Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 30

 

                                    Г.Дашдамбын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Бямбадоржид холбогдох

          “3.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.Дашдамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Дамдамба миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-нд Ганхуяг овогтой Бямбадоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан болно. Уг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ганхуяг овогтой Бямбадоржийн холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт нь хууль зүйн туслалцаа үзүүлж 2016 оны 02 дугаар сарын 19-нд шүүх хурал нь Өвөрхангай аймаг, Хархорин сум дахь Сум дундын шүүхэд болж Ганхуяг овогтой Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн болно. Шүүх хуралдаан болсноос хойш Ганхуяг овогтой Бямбадорж нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өдий хүрлээ. Иймд миний бие Ганхуяг овогтой Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч Г.Дашдамба нь Бямбадоржтой хамтран гэрээ байгуулж ажилласан болно. Уг гэрээнд  Г.Бямбадоржид холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж шүүх хурал нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд болж Г.Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Өмгөөлөгчийн хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн. Шүүх хуралдаан болсноос хойш Г.Бямбадорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдий хүрлээ. Иймд миний бие Г.Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Дашдамба өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Эрүүгийн болон иргэний хэрэг дээр хууль ёсны эрх ашигаа хамгаалуулах зорилгоор тохиролцож уг гэрээг хийсэн юм. Г.Дашдамба өмгөөлөгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Үүнд нь би 1.000.000 төгрөг өгсөн. Харин эрүүгийн хэрэг дээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.      

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгнөөс хариуцагч Г.Бямбадоржоос 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

               Хариуцагч Г.Бямбадорж давж заалдах гомдолдоо:

   Би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 239 дүгээр шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэрэгт буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйл нь ажил гүйцэтгэх гэрээ буюу захиалагчийн, өөрийн материалаар тодорхой нэг шинэ биет зүйлийг бий болгож өгсөн бол энэ хуулиар зохицуулагддаг. Харин нэхэмжлэгч Г.Дашдамба, хариуцагч Г.Бямбадорж нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ буюу иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

2.Хариуцагч үйлчилгээний хөлс болон үйлчилгээг дутуу үзүүлсэн гэж маргасан. Өмгөөлөгч Г.Дашдамбатай ээжийгээ хүчиндүүлсэн гэх хэрэгт шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн төрсөн ах Батгэрэл нь тэр үедээ хохиролд хэмээн өгсөн мөнгийг дүүгийн холбогдсон хэргийг ашигтайгаар шийдүүлснийхээ дараа шүүхээр дамжуулж буцааж нэхэхээр нь энэ хэрэгт өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шийдэж өмгөөлөгч Г.Дашдамбатай гэрээ байгуулан ажиллуулсан. Өөрөөр хэлбэл 2 тохиолдлыг буюу 1.Эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээн шалгуулахаар 2.Хохиролд хэмээн өгсөн мөнгө нэхэмжилсэн иргэний хэрэгт Г.Дашдамба өмгөөлөгчийг ажиллуулахаар хэрэг тус бүрийг нэг сая төгрөгөөр тохиролцсон байна. Хавтас хэрэгт авагдсан материал дунд хэргийн үйл баримтыг нотлох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн нэг өдөр хийсэн тус бүр нэг хуудастай 2 гэрээ байх бөгөөд нэг нь үйлчилгээний хөлсийг тусгаагүй нөгөө нь үйлчилгээний хөлсийг тусгасан байх боловч илүү дүнтэйгээр нөхөж бичсэн байдалтай засвар хийсэн буюу 3 сая төгрөг гэж гэрээндээ тусгасан заалтыг шүүх хэрэглэсэн нь учир дутагдалтай. Тус гэрээний 1.1 дэх заалтыг харвал туслалцаа үзүүлэгч тал нь иргэний болон эрүүгийн захиргааны бүх хэрэгт туслалцаа үзүүлнэ гэж тусгажээ. Мөн гэрээний 3.2 заалтаас үзвэл үйлчилгээний хөлсийг нэг сая төгрөгөөр тохиролцсон нь харагдаж байна. Талуудын дунд байгуулагдсан гэрээнд үзүүлэх үйлчилгээ хөлс зэрэг нь ойлгомжтой байх бөгөөд туслалцаа үзүүлэгч тал иргэний хэрэгт ажиллаад эрүүгийн хэрэгт огт ажиллаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд би иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасан үндэслэлээр туслалцаа үзүүлэгч талд хөлс төлөх үүргээс татгалзах эрхтэй. Шүүх анхнаасаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон заалт засвартай буюу гэрээний 3.1 заалтыг баримталсан, мөн талуудын дунд яг ямар гэрээ байгуулагдсаныг тодорхой болгоогүй, талууд ямар ямар ажлыг хийхээр тохиролцсоныг тодруулаагүй хөлс тохирсон тохироогүй гэрээнээс алийг нь шүүх хэрэглэх ёстой хэнийх нь үндэслэлтэй зэргийг тодорхой болгоогүй байхаас гадна шаардлагатай бол шүүх иргэний хуулийн 198 зүйлд зааснаар гэрээг тайлбарлах шаардлагатай байсан.

3.Энэ гэрээнд туслалцаа үзүүлэгч тал өмгөөлөгч Г.Дашдамба нь 11 сая 500 төгрөгний маргаанд 2 удаа шүүх хуралд ороод л 3 сая төгрөг авч байгаа бол энэ нь иргэний хуулийн 56.1.1 заалттай нийцэхгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл болно. Өөрөөр хэлбэл Өмгөөллийн хөлс хамгийн ихтэй нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй буюу үүнийг зах зээлд ингэж тогтсон байхаас гадна өмгөөлөгч бүр ийм л үнэ хэлдэг хүн бүр л ингэж ойлгодог. Иймд талуудын дунд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс нь зах зээлд тогтсон ханшнаас хэт өндөр буюу иргэний хуулийн 56.1.1 зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж болох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл 167.1.4-т заасан магадлалыг гаргаж өгнө үү гэжээ.    

           ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохицуулалтаар шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг.

Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдод хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгнө. Эрх, үүрэг тайлбарлан өгөх гэдэг нь хэргийн оролцогчид хуулийн хүрээнд ямар эрхтэй, ямар үүрэгтэйг нь тэдэнд мэдүүлэх гэсэн ойлголт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдах бөгөөд аливаа маргаан, түүнийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.       

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчид эрх үүргийг тайлбарлаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Г.Бямбадоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

                                  ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасугай.

 2. Хариуцагч Г.Бямбадоржийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                           Г.УЛАМБАЯР