| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0706/Э |
| Дугаар | 718 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 718
2019 12 06 2019/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Х.Б ,
шүүгдэгч Т.С , түүний өмгөөлөгч А.Батмандах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Т-ын С-т холбогдох эрүүгийн 1910022610805 дугаартай 187/2019/0706/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260-р зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Т-ын С /РД:.......................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо New garden хотхон 1419 дугаар байрны 2 тоотод Х.Б тэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо New garden хотхон 1419 дугаар байрны 2 тоотод Х.Б тэй маргалдаж, нүүр рүү нь гараараа цохиж зодон түүний биед тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би хохирогч Х.Б тэй өөрийн гэрт пиво уусан. Хохирогч Х.Б бид хоёр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас маргалдаж улмаар гэмт хэрэг гарсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Х.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч Т.С над руу залгаж “хотхоны грашинд зогсоол худалдаж авахад тусалсанд баярлалаа” гэж хэлээд намайг орой гэртээ хоолонд урьсан. Бид хоёр хүн тус бүрийн 5 шил пиво уусан. Гэтэл шүүгдэгч намайг “хөгшин банди” гэж хэлсэн тул бид хоёр маргалдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед би хуурай дүү С ын түүнтэй хамт очсон. Очоод 0.5 литрийн лаазтай пиво 5-6 ширхэгийг уусан. С нь юунаас болсон нь мэдэгдэхгүй эхнэртээ уурлаад байхаар нь би гарч тамхи татах гэж байтал тэрээр надад хандан чамаас болж ийм юм боллоо гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би доошоо суутал дээрээс мөн цохиод байсан. Миний дух хөмсөг рүү гараараа цохиод байсан...Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографикт харуулсан 100.000 төгрөг, Хос-Үжин эмнэлэгт өдрөөр эмчилгээ хийлгэсний 350.000 төгрөгийн баримт, тархи толгой, мэдрэлийн эм сүүлд нь авсан бөгөөд түүний 424.000 төгрөгийн баримт нийт 882.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13/
4. Гэрч Б-Ө-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр айлын хүүхэд нь уйлахад тэр ах уурлаад эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгснээ аав дээр ирээд шууд нүүр рүү нь 3-4 удаа цохьсон. Тэгтэл аав нүүрээ дараад хана налаад суухад дээрээс босгож ирээд ахин цохих гээд байхаар нь би салгасан. Нүүр цээжин хэсэгт нь гараараа 3-4 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11512/-ний дүгнэлт:
-Х.Б ийн биед тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-23/
6. Шүүгдэгч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний уур хүрч түүний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл тэрээр газар унасан. Ингээд босоод иртэл түүний хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэрээр гэрт минь намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260-р зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь таслан шийдвэрлэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 40-43 /-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Т.С ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11512/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо New garden хотхон 1419 дугаар байрны 2 тоотод Х.Б тэй маргалдаж, нүүр рүү нь гараараа цохиж зодон түүний биед тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохиролд 458.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Харин хохирогч Х.Б нь нийт 882.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографикт харуулсан 100.000 төгрөг, Хос-Үжин эмнэлэгт өдрөөр эмчилгээ хийлгэсний 350.000 төгрөг нийт 458.000 төгрөгийг шүүгдэгч Т.С аас гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Харин Бэриш фарм ХХК-иас эм худалдаж авсан гэх үнийн санал гэх нэршилтэй 424.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Т.С нь хохирогч Х.Б д 458.000 /дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийг төлснийг дурдав.
Хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Т.С ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Т-ын С ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.С т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.С т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР