Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 251

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 27,120,206.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Г.*******тай зээлийн гэрээ байгуулан 22,500 юаныг 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ төлөөгүй тул уг гэрээний хугацааг 2012 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан. Ингээд 2012 оны 4-р сарын 6-ны өдөр Г.*******тай тооцоо нийлж 30,000 юаныг төлөхөөр 2012 оны 4-р сарын 6-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч Г.******* нь гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй алга болсон. Ингээд Г.*******тай 2014 оны 10-р сарын 27-ны тооцоо нийлж гэрээ байгуулсан ба үндсэн зээл болон хүү монгол мөнгөөр 22,227,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа хэлж, шаардаж байсан боловч хариуцагч зээлийг төлнө гэдэг боловч худал үнэн хэлээд өнөөг хүртэл төлөөгүй, сүүлийн үед уулзахаа байсан. ... Иймд Г.*******аас үндсэн зээл 30,000 юань, хүү 29,250 юань, алданги 29,625 юань, нийт 88,875 юань буюу Монгол банкны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ханш 305,15 төгрөгөөр тооцоод нийт 27,120,206.25 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******аас үндсэн зээл 30,000 юань, зээлийн хүүнд 29,250 юань, алданги 29,625 юань нийт 88,875 юань буюу 27,120,206.25 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******т 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 22,500 юаныг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байх ба 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 22,500 юань дээр хүүгийн төлбөр 7500 юаныг нэмж нийт 30,000 юаныг 1 жилийн хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай сунгажээ.

 

Дээрх гэрээнүүдэд С.*******, Г.******* нар нь гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчдийн хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Г.*******ын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан тул С.*******, Г.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд хуулийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 282 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэжээ. 

 

Зохигчдийн байгуулсан зээлийн гэрээнд сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлөхөөр тус тус заасан тул хуульд нийцүүлж бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******аас зээлийн төлбөрийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн өр төлбөр төлж барагдуулах тухай гэрээ” баримтад үндсэн зээл 22,500 юань, хүү 74,250, алданги 11,250 юань нийт 108,000 юань төлбөрийг хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч С.*******д 2014 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус 2 хувааж төлөхөөр тохиролцож, зохигчид гарын үсгээ зурцгаажээ. 

Үүнээс үзэхэд Г.******* нь үүргийг хүлээн зөвшөөрч, зээл, зээлийн хүүг хэрхэн барагдуулах талаар нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх байдлаар бичгийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэж байна. Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 22,500 юань, түүний хүү 74,250, алданги 11,250 юань нийт 108,000 юань төлөх талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, төлөх үүрэгтэйгээ бичгээр баталсан байна гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Гэхдээ хэргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 22,500 юань, гэрээнд заасан хугацааны хүү 29,250 юань болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж 11,250 юань нийт 63,000 юань буюу нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш /63,000х305,15/-аар тооцоход 19,224,445 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч Г.*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 293,560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 19,224,450 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 254,072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6,  281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3  дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт *******ын *******аас 19,224,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7,895,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 293,560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас тэмдэгтийн хураамж 254,072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ЛХАГВАСҮРЭН