Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 716

 

 

 

 

 

 

 

   

  2019            12           06                                    2019/ШЦТ/716

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,          

хохирогч Б.М,    

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Г-ын  Б-д  холбогдох эрүүгийн 1910021150722 дугаартай, 187/2019/0714/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ......оны.... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ... хамт, Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин суух, урьд 2003 оны 4 дүгээр сарын 30-нд Хан-Уул дүүргийн шүүхийн 96 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б  овогт Г-ын  Б  /РД:............ /   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны арын туслах зам дээр Б.Мтэй зам тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар харилцан маргалдаж улмаар зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны арын туслах зам дээр Б.Мтэй зам тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар харилцан маргалдаж улмаар зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагт би Голомт банкнаас гарч ажлын газрын хүмүүсийн хамт машинаар ажил руу явж байсан. Би байрны дунд замаар ихэнх хэсгийг туулчихсан явж байхад урд талаас хохирогчийн машин гарч ирсэн. Би хохирогчийг эхэлж машиндаа гар утсаа оролдоод тоглож байна гэж бодсон тул түүний машины хаалгын нээж “машинаа ухраана уу, ард 5 машин байна” гэж хэлэхэд хохирогч “ална шүү, би дүрмээрээ явж байна” гэж надад ууртайгаар хэлсэн. Дараа нь би хэсэг хугацаанд хүлээж байгаад хохирогчийг машинаа ухраахгүй байхаар нь дахин шаардлага тавихад хохирогч намайг заамдаж хоолойг минь боосон учраас би цочсондоо түүнийг түлхэж хүндэвтэр гэмтэл учруулсан. Би хохирогчид учруулсан гэмтэлд гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            2. Хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Шүүгдэгч Б.Мийн өгсөн мэдүүлэг буруу, худал байна. Би тухайн үед замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй ба машиндаа камераа оролдоод байж байсан. Миний зүгээс шүүгдэгчид заавал ял оногдуулж, түүнийг шийтгүүлж ял эдлүүлэх сонирхолгүй байна. Харин шүүгдэгч Б.Мд хандаж “болсон явдлын талаар үнэн мэдүүлж өөрийнхөө бурууг хүлээж сур, мөн эр хүн шиг бай” гэж зөвлөмөөр байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

          3. Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээррсарын 05-ны өдөр 14-нөөс 15 цагийн хооронд болсон асуудал байгаа юм. Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 27-р байрны арын туслах замаар ертөнцийн зүгээр урагшаа явж байтал эсрэг урсгалд явж байсан машин саад тойрох гээд миний өөдөөс сөрөөд ороод ирсэн тэгээд би зогссон. ...би нөгөө машинтайгаа тулсан би гараараа ухар гэж дохисон тэгтэл ухрахгүй байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэгээ хадгалж авах гээд оролдож байтал миний өмнө тулж зогссон машины жолооч буугаад миний хажууд хүрээд ирсэн би машиныхаа цонхийг нээж өгөөд чи ухраач гэж хэлтэл миний машины хаалгыг нээгээд пиздаа, наахуу, гичий гэх зэргээр доромжилж эхэлсэн тэгээд би хаалгаа хаах гэтэл хаалга хаалгахгүй байсан тэгээд би машинаасаа бууж тойроод явж байтал машины ард нөгөө машины жолооч залуу намайг заамдаад авхаар нь би тэр залууг болиулах гэж хоорондоо түлхэлцсэн. ...Тэгсэн нөгөө жолооч залуу ахиад миний машины хажууд ирээд хаалга онгойлгоод намайг доромжилоод эхэлсэн тэгээд хаалгаа хаах гэтэл хаалга алдалж зогсчихоод хаалга хаалгахгүй та нар муусайн юмнууд Хятадуудаа чадахгүй байж гэж хэлээд намайг доромжилсон. ... би машины хаалгаа хаах гээд машинаас буусан тэгтэл намайг заамдаж авч миний нуруугаар миний машин руу хэд хэдэн удаа мөргүүлсэн миний нурууны зүүн талын хэсэг жирс гэж өвдөөд зүүн хөл гишгэж чадахгүй болсон тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-18/

          4. Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б  голомт банк руу орж карт нээлгэнэ гэж хэлсэн. Тэгээд явж байтал байрны хажуугийн нарийн зам дээр өөдөөс улаан жийп ороод ирсэн бөгөөд Б ийн араас бас хоёроос гурван машин ороод ирсэн. Тэгээд Б  машинаасаа буугаад нөгөө урдаас тулж зогссон машины жолоочид ухраад өгөөч гэж хэлтэл тэр хүн чадахгүй өөрөө ухар гээд тас гүрийгээд зогсчихсон. Тэгтэл нөгөө улаан өнгийн жийптэй хүний араас бас машин ороод ирсэн ба араас нь орж ирсэн машинуудад ухраад өгөөч гэж хэлтэл тэр машинууд нь ухраад өгсөн боловч нөгөө улаан жийптэй хүн ухрахгүй гээд зогсоод байсан ба Б  улаан өнгийн жийптэй хүнтэй маргалдсан. Маргалдаж байгаад тэр хоёр бие биенийгээ зуураад авахаар нь би голоор нь орж салгасан бөгөөд би тэр хүнд “та чинь одоо ямар сонин хүн бэ, бие биедээ хүндэтгэлтэй хандаж болдоггүй юм уу та муусайн хятадууд байсан бол ингэхгүй шүү дээ” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

          5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10763/-ний дүгнэлт:

          -Б.Мийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанид нөлөөлөхгүй. /хх-ийн 27/

          6. Шүүгдэгч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.....Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагын үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшилийн 4872 УБР улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай байрны дунд замаар явж байхад урдаас 9977 УНД дугаартай автомашин тулж зогсоод хойшоо ухар гэж заахаар нь ухрах гэтэл хойно машинууд тулаад зогсчихсон болохоор чадаагүй. Энэ үед 9977УНД улсын дугаартай автомашины жолооч ухрахгүй машинаа унтраагаад гар утсаа оролдоод суучихаар нь 2 минут орчим хүлээгээд ухрах шинжгүй болохоор нь машинаасаа бууж очоод “ахаа та жаахан ухарчих би хажуугаар чинь багтаад гарчихья” гэж хэлэхэд "чадахгүй муу бацаан минь чи өөрөө ухар" гэж хэлэхээр нь та юу яриад байгаа юм бэ? Миний араас зөндөө машин зогсчихсон байна гэхэд уурлаад хэл амаар доромжилж байгаад цонхоо хаахаар нь би хаалгыг нь онгойлгож байгаад та ухарчихалдаа гэж хэлэхэд уурлаад ална шүү гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг заамдаж байгаад зүүн шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь цааш нь түлхэхэд муу бацаан хүрээд ир гэж машин руу явахаар нь очих үед надтай хамт байсан явсан залуу бууж ирээд ууралсан мөн тэнд байсан хүмүүс уурлаад ухраад өгчих гэж гуйхад цагдаа дуудсан хүлээж бай гэж хэлэхээр нь арга буюу хүлээж байхад цагдаа нар ирсэн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б  нь урьд 2003 оны 4 дүгээр сарын 30-нд Хан-Уул дүүргийн шүүхийн 96 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 56-63/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Г.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10763/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны арын туслах зам дээр Б.Мтэй зам тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар харилцан маргалдаж улмаар зодож түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.М хохиролд 801.100 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол төлөгдөөгүй, хохирогч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч Г.Б өөс 801.100 төгрөгийг нэхэмжилж байна. Миний зүгээс шүүгдэгчид заавал ял оногдуулж, түүнийг шийтгүүлж ял эдлүүлэх сонирхолгүй байна..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жунсон констракшн ХХК-нд талбайн даамал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б ыг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б өөс 801.100 /найман зуун нэг мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөхтөрд олгох нь зүйтэй.        

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.     

Шүүгдэгч Г.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Г-ын  Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Г-ын  Б ыг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д оногдуулсан 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 4. Шүүгдэгч Г.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б өөс 801.100 /найман зуун нэг мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөхтөрд олгосугай.          

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Б д сануулсугай.  

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР