Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 579

 

Б.Гэрлээхүүд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Б.Гэрлээхүүгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч С.Март, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Гэрлээхүүд холбогдох 201526022279 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Балбарын Гэрлээхүү, 1958 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Кореа Пансуу” ХХК-д захирал ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байрны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЕ58092070/,

Б.Гэрлээхүү нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээрх “Кореа Пансуу” компанийн үйл ажиллагааг зогсоон зориуд дампуурсанд тооцуулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж, шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Гэрлээхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, шүүхийн тогтоолыг санаатай биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрлээхүү нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ялыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулж,

шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.Март, түүний өмгөөлөгч М.Хандармаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнд Эрүүгийн хуульд зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ял оноосон бөгөөд Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль нь Б.Гэрлээхүүгийн хууль бус үйлдлийн улмаас маш их хохирсон тул Б.Гэрлээхүүд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна. Б.Гэрлээхүүг Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Б.Гэрлээхүүгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй байна. Учир нь Б.Гэрлээхүү нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Кореа Пансуу” ХХК-ийг дампууруулах хүсэлтээ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үйлдэл нь хариуцлагаас зайлсхийх, улмаар эд хөрөнгийн байдлаа нуун дарагдуулж байгаа нэг хэлбэр болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Гэрлээхүүд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Ялтан Б.Гэрлээхүүгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл болон ялын талаар давж заалдах гомдол гаргасан этгээд нь хуульд заасан эрх байхгүй этгээд гомдол гаргасан байна. Иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа учраас үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Б.Гэрлээхүүгийн хүсэлтээр өмгөөлөгч Н.Цэцэгмаа би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Урьд нь энэ хэрэг прокурор дээр 3 удаа хэрэгсэхгүй болж, сэргээгээд шүүх рүү шилжүүлсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьнаас оролцсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Үүнийг анхнаасаа хэрэг биш гэж үзсэн. Б.Гэрлээхүү нь хяналтын шатны шүүхийн тогтоолыг биелүүлсэн. Хийх ёстой ажил нь модон шалыг хуулсан байсан учраас өөрт байсан хамаг мөнгөө шавхаад эхнэрийнхээ автомашиныг зараад, ахаасаа зээл аваад 27.000.000 төгрөг зарцуулаад тухайн сургуулийн спорт танхимыг хогийг нь цэвэрлэж байгаад цементэлсэн. Иргэний нэхэмжлэгч С.Марта огт ажил хийлгэхгүй өөр компаниар шалаа үргэлжлүүлээд хийлгэчихээр Б.Гэрлээхүү тухайн ажлыг хийх боломжгүй болсон. Хүний хийсэн шалыг дахин хуулж аваад дахин шал хийж болохгүй. Мөнгөгүй болоод дампуураад шүүх дампуурсан тухай хэрэг үүсгэсэн. Үүнийг анхан шатны шүүх хуульд заасан эрхийнхээ дагуу дампуурлын хэрэг үүсгэсэн байна гэж дүгнэсэн. Тийм учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үздэг. Мөн Шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж шийдвэрлэх ёстой. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэсэн үг олж харахгүй байна. Дүр эсгэн бищлүүлсэн гэх үг байна. Үүнийг төсөөтэй хэрэглэж болохгүй байх. Дүр эсгэж биелүүлээгүй. Байгаа бүх боломжиндоо хийсэн ажил нь тэр. Тийм учраас шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд зааснаар нийцүүлбэл миний үйлчлүүлэгчийн холбогдож байгаа хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллагдагч Б.Гэрлээхүү нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээрх “Кореа Пансуу” компанийн үйл ажиллагааг зогсоон зориуд дампуурсанд тооцуулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж, шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ял сонсгон шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч Б.Гэрлээхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэн ял оногдуулсан байна. Ялтан Б.Гэрлээхүүгийн холбогдсон хэрэгт шалтгаан нөхцөл, ял шийтгэлийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх талыг шалгаж тогтоон Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэн ял сонсгосон. Хуульд зааснаар оногдуулах ялаас сонгон шүүх бүрэн эрхийн хүрээнд шүүхээс ял оногдуулсан, байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, нотлох баримтууд хангалттай бүрдсэн тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад энэ хэргийн иргэний нэхэмжлэгч 84 дүгээр сургуулийн төлөөлөгч С.Март, түүний өмгөөлөгч М.Хандармаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Гэрлээхүүд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэх талаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Харин Б.Гэрлээхүүд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнтэй холбогдуулан уг хуулийг ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх заасны дагуу хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь дүгнэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Б.Гэрлээхүү нь “Кореа Пансуу” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд тэрээр           2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 573 дугаар тогтоолоор “Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 576 м.кв бүхий биеийн тамирын спорт заалны шалны ажлыг гэрээнд заасны дагуу шинээр гүйцэтгэхийг “Кореа Пансуу” ХХК-д  даалгаж...” шийдвэрлэсэн байхад уг шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээрх “Кореа Пансуу” компанийн үйл ажиллагааг зогсоон зориуд дампуурсанд тооцуулж, эд хөрөнгөө нуун дарагдуулах зэрээр шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч С.Мартын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мэргэжлийн хяналтын газраас заалны шалны ажил шаардлага хангахгүй хийснийг тогтоогоод 3 шатны шүүхийн шийдвэр гарсан ба олон хүүхдийн эрх зөрчигдөөд байна гэж үзсэн. Гэтэл өнөөдөр Б.Гэрлээхүү гэж хүн анхнаасаа гэрээний дагуу шаардлага хангахгүй ажил хийсэн тул стандарт шаардлагаа хангаж хий гэдэг шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй. Олон удаа янз бүрийн байдлаар заалны шалны ажлыг хийх талаар хандаж байсан боловч үгүйсгэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Манай сургууль 15.5 сая төгрөгөөр, 4500 хүүхдийг сурах эрх тус тус хохироод явж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй явсаар ийм байдалд хүрлээ. Иймд манай сургууль өөр байгууллагад хандаж спорт заалны ажлыг хийлгэсэн. Анх Б.Гэрлээхүү модон шалан дээр нь хийнэ гэхэд нь болохгүй гээд байхад надаас зөрсөөд байгаад хийсэн нь хоёр ажил болоод байна. Иймд манай сургууль “Кореа пансу” ХХК-д шилжүүлсэн 15.8 сая төгрөгнөөс хийсэн ажлыг хасч 2.1 сая төгрөгийг хасч үлдэх мөнгийг буцаан олгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх2, х193/,

 “...2012 оны хавраас эхлэн “Кореа пансу” ХХК-ийн захирал Б.Гэрлээхүү гэх хүн барилгын дээвэр, биеийн тамрийн талбай заалны шал засварладаг гээд “танайд ийм ажил байна уу” гэж 2-3 удаа манай сургуульд хүсэлт ирүүлж байсан 2014 оны 5 дугаар сард Б.Гэрлээхүүд итгээд 84 дүгээр сургуулийнхаа биеийн тамирийн А, Б заалны шалыг засварлуулахаар тохиролцсон. Тэгээд манай сургуулийн биеийн тамирийн 8 багш, нягтлан бодогч Мөнхтайван, нярав Наранчимэг нарыг байлцуулан биеийн тамирийн заалны шалны засварыг хийх дараалал технологийн горимыг “Кореа пансу” ХХК-иас манайд ирүүлсэн 2 удаагийн үнийн саналыг үндэслэн тодруулж ярилцаад тухайн байгууллагаас ирүүлсэн үнийг зөвшөөрч нэг ч төгрөг хасалгүйгээр засварын ажлыг хийлгэх гэрээ хэлцэл байгуулсан. “Кореа пансу” ХХК ажлын дараалал технологийн горимоо баримтлаагүй, хямд материалаар чанаргүй гүйцэтгэсэн, хугацаандаа ажлаа дуусгаагүй, гэрээгээ зөрчиж байгаа талаар бид нарын зүгээс тавьсан шаардлагыг анхнаасаа хүлээж аваагүй, ажлаа дутуу гүйцэтгээд үлдэгдэл мөнгөө нэхэж дутуу хийсэн ажлаа хүлээж авахыг шаардаж гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймээс 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай сургуулийн зүгээс “Кореа пансу” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх талаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчын хоёр удаагиин дүгнэлт гарж “засварын ажил чанаргүй шаардлага хангахгүй болсон байна, барилгын хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд дээрх маргааны дагуу гурван шатны шүүхийн шийдвэр гарч “Кореа пансу” ХХК-ийг чанарын доголдолыг бүрэн арилгаж засварын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гарсан. Хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард Улсын дээд шүүхийн шийдвэр гарсанаас хойш “Кореа пансу” ХХК-ийн захирал Б.Гэрлээхүү иргэний үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай сургуулийн зүгээс хандсан. Гэвч Б.Гэрлээхүү нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж элдэв худал зүйл ярьж бичиг цаас ийш тийш өгсөөр 4 сар өнгөрсөн. Энэ хоёр хичээлийн жилийн турш 84 дүгээр сургуулийн 4200 гаруй хүүхдүүд биеийн тамирын хичээл, секц орох боломжгүй болж тэмцээн уралдаан зогсож сурах хөгжих эрх ашиг нь хохирч байна. Манай сургуулийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хохироохгүй чанаргүй гүйцэтгэсэн засварын ажлаа богино хугацаанд хийж гүйцэтгүүлэхийг “Кореа пансуу” ХХК-иас хүссэн. Гэвч тус байгууллагаас 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай сургуульд ирүүлсэн бичигээс үзэхэд зориулалтын бус будгаар биеийн тамирийн заалны шалны будгийг будсан “Эпокси” будаг байгаагүй мэтээр бичсэн нь анхнаасаа ашиг олохын тулд төрийн байгууллагыг хууран мэхэлсэн зориудын залилангийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж ойлгогдохоор байна.” гэх мэдүүлэг /хх1, х26-27/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Буянбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Улсын Дээд Шүүхийн 573 дугаар тогтоолоор 84 дүгээр сургуулийн 576 метр квадрат биеийн тамирын заалны шалны засварын ажлыг “Кореа пансу” ХХК-иар гэрээнд заасны дагуу шинээр гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргасан байсан. Тэгээд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс явуулсан. Б.Гэрлээхүү удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар хандаж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан. Манай байгууллагаас 84 дүгээр сургууль дээр очиж зааланд орж үзэхэд модон шалан дээр хавтан хадаад резенин будгаар будсан байсан ба уг шал хөдөлгөөн орсон байсан ба талуудыг байлцуулж уулзуулахад “Кореа пансу” ХХК-ийн захирал бетон цутгаж хийх талаараа зөвшөөрч байсан. Тэгээд шалаа цутгаж байгаад ажлаа хийхгүй орхисон тул сургуулийн зүгээс мэдэгдсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хаягийн дагуу мэдэгдлийг хүргүүлсэн боловч ажлаа хийж гүйцэтгээгүй тул холбогдох цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх2, х193/,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/01988 дугаартай шийдвэр /хх1, х38-40/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 713 дугаартай магадлал /хх1, х41-44/, Монгол Улсын Дээд шүүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх1, х45-47/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 3/38027 дугаартай мэдэгдэл /хх1, х48/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх1, х72-74/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х126-128/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны 102/ШШ2016/05958 дугаартай шийдвэр /хх2, х68-71/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Гэрлээхүүгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гэрлээхүүгийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1” болгон хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын үүднээс анхан шатны шүүх Балбарын Гэрлээхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цаг албадан ажил хийлгэх ялыг торгох ялаар солих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг “Тайж овогт Балбарын Гэрлээхүүг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрлээхүү нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ялыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гэрлээхүү нь торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний нэхэмжлэгч С.Март, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гэрлээхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ