| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0728/Э |
| Дугаар | 717 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 717
2019 12 06 2019/ШЦТ/717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч ВА нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт В А-д холбогдох эрүүгийн 1910013280801 дугаартай 187/2019/0728/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... хамт, Хан-Уул дүүргийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт В А /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ВА нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн хаус” хотхоны 33/1-7 тоотод 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн охин Т.Н гэрээ цэвэрлэсэнгүй гэж түүний толгой, нуруун тус газруудад цохиж түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч ВА нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн хаус” хотхоны 33/1-7 тоотод 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн охин Т.Н гэрээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар түүний толгой, нуруун тус газруудад цохиж түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч В.Н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ээж өглөө намайг аягаа угаа гэсэн. Би аягаа угаагаад дуусчихлаа гэсэн чинь дээшээ өрөө рүүгээ ороод өрөөгөө цэвэрлэ гэсэн. Би өрөөгөө цэвэрлэчихээд ээжид туслах уу гэхэд “зайл тэнэгээ гэсэн” тэгэхээр нь би өрөөндөө ороод байж байхад “аавынхаа өрөөнд байгаа юмнуудаа аваач мангараа” гэсэн. Би аавын өрөөнд байгаа юмнуудаа аваад том зүйлс байсан болохоор хурааж чадахгүй сууж байсан чинь ээж “чи наадахаа хурдан хураал даа” гэсэн. Миний уур хүрээд сууж байсан чинь тэнэгээ, мангараа гээд байсан. Би аавтай ай падаар viber-аар яриад ээж намайг зайл гээд байна гэсэн чинь аав за би ээжид чинь хэлчихье гэсэн. Тэгээд аав ээж рүү залгаж ярьсны дараа чамаас болж хэрүүл гардаг яах гэж тэгж хэлсэн юм залгасан юм ядаргаатай юм гээд намайг зодсон. Миний толгой руу гараараа цохиод дараа нь толгой руу өшиглөсөн. Би аавын өрөөнд ороод хаалгаа цоожлоод сууж байсан чинь аав над руу залгасан. Миний ай падыг ээж шидээд хагалчихсан мэдрэхгүй авч болохгүй байж байхад ээж доод давхраас ирээд хаалгаа онгойлго гэсэн. Би та зодохгүй биз дээ гэсэн чинь хурдан хаалгаа онгойлго гэсэн. Хаалгаа онгойлгоход ээж орж ирээд хувцаснууд оруулж ирж шидээд наадахаа хураа гэсэн. Тэгээд аавтай ярих гэж байсан чинь ээж ай падыг аваад ариун цэврийн өрөөнд оруулаад хаалганд нь цохьсон. Тэгээд хагарахгүй байсан чинь алх авчраад хагалсан. Би засч болох байх гээд аваад нуусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-25/
3. Гэрч М.Ц-ийнмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 11-ний 12 цаг 19 минутын орчим манай хүү Түвшинтулга Америкаас залгаад та гэрт очоод үзээд өгөөч охин Нандинг эхнэр А зодоод байна, холбогдож чадахгүй байна гэсэн. Тэгээд би хүүхдийн хүчирхийллийн төв рүү хандаад цагдаа нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн хаус хотхоны 33-1-7 тоотод очиход Нандин хаалга тайлсан, манай бэр А байсан. Ач охин Нандингийн өрөөнд ороход утасны залгуурыг хайчаар хайчилсан, ай падыг нь алхаар цохиж хагалсан өөрийнх нь эд хогшилыг эвдэлсэн байсан. Цагдаа Нандингаас ээж нь зодсон уу гэж асуухад Нандин үгүй гэж хэлсэн. Дараа нь Нандин надад зодсон гээд хэлчихвэл ээж дахиад зодох байх гэж айгаад хэлж чадаагүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/
4. Гэрч С.О-ийнмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тиймээ хааяа хааяа гарч байсан нэг удаа гэрээсээ гаргах гэж чирч уйлуулж байсан. Нандин хоёр гурав удаа ээждээ та одоо Отгонзаяа эгчийг явсаны дараа намайг загнадаг биз дээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5841/-ний дүгнэлт: -Т.Н-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 33/
6. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү нарын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №892 тоот дүгнэлт /хх-21-26, 27-28/
7. Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Сэтгэл зүйчийн сорилын дүгнэлт /хх-121-123/
8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-124-128/
9. Шүүгдэгч В.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5841/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч ВА нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн хаус” хотхоны 33/1-7 тоотод 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн охин Т.Н гэрээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар түүний толгой, нуруун тус газруудад цохиж түүний биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч В.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ВА нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял буюу 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145/, түүний хувийн байдал /...38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банканд хүний нөөцийн үйл ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан В.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч В.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгч В.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт В А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт В А-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.А-д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч В.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг В.А-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР