Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, их наран 5 дугаар гудамж, 24 тоотод оршин суух, эмэгтэй, ЧГ60030100 регистрийн дугаартай, Боржигон овогт Аяагийн Энх-Оюуны  нэхэмжлэлтэй

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энх-Оюун, гэрч Т.Бат-Очир, У.Содном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Энх-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1960 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх газарт Аяа гэж хүний 4 дэх охин болж төрсөн. Миний ээжийг Аяа гэдэг байсан ба бие нь өвдөөд нэрийг нь өөрчил гээд Аюуш гэж өөрчилсөн.  Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн үед бичилт хийсэн эрх бүхий албан тушаалтан Аюуш овогтой Энх-Оюун нь 1961 оны 3 дугаар сарын 01-нд төрсөн гэж буруу бичилт хийснээс болж тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрч байна.  Аяа Аюуш гэдэг нь нэг хүн, миний ээж, нэрээ өөрчилсөн юм. Ээж Гэндэнжав овогтой байсан бас л нэрийг өөрчлөхдөө Улаантөмөр буюу том ахаар овоглосон.

Иймд 1960 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн Боржигон овогт Аяагийн Энх-Оюун намайг хөдөлмөрийн дэвтрийг жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Аяагийн Энх-Оюун нь 539991 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Боржигон овогт Аяагийн Энх-Оюун нь 539991 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/008814 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Т.Бат-Очир, У.Содном нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Алтан булаг дахь Худалдаа аж ахуйн техникумаас 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Аюушийн Энх-Оюун, төрсөн он 1961 оны 3 дугаар сарын 01” гэж,  иргэний үнэмлэх дээр “ Боржигон овогт Аяагийн Энх-Оюун, 1960 оны 3 дугаар сарын 01” гэж зөрүүтэй бичигджээ. Энэ талаар нэхэмжлэгч нь “ би 1960 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх газарт Аяа гэж хүний 4 дэх охин болж төрсөн. Миний ээжийг Аяа гэдэг байсан ба бие нь өвдөөд нэрийг нь өөрчил гээд Аюуш гэж өөрчилсөн.  Аяа, Аюуш гэдэг нь нэг хүн ба миний ээж юм” гэж тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/ -т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд Боржигон овогт Аяагийн Энх-Оюуныг 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 539991 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй юм.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Алтан булаг дахь Худалдаа аж ахуйн техникумаас 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 539991 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ЧГ60030100 регистрийн дугаартай, Боржигон овогт Аяагийн Энх-Оюун мөн болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ