| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0705/Э |
| Дугаар | 706 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 706
2019 12 03 2019/ШЦТ/706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
хохирогч Л.М ,
шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ын О-д холбогдох эрүүгийн 1910018420806 дугаартай, 187/2019/0705/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ..........тоотод оршин суух, урьд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж 2 жилийг хасаж эдлэх ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, Х овогт Г-ын О /РД:...............
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны АТБ задгайд байрлах гэрт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Л.М ийн нүүрэн тус газар цохиж биед баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхи хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны АТБ задгайд байрлах гэрт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Л.М тэй “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдан түүнийг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж түүний биед баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхи хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Г.О ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Л.М ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/
4. Хохирогч Л.М ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 6 дугаар сараас эхлэн Алтансувд гэх хүнтэй хашаа түрээслэн амьдарч байгаа юм. Миний түрээслэдэг хашаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны АТБ-ийн задгай тоотод байдаг. ...гэртээ ирэхэд гэрт хамтран амьдрагч Алтансувд нь Оюунболд, Энхцэцэг нартай архи уугаад байж байсан. О нь миний орон дээр хэвтчихсэн байж байхаар нь би О-д хандаж чи миний гэрт юу хийгээд архи уугаад орон дээр хэвтээд байгаа юм, манай гэрээс зайл гээд хөөтөл надаас уучлалт гуйгаад гэрээс явахгүй байхаар нь би уучилж чимээгүй өнгөрөөж тэд нартай архи ууж О-ыг гэртээ хонуулсан. ...Би архи уугаад согтоод байж байтал О намайг урьд өдрийн хэлсэн үгэнд гомдсон юм уу, өс санасан юм уу бүү мэд чи намайг гэрээсээ хөөсөн гээд надтай маргалдаж улмаар миний нүд рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн чинь миний хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-26/
5. Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өглөө бид нар сэрээд байж байсан чинь гаднаас Жаргалсайхан орж ирээд та нар өчигдөр архи уусан юм уу шартаж байна уу, шараа тайлах уу, хэрэв шараа тайлна гэвэл би нэг юм авч өгье гэхээр нь бид нар шараа тайлмаар байна гэсэн чинь дэлгүүрээс нэг шил хамаг монгол гэх нэртэй 0.75 литрийн архи авчираад бид нартай хамт ууж байтал О Мөнхтөрийн нэг найзыг нь муулж ярьсан чинь Л.М өмөөрч юм ярьсан. Тэгтэл О чи өчигдрөөс хойш намайг өдөөд байгаа шүү гээд Мөнхтөрийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохьсон чинь Мөнхтөр нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан чинь хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9139/-ний дүгнэлт:
-Л.М ийн биед баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхи хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 44/
7. Шүүгдэгч Г.О ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өглөө сэрээд бид нар шартаад байхаар нь би өөрт байсан 10.000 төгрөгийг Энхцэцэгт өгч дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн стандарт нэртэй архи авчруулж Л.М ийн гэрт Энхцэцэг, Алтансувд, Мөнхтөр нарын хамт ууж дуусаад байж байтал гаднаас Ц.Мөнхтулга орж ирээд бид нартай юм ярьж байгаад Алтансувдад 20.000 төгрөг өгчихөөд гэрээс гараад явахаар нь нөгөө мөнгөөр нь дахин нэг шил 0.5 литрийн Их монгол нэртэй архи аваад ууж байтал Мөнхтөр урьд өдрийн хэрүүлийг сөхөөд хэрүүл хийгээд байхаар миний уур хүрээд Мөнхтөрийг барьж аваад хөл рүү нь хөлөөрөө хавсарч газар унагаагаад нүүр рүү нь 2-3 удаа цохьсон чинь хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О нь урьд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж 2 жилийг хасаж эдлэх ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 62-76/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Г.О ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9139/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны АТБ задгайд байрлах гэрт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Л.М тэй “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдан түүнийг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж биед баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, доод зовхи хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.О ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Л.М ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.О од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.О од сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Г-ын О-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Г.О од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.О од сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.О од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР