Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 065

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын ... дугаар багийн оршин суугч, Б  овогт М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох, М-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 10 129 104 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч Б сумын Засаг дарга Б, гуравдагч этгээд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагчийн өмгөөлөгч К.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ак нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие 2013 онд тус аймагт зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад орж тэнцэж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 26 тоот тогтоолоор намайг Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. 

Ингэснээр Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн “М-ийг ажилд томилох тухай” Б/200 тоот захирамж гарч миний бие тус албан тушаалд томилогдсон. Дараа нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дараа Б сумын Засаг дарга намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж “өөртэй чинь хамтран ажиллаж чадахгүй, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа гар” гэх мэтээр янз бүрээр дарамт шахалт үзүүлсэн, миний бие уг шаардлагыг зөвшөөрөөгүй болохоор намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас минь чөлөөлсөн. Ингэхдээ Засаг дарга намайг төсөвт өр төлбөр үүсгэсэн, мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц орон тооны стандартыг зөрчиж илүү орон тоо бий болгон ажиллуулж, цалингийн санг хэтрүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас минь чөлөөлжээ. Хариуцагч намайг 14.460.054 төгрөгийн өр, төлбөр үүсгэж зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа. Уг мөнгийг нөхөн төлүүлэх талаар Нийгмийн даатгалын улсын байцаагчаас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128 тоот акт тогтоож байсан нь үнэн. Энэхүү зөрчилд холбогдуулан Б сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б/98 тоот захирамж гаргаж надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Өөрөөр хэлбэл дээрх асуудалд холбогдуулан ажил олгогч надад сахилгын шийтгэл ногдуулсан учраас тухайн үед уг асуудалд цэг тавигдсан гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэсэн хуультай учраас энэ асуудалд холбоотой хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийд өнгөрсөн гэж бодож байна. Энэ нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдож байгаа.

Миний бие 2013 онд Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн төсөвт өр төлбөр үүсгэж, илүү орон тоо гаргаж хүн ажиллуулж байгаагүй юм. Тухайлбал,  өр төлбөр гарсан тухай санхүүгийн хяналт шалгалт явуулдаг аливаа эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад хийсвэрээр төсөвт өр төлбөр үүсгэсэн гэсэн нь үндэслэлгүй юм.  Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоолд тус тус зааснаар аймгийн Засаг дарга хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг баталдаг журамтай. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” А/17 дугаар захирамжаар Б сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 17 орон тоогоор баталсан ба уг 17 орон тоонд  хамаарахгүй Засаг дарга, түүний орлогч, галч, манаач зэрэг орон тоотой нийлж 22 /17+5/ хүний бүтэц, орон тоотой ажиллуулахаар  шийдвэрлэсэн.

  Миний бие Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхад уг аймгийн Засаг даргын захирамж болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг тус тус баримталж мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу сумын Засаг даргатай зөвшилцөж байгаад 2016 онд Б сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 21 хүн байхаар бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон тухай 01 тоот тушаал гаргаж байсан.   Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 онд гаргасан албан бичгээр бүх сумын Засаг дарга нарт хандаж 2016 оны төсвийн тодотголын тухай чиглэл хүргүүлсэн. Мөн үүнтэй холбоотой аймгийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор цалингийн төсвийг 21.5 хүн ажиллахаар баталсан юм. Ийнхүү аймаг, сумын Засаг даргаас 21.5 хүн ажиллуулахаар баталж өгсөн төсвийг хэмнэж, миний бие 21 хүн ажиллуулсан байгаа. 

Гэтэл ажил олгогч энэхүү нөхцөл байдлыг сайтар хянаж шалгаж үзэхгүйгээр хийсвэрээр буюу намайг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц орон тооны стандартыг зөрчиж илүү орон тоо бий болгон ажиллуулж, цалингийн санг хэтрүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэл муутай болсон, нөгөө талаар ажил олгогч /хариуцагч/ намайг цалингийн санг хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй юм.

Гуравдугаарт, хариуцагч маань 7.640.486 төгрөгийн төсөв хэрүүлсэн мэтээр тайлбарласан ба уг мөнгөний 5 854 106 төгрөг нь хувь хүний орлогын албан татвар бөгөөд уг өглөг нь он дамжсан, тодруулж хэлэхэд 2014 оноос үүссэн өөр бөгөөд 2014 онд Засгийн газраас төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тухайн онуудад батлагдсан цалингийн төсөв хүрэлцээгүйн улмаас үүссэн өр юм. 2014 онд Засгийн газраас тогтоол гарч төрийн албан хаагч нарын цалин хөлсийг нэмсэн мөртлөө, нэмэгдсэн хэмжээгээр цалинг тавьж олгоогүй учраас тухай үед өр гарсан юм. Эдгээр өр нь анх 2014 онд 3.6 сая төгрөг, 2015 онд 4 956 613 төгрөг, 2016 онд 5 854 106 төгрөг болж өссөн ба  шалтгааныг нь аймгийн Аудитын газраас шалгаж, төсөв хүрэлцээгүйтэй холбоотой, он дамжсан өр  байсан учраас  төсвийн шууд захирагч надад хамааралгүй гэж үзэж аудитаас 2015, 2016 онуудад санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн юм. 1 288 555 төгрөг нь тухайн оны тээврийн хэрэгслийн шатахуунаас үүссэн өр бөгөөд энэ нь 2016 оны тээврийн хэрэгслийн шатахууны зардлаас аймгийн  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор таналт хийж, цалингийн санд шилжүүлснээс үүдэн үүссэн өр юм. 806 291 төгрөг нь Засаг даргын Тамгын газрын дотоод нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчаар ажиллаж байсан Ш.Жийн ээлжийн амралтын мөнгө байна. Уг ээлжийн амралтын мөнгө нь төсөвт тусгагдсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба 2016 онд төсөв батлахдаа цалингийн санг дутуу баталж ирүүлсэн болно. 

Тодруулбал, тус сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвийг батлахдаа цалингийн санг анх 149 543 600 төгрөгөөр батлагдаж ирсэн ба аймгийн ИТХ-ын 10 дугаар сарын 07-ны өдрийн “Орон нутгийн төсөв батлах тухай” 08 тоот тогтоолоор манай сумын ЗДТГ-ын цалингийн төсвийг 158 190 200 төгрөг болгож тодотгосон юм. Үүнээс гадна Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дутуу санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай 39 дүгээр тогтоолоор 4.522.751 төгрөгийг олгох тухай шийдвэр гарч, уг мөнгө нь Б сумын Засаг даргын Тамгын газрын  2016 оны 12 дугаар санхүүжилтэд нэмэгдсэн юм. Б сумын Засаг даргын Тамгын газрын  2016 оны бүтэц, орон тоо 21.5, цалингийн сан 149.543.600 төгрөг байсан бол 2017 онд мөн 21.5  орон тоогоор батлагдсан боловч цалингийн сан 170.481.900 төгрөг буюу 22 сая гаруй төгрөгөөр илүү батлагдаж ирснээр 2016 оны цалингийн сан дутуу батлагдаж ирснийг нотолж байна. Төсөвтэй холбоотой асуудал нь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ө, аймгийн Аудитын газрын аудитор  Ү, Б сумын Засаг даргын Тамгын газрын ня-бо Б нарын гэрчийн мэдүүлэг,  аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/2905 орон нутгийн төсөв хүргүүлэх тухай албан бичиг, аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 1-01/332 тоот албан бичгүүдээр давхар нотлогдож байгаа юм. Дүгнэж хэлэхэд, Б сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын цалингийн сан дутуу батлагдаж ирсэн ба миний бие төсвийн шууд захирагчийн хувьд дотоод бүх нөөц боломжуудыг ашиглан тухайн төсвийн жилийн эцэст аль болох алдагдалгүй гаргахыг хичээж ажиллаж ирсэн гэдгийг хэлмээр байна. Миний бие маргаан бүхий дээрх захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд: “...гомдолтой холбоотой маргааныг тус салбар зөвлөлөөс хянан шалгах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр өгсөн юм.

Иймд Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай захирамжийг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 10 129 104  төгрөгийн цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: 

Нэхэмжлэгч М нь Б сумын Засаг дарга намайг үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан, хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсан хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Сумын Засаг дарга миний бие М-ийг үзэл бодол, хувийн харьцааны асуудлаас болж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд  Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдсон учир Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр ажлаас халсан болно. 

Нэхэмжлэгч Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанаас эхэлж өр төлбөр үүсгэж илүү орон тоо гаргаж хүн ажиллуулж байгаагүй гэжээ. 

Гэтэл нэхэмжлэгч ажилласан хугацаанд 14 460 054 төгрөгийн өр төлбөр үүсгэж, аймгийн нийгмийн даатгалын санд олгохоор болсон нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 тоот шийдвэрээр батлагдаж байгаа бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

Шүүхээс гарсан энэхүү шийдвэрийг давж заалдаагүй  ба хүлээн зөвшөөрч үүссэн хохирлыг малын эмч нараас нэхэмжлэх хэлбэрээр шүүхэд Засаг даргын Тамгын газрын дарга асан М нэхэмжлэл гаргаснаар  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн 001/ХТ2016/01035 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж өр төлбөр үүсгэсэн явдалд Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М буруутай болох нь тогтоогдож сумын Засаг даргын Тамгын газрын дарга М-ийн буруутай үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг Б сумын нэр бүхий малын эмч нар бус, Б сумын Засаг даргын Тамгын газар хариуцаж төлөх болж байна. 

Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан М нь өөрийн гэм буруутай үйлдлээс болж сумын Засаг даргын Тамгын газарт 14 460 054 төгрөгийн өр төлбөр үүсгэж шүүхийн шийдвэр гарч уг өр төлбөрийг Б сумын Засаг даргын Тамгын газар төлөх учиртай болохыг Засаг дарга Б миний бие Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1602 тоот мэдэгдэх хуудсыг хүлээн авсан үед мэдсэн тул Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М-д хариуцлага тооцсон явдал хуулийн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэж байна. 

М нь Б сумын Засаг даргын  Тамгын газрын даргаар ажиллаж байхад 2016 онд Засаг даргын Тамгын газрын батлагдсан  бүтэц орон тооны стандартыг зөрчиж илүү орон тоо бий болгож ажиллуулаагүй, цалингийн санг хэтрүүлээгүй гэж маргажээ. Гэтэл Б сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвөөр цалингийн сан нь 197 999 632 төгрөгөөр батлагдсан боловч тухайн оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар 205 640 100 төгрөг болж батлагдсан төсөв 7 640 468 төгрөгөөр хэтэрсэн байна. 

Энэ нь Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд батлагдаагүй “дотоод нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч” гэж илүү орон тоо буй болгож ажиллуулсантай шууд хамааралтай болох нь төрийн сангийн төлөөлөгч болон Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нарын тодорхойлолт, 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар батлагдаж байна. 

Нэгэнт Засаг даргын Тамгын газрын дарга М-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Засаг даргын Тамгын газарт 14 460 054 төгрөгийн өр төлбөр үүссэн нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 тоот шийдвэр, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай гүйцэтгэх хуудас, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1602 тоот албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн  001/ХТ2016/01035 тоот тогтоол зэргээр батлагдаж байгаа. Иймд М-ийн нэхэмжлэлд дурдсанчлан эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. 

Монгол Улсын хэмжээнд сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны стандартад байдаггүй “дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч” нэртэй орон тоо бий болгож Засаг даргын Тамгын газрын орон тоо бүтцийн стандартыг зөрчсөн. Уг орон тоонд найз нөхдийн дотнын харилцаатай С.Ан эхнэр Ш.Жийг авч ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн акт гаргахыг хориглосон заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан байна. 

Иймд М-ийн гаргасан сахилгын зөрчил нь хөтөлбөргүй нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж чанар хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Тэрээр хууль бус ажиллагааны улмаас их хэмжээний өр төлбөр үүсгэж төсвийн алдагдалд учруулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: 

Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал эрхэлж байсан М нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан хугацаанд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д заасны дагуу төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг хатуу мөрдлөг болгон ажиллах, 6.4.8-д заасан ...төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх... үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байсан. Гэтэл М нь Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанд их хэмжээний буюу 14 460 054 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн нь Сум дундын шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1035 тоот тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1602 тоот албан бичгээр нотлогдсон байгаа юм. 

Ингэж М-ийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанд их хэмжээний өр төлбөр үүсгэж төсөвт дарамт учруулсан явдал нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-д заасан үндэслэлээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Энэ талаарх Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-179 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

М нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхад 2016 оны Б сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан орон тоо стандартыг зөрчиж, илүү орон тоо бий болгож ажиллуулснаас болж батлагдсан цалингийн сан 197 999 632 төгрөг байхад 2016 онд төсвийн гүйцэтгэлээр цалингийн санд 205 640 100 төгрөг зарцуулж, 7 640 468 төгрөгөөр хэтрүүлсэн нь улсын хэмжээнд байхгүй орон тоо болох дотоод хяналтын нягтлан бодогч гэж батлагдаагүй орон тоо бий болгосон явдалтай холбоотой ба уг орон тоонд өөрийн хамаатан Ш.Жийг авч ажиллуулсан байна. 

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдах, авлага өр төлбөр үүсгэхгүй байх гэснийг зөрчсөн учир Төсвийн тухай хуулийн 6.6.1-д заасан төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага буюу дээд шатны төсвийг захирагчийн өмнөх хариуцлага хүлээдэг байх гэсэн хуулийн үндэслэлд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 тоот захирамж нийцэж байна. Мөн М нь Засаг даргын бүрэн эрхэд халдаж сахилгын шийтгэл ногдуулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/98 тоот хуурамч захирамж гаргуулан шүүх болон төрийн байгууллагыг хууран мэхэлснийг Тамгын газрын архивд байгаа 2014 оны Засаг даргын гаргасан захирамжийн бүртгэлийн  материалаар нотлогдож байна. 

Сумын Засаг дарга К.Ерболатын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан А/98 тоот захирамж нь сахилгын шийтгэл ногдуулах тухай биш асран хамгаалагч тогтоох тухай захирамж байсан нь архив бичиг хэргийн материалд байгаа бүртгэлээр нотлогдож байгаа нь хуурамч бичиг материалаар шүүхийн байгууллагыг төөрөлдүүлсэн ноцтой үйлдэл мөн гэж үзэж байна.

Иймд Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал эрхэлж байсан М-ийг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/179 тоот захирамжаар ажлаас халсан нь үндэслэлтэй учраас нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжанаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байна, үүнтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан шинжлэн судлуулсан  нотлох баримтуудаас үзэхэд  Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь үндэслэл муутай болсон нь дараах байдлаар нотлогдож байна. Тухайлбал, уг захирамжид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар 70.3,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2.4  дэх заалтууд болон хоёр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Энэхүү захирамжийн үндэслэлийг хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа хоёр үндэслэлээр тайлбар гаргаж байна. 

Нэгдүгээрт, төсвийн өр, төлбөр үүсгэсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, хоёрдугаарт, Засаг даргын Тамгын газрын баталсан стандартыг зөрчиж, илүү орон тоо бий болгож, цалингийн сан хэтрүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан учраас шийтгэл ногдуулсан гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалт байгаа ба Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлээс үзэхэд 70.3 гэсэн зохицуулалт байхгүй болох нь харагдаж байна. 70.3 гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад, үүгээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж хэлмээр байна. 

2015 оноос өмнө үйлчилж байсан Төсвийн тухай хуульд 70.3 гэсэн зохицуулалт байсан ба уг хуулийн зохицуулалт нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл болон 24.4-т заасныг зөрчсөн этгээдэд эрх бүхий албан тушаалтан төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах талаарх зохицуулалт байсан боловч энэхүү зохицуулалт нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон учраас хариуцагч энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталсан нь үндэслэл муутай болсон гэдгийг хэлмээр байна. 

Бүтцээр батлагдаагүй орон тоонд хүн авч ажиллуулаад 7 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэдэг асуудлыг хөндөж ярьсан бөгөөд өнөөдөр шинжлэн судалсан нотлох баримт болох аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/17 тоот захирамжаар Б сумын Засаг даргын Тамгын газрын ажиллах хүний нөөцийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Үүнтэй холбогдуулан 2015, 2016 онд тус сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж сумын Засаг даргын Тамгын бүтэц орон тоог баталж өгсөн байна. 

Үүнээс үзэхэд маргаан бүхий орон тоо буюу Ш.Жийн ажиллаж байсан орон тоо байгаа болох нь нотлогдож байна. Төсвийн шууд захирагч гэдэг нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч мөн, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч  байж,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллаж сумын болон аймгийн Засаг даргаас гаргасан захирамжийг  биелүүлэх ёстой.  2015, 2016 оны Засаг дарга нарын захирамжийг биелүүлж Тамгын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч М нь 2015, 2016 онд Ш. Жийг авч ажиллуулсан  нь хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна. Иргэн  Ш.Жийг авч ажиллуулснаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсгийг зөрчсөн гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа ба уг тайлбараар хамаарал бүхий этгээдийг авч ажиллуулсан гэх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь бас үндэслэлгүй юм. Хамаарал бүхий этгээд гэдгийг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д тодорхой зохицуулсан байдаг. Ш.Ж нь ажил олгогчтой хамаарал бүхий этгээд биш, өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад хамааралгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталсан нь үндэслэл муутай болох нь дээрх байдлаас харагдаж байна. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актад тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 191 тоот шийдвэрийг баримталсан ба энэ талаар хариуцагч тайлбарлахдаа 2014 онд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б сумын Засаг даргын Тамгын газарт акт тогтоосон байдаг. Үүнтэй холбогдуулан Сум дундын шүүхээс 14 460 000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай 191 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас байнга шаардаж ирсэн ба өнөөдрийн шүүх хуралдаанд жишээ болон хоёр албан бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж өгсөн юм. 

Эндээс үзэхэд Б сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар мэдэж байсан гэдгийн нотолж байгаа ба хуучин Засаг даргаар ажиллаж байсан К.Ерболатын гарын үсэгтэй баримт байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэх тохиолдлууд байдаг. Өөрөөр хэлбэл аливаа сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, гаргаснаас хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой. 2016 оны 12 дугаар сарын байдлаар Сум дундын 2 дугаар шүүхийн 191 тоот шийдвэрийг мэдэж байсан нь тодорхой бөгөөд бүтэн жил өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь өнөөдрийн байдлаар тогтоогдож байгаа. 

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “...  захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг тогтооно...” гэж заасан ба энэ ажиллагааг хийгээгүй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байгаа. Хэрвээ тухайн үед маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэхүү бодит байдлыг тогтоосон бол өнөөдөр маргаан гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б, К.Ерболат, Б.Үүрийнтуяа, Х.Өмирзах, Н.Мендигүл, н.Зангар нарын мэдүүлгээс үзэхэд, маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн 7 сая гаруй төгрөгийн өр, төлбөрийн талаар тодорхой хариулсан байдаг. Гэтэл эдгээр бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр эрх нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцуулахгүйгээр, түүний тайлбар, саналыг авалгүйгээр захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байна. Ийм зөрчлийн улмаас тухай маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үндэслэлтэй. Хэрэв тухайн үед нэхэмжлэгчийн саналыг сонсож, зөрчлийн талаар танилцуулсан байвал бүх нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан юм. Эрх, үүргийг тайлбарлах тухай зохицуулалт байгаа боловч эрх, үүргийг тайлбарлаагүй байна. Өнөөдөр шүүх хуралдаан нэгэнт явагдаж байгаа учраас захиргааны актад үндэслэл болгосон асуудлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Тухайн сумыг хариуцсан аудитор Б.Үүрийнтуяагийн мэдүүлэг, Засаг даргын захирамжууд зэрэг баримтуудаар тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй болох нь огтоогдож байна. Дараагийн асуудал бол мөн адилхан төсөв хэтрүүлсэн гэх 14 сая гаруй төгрөгтэй холбоотой асуудал яригдаж байна. Хэрвээ хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан бол энэ нь нотлогдох ёстой байсан юм. Тодруулж хэлэхэд 2015 онд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  37, 39 дүгээр тогтоол гарсан байдаг. 

Нэхэмжлэгчийн зүгээс Б сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 14 сая гаруй төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөх болсонтой холбогдуулж эрх бүхий этгээдээс түүнд 2014 оны Б/98 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээлгсэн гэдгийг тайлбарласан байгаа. Харин хариуцагчаас ийм төрлийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарч байгаагүй, энэ нь иргэн н.Өскенбект асран хамгаалагч тогтоосон захирамж байж магадгүй гэж маргаан үүсгэсэн ба үүнтэй холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нотлох баримтыг цуглуулсан юм. Гэрч А, Б нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл авсан нь тогтоогдож байна. Харин н.Өскенбект асрамж тогтоосон асуудал бол 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн асуудал байсан гэдгийг хэлмээр байна. Тухайн үед тус сумын Засаг даргаар Е ажиллаж байсан ба Е нь шүүхэд хэд хэдэн удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх асуудлыг тодорхой хэлсэн учраас Сум дундын шүүхийн 2015 оны 191 тоот шийдвэртэй холбоотойгоор 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцлага тооцож дууссан гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэг зөрчилд нэг л удаа хариуцлага хүлээлгэнэ гэснийг хариуцагч зөрчсөн болох нь нотлогдож байна. 

Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага нь цалин хөлстэй холбоотой ба цалингийн тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч сард 1 097 107 төгрөгийн цалин хөлс авч байсан нь нотлогдож байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдөр хүртэл 9 сар 5 өдөр ажилгүй байгаа ба 9 сарын цалин хөлс 9 873 963 төгрөг, нэг хоногийн мөнгө 51.028 төгрөг, нийт цалин 10.129.104 төгрөг болж байна. Хэрэв үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд  нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага хангагдах ёстой, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний хувьд дараах хэд хэдэн зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн захирамжид баримталж, М нь өөртэй нь хамаарал бүхий этгээд болох Ш.Жийг ажилд томилсон гэж маргаж байгаа боловч энэ нь тогтоогдсонгүй. Мөн хариуцагч маргаан бүхий захирамжид хүчингүй болсон хуулийн заалт буюу Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталсан байдаг. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг захирамжид баримталж, ажилтныг буруутгаж байгаа боловч энэхүү үндэслэлийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй юм. Дээрээс нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримталж нэхэмжлэгчид 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчид урьд өмнө сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, авагдсан ч гэсэн сахилгын шийтгэлгүйд тооцогдсон юм. Хариуцагч маргаан бүхий захиргааны акт буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/179 тоот захирамжид 3-4 үндэслэлийг тусгасан боловч ихэнх нь үгүйсгэгдэж байгаа. Ш.Жийг байхгүй орон тоонд авч ажиллуулж төсөв хэтрүүлсэн гэх маргаанд холбогдуулан тайлбар хэлэхэд, нэхэмжлэгч М нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд тухайн байгууллагын бүтэц орон тоог батлагдсан орон тооны хязгаар, цалингийн сандаа багтааж ажиллуулснаар стандартыг зөрчсөн, өр төлбөр үүсгэсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Үүнээс гадна хариуцагч маргаан бүхий захиргааны актад Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталсан нь уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болно.Учир нь, сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн байх ёстой. 

2013 оны вакцины асуудлаар нэхэмжлэгчид 2016 онд хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан уг зөрчилд холбогдуулан тухайн үед ажил олгогч 2014 онд Б/98 тоот захирамжаар арга хэмжээ авсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “... Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна ...” гэж заасан ба нэг зөрчилд хоёр удаа сахилгын зөрчил ногдуулж болохгүй талаар Төрийн албаны тухай хуульд зохицуулаагүй учраас энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “... сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй ...” гэж тодорхой заасан байдаг юм. Нэхэмжлэгчийн гаргасан  нэг төрлийн зөрчилд өмнө нь нэг удаа сахилгын зөрчил ногдуулж, дараа нь ажлаас халах сахилгын шийтгэлийг давхар ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг ноцтой зөрчсөн үзнэ.

2016 оны төсөвт эрх бүхий этгээдээс 10 хувийн таналт хийснээс болж тухайн онд өртэй гарсан асуудал байгаа, үүнийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь төсвийн шууд захирагчтай холбоотой асуудал биш гэж бид маргаж байгаа ба энэ нь тухайн байгууллагад хяналт шалгалт хийсэн аудитор болон бусад хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Харин ч 2016 онд тус сумын Засаг даргын Тамгын газар нь аудитын шалгалтаар  зөрчилгүй  санал дүгнэлт авсан байдаг юм. Дараагийн асуудал бол 2016 оны 12 дугаар сард М-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан ба энэ үед тухайн байгууллагад хяналт шалгалт хийгдээгүй, ямар нэгэн акт тогтоогдоогүй байсан байна. Гэтэл нэхэмжлэгчийг төсвийг хэтрүүлсэн, зүй бусаар зарцуулсан гэж ажлаас халсан асуудал нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч М нь ажлаас халагдаж ажил хүлээлцэх үед энэ жил ямар нэгэн өргүй гарах бүрэн боломжтой, өртэй гэж байгаа асуудал нь он дамжсан өр, дээрээс нь төсвийн таналт хийснээс болж үүсэн өр гэдгийг тодорхой тайлбарлаж хурлын тэмдэглэлд тусгуулсан байдаг юм. Нэг зүйлийг онцгойлон тайлбарлаж хэлэхэд, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хэдийд илрүүлсэн  тухайн үедээ арга хэмжээ авна гэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д нийцэхгүй байна. Учир нь аливаа зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах талаарх зохицуулсан болохоос тухайлбал 3 жилийн дараа арга хэмжээ авна гэсэн ойлголт биш юм. Мөн хариуцагч Б хувьд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа нэг сарын дотор арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг нэг сарын хугацааг хүртэл хэтрүүлсэн асуудал байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоол болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч байсан гэж удаа дараа хариулсан байна. Үүнээс үзэхэд 3 сарын дараа арга хэмжээ авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа нь давхар нотлогдож байна. Тийм учраас мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч М-ийг хариуцагч тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан эрхийн акт гаргасан байна. Энэхүү актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хуулийн хугацаанд харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх боловч  дараах үндэслэлээр шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломж байхгүй гэж үзэж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд М нь тус сумын Засаг даргын Тамгын  газрын даргаар томилогдон ажиллаж байсан хугацаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан сахилгын зөрчил гаргасан уу гэдэг асуудлыг хөндөж тавих нь зүйтэй байна. Эхлээд сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил гаргасан явдал нь тогтоогдсон нөхцөлд ажил олгогч буюу сумын Засаг дарга Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийн зохих заалтуудаар сахилгын шийтгэл ногдуулах ёстой. 

Тэгвэл ажил олгогч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М-ийг сахилгын шийтгэл ногдуулах журмаар ажлаас чөлөөлөхдөө ямар зөрчлүүдийг сахилгын зөрчил гэж үзсэн асуудалд тогтоож ярих нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын  тайлбаруудыг иш үндэслэл болговол Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан хугацаанд Сум дундын шүүхийн 191 тоот шийдвэрээр 14 460 000 төгрөгийн өр үүсгэж, төсөвт хохирол учруулсан нь үндэслэлээр чөлөөлсөн байна. Энэ үндэслэлийн талаар тайлбарлахад, нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М  нь  сайн дурын үндсэн дээр биелүүлээгүйн улмаас тухайн үеийн нэршлээр Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 191 тоот шийдвэр гарч уг 14 сая төгрөгийг Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулахаар шийдвэрлэсэн  байна. Уг шүүхийн шийдвэрийг тухайн үед тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М нь энэ хэргийн хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газар биш гэсэн үндэслэлээр харьяаллын дагуу Увс аймгийн сум дундын шүүхэд гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн шүүхээс татгалзаж, Увс аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 330 тоот шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 1035 тоот тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн байна. М нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанд төсөвт өр үүсгэсэн асуудал нь  Төсвийн тухай хуулиар зохицуулагдах учиртай. Учир нь, Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө тухайн сумын төсвийн шууд захирагч бөгөөд сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч юм. 

Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг удирдах эрхтэй. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийн шууд захирагч нь төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.8 төсвийг зохистой удирдаж авлага өр, төлбөр, үүсгэхгүй байх үүрэгтэй гэж заасан ба  нэхэмжлэгч М  нь ажилласан  хугацаанд шүүхийн шийдвэрээр 14 сая төгрөгийн өр үүсгэсэн төсвийн шууд захирагчийн үйлдэл холбогдол нь шат шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1035 тоот тогтоолоор тус тус батлагдаж байна. Энэхүү 14 сая төгрөгийн өр үүсгэсэн асуудал нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасан төсөвт өр, төлбөр үүсгэхгүй байх гэсэн үүргийг зөрчсөн явдал мөн байна. Энэхүү М-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тус сумын Засаг даргын Тамгын газарт учруулсан өр, төлбөр нь өнөөдөр хүртэл төлөгдөхгүй явж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хугацааны талаар түүний өмгөөлөгчид нар хөндөж байна. Юуны түрүүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий асуудлын талаар тайлбар хийх нь зүйтэй байна. 

Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Б сумын Засаг даргын Тамгын газраас 14 сая төгрөгийн өрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг зөрчилд холбогдуулан тус сумын  Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хугацаанд М нь Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 тоот захирамжаар арга хэмжээ авахуулсан гэж тайлбарлаж байгаа боловч А/98 тоот захирамж 2014 онд гарсан байдаг. Гэхдээ 14 сая төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг тогтоосон шүүхийн шийдвэр 1 жилийн дараа гарсан байна. Харин зөрчил илрэхээс өмнө Засаг даргын Тамгын газрын даргад авсан арга хэмжээг энэхүү зөрчилтэй хамааруулан ойлгож болохгүй, өмнө нь гаргасан зөрчилд арга хэмжээ тооцсон байх магадлалтай. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр эсэх асуудлыг тогтоосон шүүхийн шийдвэр 2015 онд гарсан байдаг.

2015 оноос өмнө хэдэн удаа арга хэмжээ авахуулсан нь энэ зөрчилд хамааралгүй гэж үзэх асуудал үүсэж байна. Зөрчил гаргасан, зөрчлийг илрүүлсэн гэх хуулийн зохицуулалтын талаар тайлбар хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 26.4  сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна. Гэтэл ажил олгогч буюу сумын Засаг дарга Б нь өөрөө 2016 оны 10 дугаар сард томилогдсон бөгөөд түүнээс өмнө 2015 оны шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдэх хуудасны нэг нь М-ийн өөрийн нэр дээр хаяглагдсан, нөгөө албан бичиг нь төрийн сангийн төлөөлөгчид хаяглагдсан гэж нотлох баримт судлуулах шатанд шүүгч уншиж танилцуулсан юм. Тэгэхээр төрийн сангийн төлөөлөгчид хаяглаж мэдэгдэх хуудас өгсөн явдлыг ажил олгогч энэ талаар яагаад мэдэж болохгүй вэ, сахилгын арга хэмжээ аваагүй гэж буруутгаж болохгүй. Учир нь, төрийн сангийн төлөөлөгч уг мэдэгдэх хуудсыг өөрөө хадгалж байсан уу, тухайн үеийн Засаг даргад мэдэгдсэн үү гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох боломжгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргад хаяглагдаж ирүүлсэн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг төлүүлэх талаарх мэдэгдэх хуудсыг сумын Засаг дарга мэдэх ёстой гэж үзэх мөн боломжгүй юм. Надад тийм бичиг ирсэн гэж М Засаг даргад танилцуулахгүй болох нь тодорхой асуудал учраас уг асуудлаар сумын Засаг дарга Б-г буруутгаж байгаа нь бодит байдал нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б сумын Засаг даргад хаяглагдсан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1602 тоот албан бичгээр А.Бадамсамбуу дарга хандсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мэдэгдэх хуудсыг хүлээн авсны дараа шууд арга хэмжээ тооцсон нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Энэхүү маргаан нь хариуцагч талын гомдлоор хяналтын шатны шүүх хүртэл очиж эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2 сарын дараа хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын гарт ирдэг болохыг бид бүхэн сайн мэдэж байгаа. Хяналтын шатны шүүхийн тогтоол нь сарын дараа ирсэн гэж үзэхэд ч  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн байж таарах юм. Увс аймгийн шүүхээс баталгаат шуудангаар ирсэн тогтоолыг бид 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан байдаг юм. Ийм учраас сахилгын шийтгэл ногдуулахад ямар нэгэн хугацаа хэтэрсэн асуудал байхгүй байна. Хариуцагч талаас М-д уг зөрчилд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж арга хэмжээ авсан учраас дараа нь Б дахиад арга хэмжээ авсан нь давхардсан гэж тайлбарлаж байна. Өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлж байгаа нэхэмжлэгч М нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар хэрхэвч  зохицуулахгүй. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд  нэг зөрчилд нэг удаа арга хэмжээ авах тухай зохицуулалт байхгүй байна. Зөвхөн нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч 14 сая төгрөгийн хохирол гаргасны төлөө түүнд сумын Засаг даргын захирамжаар арга хэмжээ авсан явдлыг буруутгах боломж байхгүй байна. 

Хоёрдугаарт, зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоосон 14 сая төгрөгийн зөрчлийн хүрээнд ажлаас халсан гэж ойлгож болохгүй юм. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан хавтаст хэрэгт  авагдсан байх ба тухайн жилийн өглөг 7.948.000 төгрөг, цалингийн хэтрэлт 7 сая төгрөг гарсан бөгөөд энэ нь М Тамгын газрын даргаар ажиллаж байсан хугацаанд төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан  төвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар ашиглаж чадаагүй гэдгийг илтгэж байна. Энэ нь 14 сая төгрөгөөс гаднах зөрчил байх бөгөөд энэ зөрчлийг тайлангаар нотлохоос гадна хавтаст хэрэгт авагдсан аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны 2014, 2016, 2016 онуудад Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтад хийсэн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Х.Хайратханы танилцуулгаар нотлогдож байгаа юм. Тухайн сумын төсвийн шууд захирагчаар М гуай ажиллаж байсан хугацаанд төсвийн тайлангаар төсвийн өр үүсгэсэн нь тогтоогджээ. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг баримталсан нь үндэслэлгүй, уг зүйл аль хэдийд хүчингүй болсон гэж маргаж байна. Уг хуулийн заалтыг баримтлахаас илүү  Төсвийн тухай хуульд зохицуулсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан уу гэдэгт анхаарлаа тавих хэрэгтэй. Нэгэнт төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа М нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж тус сумын Засаг даргын Тамгын газраас 14 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөх өр үүсгэсэн, мөн төсөвт 7 сая төгрөг, цалингийн хэтрэлтээр 7 сая төгрөгийн өр, төлбөр үүсгэсэн явдал нь тухайн жилийн санхүүгийн тайлангаар батлагдахаас гадна улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтын актаар давхар нотлогдож байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт уг хуулийн аливаа заалтыг зөрчсөн байвал хариуцлага хүлээнэ гэсэн зохицуулалттай байгаа. Тодруулж хэлэхэд, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “... энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг биш байвал Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ ...” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь одоохондоо гэмт хэрэг биш юм шиг байна. Тийм учраас Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно гэсэн зохицуулалтын дагуу уг хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын захирамжийг буруутгах үндэслэл байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “ ... энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй ...” гэж заасан байх тул сахилгын шийтгэлүүдийн төрлийг дэс дараалан хэрэглэх, эс хэрэглэх асуудал нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал учраас үүгээр хариуцагчийг буруутгах боломж байхгүй, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос өөр гарц байхгүй гэж ойлгож байна гэв.                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б-179 дугаартай захирамжаар  нэхэмжлэгчийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Уг захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 191 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/01035 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн тус аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1602 дугаартай албан бичгийн дагуу гэх үндэслэлээр нэхэмжлэгч М-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2,13.1.3,13.1.11, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7, 6.6.1-д заасныг тус тус зөрчиж, төсөвт өр үүсгэсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц, орон тооны стандартыг зөрчиж илүү орон тоо бий болгон ажиллуулж, цалингийн санг хэтрүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад дурьдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар тайлбарлахдаа  М нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанд 14 460 054 төгрөгийн өр үүсгэж, нийгмийн даатгалын санд төлөхөөр болсон нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 191 дугаартай шийдвэрээр батлагдсан, 2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсөв 197 999 632 төгрөгөөр батлагдахад төсвийн гүйцэтгэл 205 640 100 төгрөг болж, батлагдсан төсвийг  7 640 468 төгрөгөөр хэтрүүлсэн, Монгол Улсын хэмжээнд сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц , орон тоонд байдаггүй “дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч” нэртэй орон тоо бий болгож, Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны стандартыг зөрчсөн, уг орон тоонд найз нөхдийн дотны харилцаатай С.Ан эхнэр Ш.Ж гэгчийг ажиллуулж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн акт гаргахыг хориглох заалтыг зөрчсөн гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдол нь түүнд 26.1-д зааснаар 26.1.1-26.1.3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах үндэслэл болдог.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар, харин Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан ба хариуцагч талаас хуулийн энэхүү зохицуулалтуудын аль алийг баримтлаж нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан бол шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг хүчингүй болсон гэж маргасан байна. 

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар  өөрчлөн найруулснаар 70 дугаар зүйлийн 70.1-д энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж зааж,  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай уг хуулийн 2 дугаар зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж,  хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж заасныг  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрднө гэж өөрчилсөн.

Түүнчлэн 2015 оны Зөрчлийн тухай уг хуулийг 2017 оны 05 дугаар 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тоцсоон ба мөн өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөнө гэж зааснаар  нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан 2015 оны 12 сарын 04-ний өдрийн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөөгүй буюу сахилгын шийтгэл ногдуулах талаарх хуулийн 70 дугаар зүйлийн  70.3 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын маргаан үндэслэлгүй байна.

           Төсвийн тухай  хуулийн 70.3-т заасан  энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан хугацаанд  14 460 054 төгрөгийн өр үүсгэж, нийгмийн даатгалын санд төлөхөөр болсон болон 2016 оны цалингийн батлагдсан төсвийг  7 640 468 төгрөгөөр хэтрүүлж мөн хуулийн 6.4.7, 6.6.1-д заасныг зөрчсөн, харин 24.4-т заасантай холбоотой маргаан байхгүй, захирамжийн үндэслэлд хуулийн уг заалт хамааралгүй гэж хариуцагчаас тайлбарлажээ.

Нэхэмжлэгч М нь 14 460 054 төгрөгийн өр үүсгэж, сумын Засаг даргын Тамгын газраас нийгмийн даатгалын санд төлөхөөр болсон зөрчил гаргасан гэх маргааны тухайд:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаар улсын байцаагчийн актаар 2013 онд шүлхий болон бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйлчилгээний хөлсөд бусдад олгосон цалингаас шимтгэл төлөөгүй гэх зөрчлийг илрүүлж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй орхигдуулсан гэх 45 904 934 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос  9 640 036 төгрөгийн шимтгэлийг  нөхөн төлүүлж,  4 820 018 төгрөгийн алданги ногдуулсан байх ба  нийт 14  460 054 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын сангийн дансанд оруулахыг Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М, нягтлан бодогч К.Байболат нарт үүрэг болгожээ. 

  Улмаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нийгмийн даатгалын санд төлөх уг 14 460 054 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сум дундын 2 дугаар шүүхэд  гаргаснаар тус шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Үүний дараагаар Б сумын Засаг даргын Тамгын газраас нэр бүхий 13 хүнд холбогдуулж, нийгмийн даатгалын санд төлөх нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт 14 460 054 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/01035 дугаартай тогтоолоор хэвээр батлагдаж, нэхэмжлэгч болох Б сумын Засаг даргын Тамгын газрын гомдлыг тус тус хангаагүй байна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 28 дугаар акт болон шүүхийн дээрх шийдвэрүүдээр Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга М нь  ажил олгогчийн хувьд Нийгийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 2013 онд шүлхий болон бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйлчилгээний хөлсөд бусдад олгосон цалингаас шимтгэл төлөөгүйн  улмаас хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу 14 460 054 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нийгмийн даатгалын санд төлөхөөр болсон нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч М нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан 2013 онд дээрх байдлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг зөрчсөн нь  төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасныг зөрчсөн үндэслэлд хамаарч, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд дээрх зөрчлийг илрүүлж, улмаар 14 460 054 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс нийгмийн даатгалын санд төлүүлэхээр тогтоосон 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаартай улсын байцаагчийн акт гарах үед томилох эрх бүхий этгээд болох тус сумын Засаг даргаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар нэхэмжлэгчид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ.

Б сумын Засаг даргаар Б аймгийн Засаг даргын 2016 оны 11  дүгээр сарын 21-ний  өдрийн Б/660  дугаартай захирамжаар томилогдсон байх ба хариуцагчаас Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 191 дугаартай дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдснээр нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт 14 0460 054 төгрөгийн өр үүсгэснийг аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1602 дугаартай албан бичгийг хүлээн авсан үед мэдсэн гэж тайлбарласан боловч энэхүү зөрчил нь 2013 оны зөрчил байгаагаас гадна уг зөрчилд эрх бүхий этгээдээс 2014 онд хуульд зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Б сумын Засаг даргын 2014 оны Б/98 дугаартай захирамж болон тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Е-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан өмнө нь хуулийн 26.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан уг зөрчилд 26.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг дахин ногдуулсан нь 26.1.1-26.1.3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг зөрчсөн гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдээс Б сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжаар асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчид мөн өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Б/98 дугаартай захирамж гараагүй, хуурамчаар үйлдсэн, захирамжийн тоон дугаар давхардсан гэх маргаанд дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүхээс нотлох баримт цуглуулах явцад Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаас гаргаж өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 дугаартай сумын Засаг даргын захирамж нь /эх хувь/   нэхэмжлэгч М-д дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс мөн  2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой асран хамгаалагч тогтоох тухай А/98 дугаартай сумын Засаг даргын захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

“Баримт бичгийн бүрдлүүд тэдгээрт тавих шаардлага” MNS 5140-2:2011 Монгол Улсын стандартад зааснаар байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргаж буй захирамжлалын баримт бичигт “А”  индексийг, боловсон хүчний чиглэлээр  гаргаж буй захирамжлалын баримт бичигт “Б” индекстэй бүртгэлийн дугаар  олгогддог байх ба 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/98 бүртгэлийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг тухайн үед сумын Засаг дарга К. Ерболат, харин “Асран хамгаалагч тогтоох тухай” А/98 бүртгэлийн дугаартай захирамжийг сумын Засаг даргын орлогч С.Мурат нар гаргасан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Б сумын Засаг даргаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой А/98, Б/98 бүртгэлийн дугаартай хоёр захирамж гарсан байх ба А/98 дугаартай захирамж нь асран хамгаалагч тогтоох тухай байсан нь сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/98 дугаартай захирамж гарсныг үгүйсгэхгүй юм. 

Түүнчлэн ажлын тухайн өдөр эрх бүхий этгээдээс  хэд хэдэн асуудлаар шийдвэр гарч болох бөгөөд дээрх захирамжуудын тоон дугаарыг давхардуулж олгож, баримт бичигт тавигдах стандартын шаардлагыг зөрчсөн нь сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа байх тул энэ нь М-д сахилгын шийтгэл ногдуулсан Б/98 дугаартай захирамжийг гараагүй гэж үзэх  үндэслэл болохгүй бөгөөд Б/98 дугаартай захирамж гарсан нь бусад байдлаар тогтоогдсон болно.

Тухайлбал гуравдагч этгээдээс сумын Засаг даргын 2014 оны А/98 дугаартай захирамжийг шүүхэд гаргаж өгөхөөс өмнө Б/98 дугаартай захирамжийн эх хувийг шүүхээс хуульд заасан журмаар сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаас шаардаж авсан, тухайн оны захирамжийн архивт үлдэх хувьд үзлэг хийхэд баримтын товъёогтод 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай захирамж нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тэргүүтэйгээр тэмдэглэгдсэн, уг захирамжид сумын Засаг дарга К.Ерболатын гарын үсэг зурагдаж, Б сумын Засаг даргын тамга дарагдсан, тухайн үед М-д сахилгын шийтгэл ногдуулсан болохыг томилох эрх бүхий этгээдээр ажилласан гэрч Е-ээс мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.

Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны стандартыг зөрчиж илүү орон тоо бий болгож ажиллуулсан гэх маргааны тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоолоор  5001-10 000 хүртэл хүн амтай суманд Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаар 17 байхаар тогтоосон байх ба уг тогтоолын дагуу Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан эрх бүхий этэгэдийн хувьд аймгийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/17 дугаартай захирамж гарч сумдын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоохдоо Засгийн газрын дээрх тогтоолд нийцүүлж  Б сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 17 байхаар тогтоож, орон тооны хязгаарт үл хамаарах албан тушаалыг Засаг дарга, Засаг даргын орлогч, байр ашиглалттай холбоотой галч манаач, үйлчлэгч зэрэг гэрээт ажилтан, түүнчлэн Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу нормативаар ажиллах нягтлан бодогч байхаар тодорхойлжээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй байна.

Б сумын Засаг даргын 2016 оны Б/01 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын 2016 оны А/17 дугаар захирамжаар тогтоосон Засгийн газраас баталсан орон тооны хязгаарт үл хамаарах ажлын байруудыг оролцуулж /гэрээт ажилтан болон бусад/  сумын Засаг даргын Тамгын газрын нийт орон тоог 21 орон тоогоор баталсан байх ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2016 оны төсвийг батлах тухай” 63 дугаартай тогтоол,   2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “2016 оны орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай” тогтоолоос үзэхэд Б сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны цалингийн төсвийг 21.5 орон тоотойгоор баталжээ.

Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын  /нэхэмжлэгч /  2016 оны Б/01 дугаартай тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 21 байхаар тогтоосон нь Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтааж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн, батлагдсан цалингийн санд багтааж Тамгын газрын орон тоог тогтоох тухай хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцсэн байна.

Хариуцагчаас сумын Засаг даргын Тамгын газрын орон тоонд “дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч” нэртэй илүү орон тоо баталсан гэж маргасан боловч уг орон тоо  анх Б сумын Засаг даргын 2015 оны Б/01, Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/01 дугаартай тушаалаар батлагдаж, уг ажлын байранд мөн оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай тушаалаар иргэн Ш.Жийг томилон ажиллуулжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ, 18.2-т дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага томилж болно гэж зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга болох нэхэмжлэгч М нь эрх бүхий этгээдийн хувьд  2015 онд Тамгын газрын орон тоог тогтоохдоо “дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагч” нэртэй орон тоо бий болгосон нь хуулийн дээрх заалттай нийцсэн, энэхүү орон тоог оролцуулахад 2016 оны байдлаар сумын Тамгын газрын нийт орон тоо дээрх байдлаар 21 байх тул энэ талаарх хариуцагч талын маргаан үндэслэлгүй байна. 

Түүнчлэн хариуцагчаас уг орон тоонд нэхэмжлэгчтэй найз нөхдийн дотны харилцаатай С.Ан эхнэр Ш.Жийг томилсон нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох заалтыг зөрчсөн нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болно гэж тайлбарласан.

Хуулийн 11.1-д заасан  албан тушаалтны өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээд гэдэгт  хуулийн 3.1.5-д заасан тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгох бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт  3.1.6-т зааснаар тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээд хамаарах бөгөөд  ашгийн төлөө үйл ажиллагаа гэдгийг 3.1.7-т зааснаар компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг ойлгох юм.

Иймд нэхэмжлэгчтэй найз нөхдийн харилцаатай гэх С.Ан эхнэр Ш.Ж нь  хуулийн 3.1.5-д заасан нэхэмжлэгчийн өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй байх тул сумын Засаг даргын Тамгын газрын дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчийн орон тоонд түүнийг томилсныг нэхэмжлэгч хуулийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзэх  үндэслэлгүй тул  хуулийн 29.2.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болно гэх хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий захиргааны актын энэхүү үндэслэл нь хууль бус байна.

2016 оны цалингийн батлагдсан төсвийг 7 640 468 төгрөгөөр хэтрүүлсэн гэх маргааны тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өмнөх оны буюу 2015 оны Б сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсвийн гүйцэтгэл 208 200 825 төгрөг байх ба 2016 онд эрх бүхий этгээдээс цалингийн төсөвт 197 034 000 төгрөг баталсан буюу цалингийн төсөв дутуу батлагдсан зэрэг нь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/332 дугаартай албан бичиг, гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө, аудитор Ү,  тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б нарын мэдүүлэг, аймгийн Хурлын 2015 оны 63, 2016 оны 08 дугаартай тогтоол түүний холбогдох хэсэг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан, санхүүгийн аудитын тайлангийн холбогдох хэсгээр  тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “б”-д заасан ...Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах бүрэн эрхийн хүрээнд  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны  37, 39 дугаартай тогтоолуудаар 2015 онд санхүүжилт дутуу олгогдсон гэх үндэслэлээр ажилчдын цалинд 4 532 600 төгрөг,  2015 оны Засаг даргын Тамгын газрын төлөгдөөгүй хувь хүний орлогын албан татварт /цалингийн/ 4 522 751 төгрөг, нийт 9 055 351 төгрөг батлагдаж, уг мөнгө 2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын цалинд зарцуулагдснаар, 2016 оны цалингийн төсвийн гүйцэтгэл 205 640 100 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Төсвийн гүйцэтгэлийн тайланд  2016 оны төсвийн төлөвлөгөө 197 999 632 төгрөг, төсвийн гүйцэтгэл 205 640 100 төгрөг, хоорондын зөрүү 7 640 468 төгрөгөөр тусгагдсан бол 2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан болон санхүүгийн аудитын тайланд 2016 оны цалингийн төсвийн төлөвлөгөө нь  200 588 132 төгрөг, төсвийн гүйцэтгэл 205 640 100 төгрөгөөр, хоорондын зөрүү нь  5 051 968 төгрөг байна.

Үүнээс үзэхэд сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсөвт анх 205 640 100 төгрөг батлагдаагүй байх ба сумын Хурлын 2016 оны 37,39 дугаартай тогтоолуудаар дээрх байдлаар 9 055 351 төгрөгийг цалингийн төсвийн хүрээнд зарцуулахаар шийдвэрлэсэн байх тул төсвийн төлөвлөгөө болон төсвийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн зөрүү болох 5 051 968 төгрөг, эсхүл хариуцагчийн гаргаж өгсөн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн тооцооллын дагуух  7 640 468 төгрөгийн зөрүү нь цалингийн төсвийн дутуу батлагдсан хэсэг байна.

2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсвийн төлөвлөгөөнөөс 5 051 968 төгрөг / 7 640 468 төгрөг/ ажилчдын цалинд илүү зарцуулагдсан  байгаа ч цалингийн төсөвт шаардлагатай энэ хэсгийн дутуу санхүүжилтийг эрх бүхий этгээд болох сумын Хурлын байгууллагаас дээрх байдлаар шийдвэрлэснээр цалингийн төсвийн гүйцэтгэл 205 640 100 төгрөг байгааг энэ хэмжээний төсвийг эрх бүхий этгээдээс баталж өгсөн гэж үзэхээр байна. 

Төсвийн шууд захирагчийн хувьд нэхэмжлэгч М нь уг төсвийг тухайн зориулалтаар нь  зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба   2016 оны сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн аудитын тайлангаар аймгийн болон сумын Хурлын байгууллагаас баталсан цалингийн төсвийг 7 640 468 төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, анх цалингийн төсөв дээрх хэмжээгээр дутуу батлагдсанд нэхэмжлэгч буруугүй байх тул хариуцагчийн энэ талаарх маргаан мөн үндэслэлгүй байна.

Харин хэрэгт авагдсан Б сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитийн шалгалтын холбогдох хэсгээр  сумын Засаг даргын Тамгын газрын гаргасан алдаа зөрчлийн дүн 7 948 900 төгрөг байх ба үүний 5 854 106 төгрөг нь цалингийн төсөв дутуу батлагдсантай холбоотойгоор  2014 оноос хойш үүссэн хувь хүний орлогын албан татварт төлөх өглөг болох нь,  тээвэр шатахууны зардлыг эрх бүхий этгээдээс 10-80 хувийн таналт хийж бууруулан төлөвлөсөнтэй холбоотойгоор төсөв хүрэлцээгүйгээс тухайн зардлаас 1 288 550 төгрөгийг өр  үүссэн нь, ажилтны ээлжийн амралтад олгогдох 806 291 төгрөг олгогдоогүй нь зөрчилд тооцогдсон нь хэрэгт авагдсан сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болох өглөгийн тайлан, гэрч аудитор Ү, сумын Засаг даргын Тамгын газрын ня-бо Б, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/2905 дугаартай албан бичиг  зэргээр тогтоогдож байна.

Эдгээр зөрчлүүдээс 806 291 төгрөгийн ажилтны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй гэх зөрчил нь нэхэмжлэгч ажлаас халагдсаны дараах зөрчил буюу нэхэмжлэгчид холбогдолгүй байх ба бусад зөрчлүүд буюу цалингийн болон тээвэр шатахууны зардалд дээрх байдлаар өр үүссэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”,  6.4.8-д заасан “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” заалтуудыг зөрчсөн үндэслэлд хамаарах боловч төсөвт өр үүссэн шалтгаан нь дээрх байдлаар төсөв дутуу батлагдсантай холбоотой байх тул энэ нь нэхэмжлэгчээс шалтгаалсан түүний буруутай үйл ажиллагаанаас хамаарсан зөрчил биш байна гэж дүгнэлээ.

Иймд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох мөн зүйлд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, дээрх төрлийн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Б сумын Засаг даргаас нэхэмжлэгчийг ажлаас халах тухай 2016 оны Б-179 дугаартай захирамжийг гаргахдаа дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 26.1, Төсвийн тухай хуулийн 70.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2.4-т заасантай тус тус нийцүүлээгүй нь  Засаг дарга эрх хэмжээний хүрээнд  хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг мөн зөрчсөн гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэгчийг түүний урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж  тооцон ажилгүй байсан хугацаанд оногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 10 103 584 төгрөгийг  Б сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт  илүү нэхэмжилсэн 25 520 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд урьд ажилласан хугацаанд нэг сард 1 097 107 төгрөгийн цалин хөлсийг авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүний ажилгүй байсан хугацааны олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар  ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор зааснаар хэрэгт авагдсан цалингийн талаарх нотлох баримтуудыг үндэслэн ийнхүү тооцоолж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн зүйлийн 26.1, 28.2.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 70 дугаар зүйлийн 70.3 /Төсвийн тухай хуулийн 70.3 дах заалт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, М-ийг Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 10 103 584 /арван сая нэг зуун гурван мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг Б  сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.520 /хорин таван мянга таван зуун хорин/  төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.РИЗА