэг саарал приусны урд талд хар өнгийн цүнх харагдсан. Тэгээд зогсож байхад цүнхний урд талд ногоон өнгийн приус-10 маркийн машинтай залууд би энд цүнх байна гэж хэлээд бид 2 ярилцаж байгаад би тэр залууг энэ цүнхийг авчих ах нь араас нь дагаад явъя гэж хэлээд тэр залуу буюу Эрдэнэ-Очироор цүнхийг авахуулсан. Э машиндаа хийгээд хөдлөөд явсан би араас нь дагаж яваад Жаргалан хотхоны автобусны буудал дээр очиж Э бид хоёр хамт уг цүнхийг үзэхэд нөүтбүүк залгууртайгаа, улаан өнгийн эмэгтэй хүний жижиг цүнх, дотор нь бичиг баримт, гоо сайханы үнэртэй усны сав, цэвэрлэгч зэрэг эд зүйлс байсан. Тэгээд би нөүтбүүкийг нь аваад Эрдэнэ-Очирт цүнхтэй бичиг баримтыг өгч явуулсан. Э бид хоёр утасны дугаараа солилцоод утсаар яръя гээд салсан. Тэгээд би 2-3 хоногийн дараа айгаад камерийн бичлэгт бичигдсэн байж магаадгүй гээд Эрдэнэ-Очиртой утсаар яриад ах нь айгаад байна, цүнхийг нь авч хүнд аваачиж өгье гэж яриад маргааш нь гэмтлийн ойролцоо уулзаж цүнхтэй эд зүйлийг авсан. Тэгээд би цүнхтэй эд зүйлийг гэртээ байлгаж байгаад мөнгөний хэрэг болоод нөүтбүүкийг ломбарданд 280.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Цүнх бичиг баримт, цэнэглэгч нарыг нь байцаагчид хураалгасан. Нөүтбүүк нь байхгүй учир үнэлгээнд заагдсан төлбөрийг төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/
9. Шүүгдэгч Ч.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед хараад зогсож байхад газар том аяны цүнх байсан. Тэгсэн нэг танихгүй таксинд явдаг ах /Х / цүнхийг барьж үзчихээд буцаагаад тавьсан. Тэгээд над дээр ирээд чи энэ цүнхийг аваад хийчих гэхээр нь үгүй гэж хэлсэн боловч ятгаад байхаар нь би очиж аваад машиндаа хийсэн. Тэгээд би машинтай хөдлөөд явсан чинь намайг авчих гээд байсах ах /Х / араас машинтай ирээд нөгөө цүнхэн дотор юу байна гэхээр нь мэдэхгүй гэхэд машинд орж ирээд цүнхийг нээж үзээд нөүтбүүк, гар цүнх зэрэг эд зүйл байна гэж хэлсэн. Тэгээд намайг юуг нь авмаар байна гэхээр нь би авахгүй гэхэд аваа гээд байхаар нь том аяны цүнхийг нь авъя өөр юм хэрэггүй гэж хэлсэн. Х би нөүтбүүкийг нь авъя чи үлдсэн юмыг нь өөртөө байлгаж бай гэж хэлсэн. 5 дугаар сарын 19-ний өдөр Х утсаар залгаад хүмүүс нь цагдаагаар яваад байна, намайг цагдаад өгөх гээд байна, цүнхийг нь аваад ир гэхээр нь гэмтлийн хажуу талын шатахуун түгээх дээр Х тай уулзаж цүнх болон дотор нь байсан эд зүйлийн хамт өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Х , Ч.Э нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 83/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.Х , Ч.Э нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” гэх баарны гадна 2019 оны 5 дугаар сарын 15-ны шөнө хохирогч М.Т цүнхтэй эд зүйлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б овогт Г-ийн Х , Б овогт Ч-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102/, шүүгдэгч Ч.Х ын хувийн байдал /...31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд дотуур хувцас зардаг ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Ч.Э ын хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуур тоног төхөөрөмж мэргэжилтэй, Дагни авайч ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х , Ч.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х , Ч.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Х , Ч.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Х , Б овогт Ч-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г-ийн Х , Б овогт Ч-ийн Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х , Ч.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Г.Х , Ч.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Х , Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР