| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0695/Э |
| Дугаар | 709 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 709
2019 12 04 2019/ШЦТ/709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Б.М , түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж О овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1903010390439 дугаартай 187/2019/0695/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ...дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О овогт Ц-ийн Б /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц-ийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 23 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэсвгэр Яармагийн Англи сургуулийн хойд замд 99-32 УБО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.М мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц-ийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 23 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэсвгэр Яармагийн Англи сургуулийн хойд замд 99-32 УБО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.М мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим Яармаг талаасаа баруунаас зүүн рүү 9932 УБҮ дугаартай машин бариад явж байсан. Би гэм буруу дээрээ маргахгүй. Тухайн үед хохирогч явган хүний гарцаар гарч байсан. Гэрлэн дохиогүй явган хүний гарцаар гарч байсан хохирогч. Би тухайн үед машинаа зогсоох арга хэмжээг авсан боловч зогсож амжилгүй мөргөсөн. Хохирогчийн хохирлыг барагдуулахад даатгалаас 5 сая төгрөг гаргаж өгнө гэсэн. Харин даатгал шүүх хурлын дараа баримтаар баталгаажуулаад гаргаж өгнө гэсэн. Хохирол одоог хүртэл төлөөгүй байгаагийн учир нь би бэлэн мөнгөгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2 урсгалтай замаар зам хөндлөн гарч байхад машинууд надад зам тавьж өгөөд зогсож байсан. Би машинуудын урдуур гараад явж байтал шүүгдэгчийн машины бараа харагдсан ба нүдэн дээр тулаад харагдаж байсан. Тэгээд ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би ухрах боломж байгаагүй. Учир нь надад зам тавьж өгсөн машинууд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж байсан... Шагайны гэмтэл бүрэн эдгэрээгүй. Хугарлаас болоод хөлний урд талын хэсэг рүүгээ нөлөөлж байгаа. Улирлын чанартай гадна халтиргаа их байгаа учраас таягнаас салах боломжгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/
4. Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019-09-05-нд өдөр ажилдаа явж байгаад 11 цаг 23 минутын орчим Яармагийн Англи сургуулийн хойд талын буюу зүүнээсээ баруун зүгт явдаг автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт явган хүний гарцаар гараад урд талын урсгал руу ороод явган хүний гарцаар гарах агшинд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр баруунаас зүүн зүгт явж байсан Т.Приус-20 маркийн 99-32 УБО дугаартай машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/
5. Гэрч Э.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр манай нөхөр Б бид хоёр хотын төв орох гээд 11 цаг 30 минутын орчимд байх Яармагийн “Англи” сургуулийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байхад Англи сургуулийн хойд автобусны буудлын хойд талын явган гарц руу ортол зүүн гар талд явж байсан машины урдуур гэнэт нэг эмэгтэй гараад ирсэн манай нөхөр тухайн үед тоормоз гишгэсэн боловч хооронд зай бага байсан учир явган зорчигч манай машины зүүн талын толь мөргөөд зам дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10783/-ний дүгнэлт:
-Б.Мөнхтуяагийн биед зүүн шагайн гадна хавчаарын далд хугарал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/
7. Шүүгдэгч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10783/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч нь Ц-ийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 23 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэсвгэр Яармагийн Англи сургуулийн хойд замд 99-32 УБО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.М мөргөж түүний биед зүүн шагайн гадна хавчаарын далд хугарал, дээд уруулд зулгаралт бүхий хүдэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.М г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цаашиид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү...Хугарлаас болоод хөлний урд талын хэсэг рүүгээ нөлөөлж байгаа. Улирлын чанартай гадна халтиргаа их байгаа учраас таягнаас салах боломжгүй байгаа...цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар арилаагүй байгаа, Ц.Б ы хувийн байдал /...26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт Нисэх буудлын хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 499 дүгээр зүлйийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М д 1.080.140 төгрөг, шүүхийн шатанд 99.740 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардал гэх нэхэмжилсэн 500.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй. Иймд өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Ц.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Ц-ийн Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Ц.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийт 1.179.880 /нэг сая нэг зуун далан есөн мянга найман зуун ная/ төгрөгийг хохирогч Б.М д төлснийг тэмдэглэсүгэй.
5. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Б д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР