Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 31

 

                                О.Байгальбаярын нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 349 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Байгальбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Эрдэнэбаярт холбогдох

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч О.Байгальбаяр, хариуцагч Э.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэхэмжлэгч О.Байгальбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Эрдэнэбаяртай 2012 оны 07 дугаар сарын 13-нд гэр-бүл болсон. 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Азжаргалыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа тэсэхийн аргагүй байдалд оруулж байсан. Намайг зодож, элдвээр доромжилж, байнгын хэрүүл маргаантай байсан. 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба Э.Эрдэнэбаяр нь уучлалт гуйгаад би нэхэмжлэлээ татан авсан. Манайх 2015 оны оны жилийн эцсийн мал тооллогоор 210 толгой мал тоолуулсан. Үүнээс өөрт болон хүү Э.Азжаргалд оногдох хэсгээ авах хүсэлтэй байна. Гэр орон, машин тэргээ авахгүй. Намайг архи ууж, хүүхдээ хаяад явдаг гэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ ингэж улайрч болохгүй байх гэж бодож байна. Би хадам ээж, аавтайгаа таардаггүй. Э.Эрдэнэбаяр намайг 2-3 удаа зодож байсан сорви нь байдаг. Хүйтэн хөндий ханддаг, аав, ээж хоёроороо толгойгоо мэдүүлдэг, амьдарлаа бие даагаад аваад явах чадвар байхгүй. Тийм учраас Э.Эрдэнэбаяртай эвлэрэхгүй. Иймд Э.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын эд хөрөнгөөс хүү бид хоёрт оногдох хэсгийг хувааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Байгальбаяртай 2012 онд танилцаж хуримаа хийж 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Азжаргал төрсөн. Би эхний үед таарч тохирохгүй тохиолдол байсан. Сүүлийн үед ганц, хоёр удаа гар хүрэх тал байсан. Сүүлийн 2-3 жилд уурлахад нь юм хэлдэггүй байрыг нь харсан байдлаар ханддага байсан. Би аав, ээжийнхээ үгэнд ороод байсн юм байхгүй. Өөртэй нь юм ярьж дуусаагүй байхад л уурладаг. Тэр үед нь би дуугүй болдог. Тэгэхээр л хүйтэн хөндий ханддаг гэж үзээд байна. Надад салах бодол байхгүй, хамт амьдарна гэжээ.

         Шүүх: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Азжаргалыг төрсөн эх О.Байгальбаярын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ба 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Эрдэнэбаярын Азжаргалыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, cap бүр тэжээн тэтгүүлэхээр, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Э.Эрдэнэбаяраас 4750000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой адуу, 2300000 төгрөгийн үнэ бүхий 5 үхэр, 2100000 төгрөгийн үнэ бүхий 25 хонь, 4675000 төгрөгийн үнэ бүхий 60 ямаа, нийт 13825000 төгрөгийн үнэ бүхий малыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эрдэнэбаяраас 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод, 227075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Э.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо:

            Миний бие анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ201600349 дугаартай шийдвэрийг 2016 оны 08 сарын 12-ны өдөр гардаж авч танилцаад, тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Э.Эрдэнэбаяр би өөрийн хүү Э.Азжаргалыгаа өөрийнхөө асрамжинд авч тэжээн тэтгэх хүсэлтэй байдгаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд, түүний эх болох О.Байгальбаяр нь хүүхдээ тэжээн тэтгэж асрамжиндаа байлгах, бүрэн хариуцаж өсгөж хүмүүжүүлэхэд түүний зан төрх нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна, хаа нэгэн газар орхиод өөрөө ажил хийх нэрээр хаашаа ч ямар ч үед хамаагүй тэнээд явах бүрэн бололцоотой.

            Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн шинжээчдийн дүгнэлтээр эцгийнх нь буюу миний асрамжинд үлдээх дүгнэлтийг гаргаж өгсөн байтал хүүхдийн асрамжийн асуудлыг эхийн нь талд шүүх шийдвэрлэж Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй" гэсэн заалтыг ноцтойгоор зөрчлөө. Миний хувьд хөдөө малаа маллаад өөрийн эцэг, эхийн хамтаар хүү Азжаргалыгаа өсгөж хүмүүжүүлэх хүсэл сонирхолтой байна.

            Шүүх хөрөнгийг хувааж зохих хэсгийг О.Байгальбаярт хуваарилахдаа бидний дундын өмч, хуваарьт өмчийг буруу тооцож шийдвэрлэлээ. Учир нь О.Байгальбаяр нь 2012 оны 07 сарын 04-нд надтай гэр бүл болохдоо 12 эм ямаа, 10 борлон, 10 ишиг нийт 32 ямаатай ирж миний аав, ээжээс тасдаж өгсөн малтай нийлээд тухайн жилийн эцсийн мал тооллогоор 203 толгой мал тоологдсон, шүүхэд гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэл гаргах үед 210 толгой малтай байсан нь бидний хамтын амьдралын дүнд мал төдийлөн өсөж, олон болоогүйг харуулж байна. /2012-2015 оны мал тооллогын дүнг хавсаргав/ Хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

                Нэхэмжлэгч О.Байгальбаяр давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:      

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Миний хүү Э.Азжаргал 3 нас 5 сартай хөхнөөсөө гараагүй, надтай амьдардаг төрсөн цагаас нь хойш байнга хамт байсан. Надад ямар нэгэн тэнэж явдаг, архи уудаг муу зуршил байхгүй. Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн хэлтсийн шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй, би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь танил талаараа буруу ойлгуулж, түүнд нь тулгуурлан ул суурьтай дүгнэлт хийгээгүй ямар ч судалгаа байхгүй нэг цаг орчим хугацаанд тэдний гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцаад, идэж ууж байгаад хүүхдийн асрамжийг эцгийнх нь талд шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Эрдэнэбаяр бид хоёр 2012 оны 07 дугаар сарын 04-өөс хойш 4 жил хамт амьдарсан. Анх амьдарч эхлэхэд Эрдэнэбаяр 100 толгой малтай, би 32 малтай байсан. 4 жилийн хугацаанд эдгээр мал өссөн. Би нэхэмжлэлдээ 2016 оны төл ишиг 42, хурга 15,  унага 5, тугал 4  бүгд 66 толгой малыг оролцуулаагүй.

 Үүнээс гадна адуу, ямаагаа ч А дансанд дутуу оруулсан. Бидний дундын өмчийг буруу хувиарласан гэж үзэж байгаа нь утгагүй юм. Эрдэнэбаяр болон өвөө, аав нар малыг хэзээ ч үнэн зөвөөр нь тоолуулж байгаагүй. Малын хөлийн татвараас зайлсхийж хүний өөрийн малыг хэн нэгрүүгээ шилжүүлэн тоолуулдаг хүмүүс. Би шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.       

ҮНДЭСЛЭХ нь:

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

Шүүх “...Э.Азжаргал нь бага насны буюу 3 настай, эхийн анхаарал халамж шаардлагатай байх тул Э.Азжаргалыг эх О.Байгальбаярын асрамжинд үлдээж, эцэг Э.Эрдэнэбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 210 толгой малыг дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваах нь зүйтэй...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна. Зохигчид хамтран амьдрах хугацаанд тэдний малын өсөж, нэмэгдсэн төлийг ялгаж салгах боломжгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлах шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Эрдэнэбаяр нь хүү Э.Азжаргалын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг, эхийн хэний асрамжинд үлдээх боломжтой талаар хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийг томилжээ. Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс Д.Анхбаяр, Н.Сэрчмаа, М.Алтангэрэл, Т.Бадамсүрэн, Б.Батзул нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж “Нөхцөл байдлын үнэлгээ хийж ажилласан шинжээчийн багийн дүгнэлт” гаргасан байна.

 Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т “...шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 17 дугаар зүйлийн 17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэж заасан байдаг. Гэтэл бүрэлдэхүүнд орсон шинжээчдэд бүгдэд нь эрх үүрэгийг танилцуулаагүй /шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтанд 4 шинжээч гарын үсэг зурсан/, мөн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байхад 3 шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчээр томилогдсон байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй байна /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс томилогдсон шинжээчдийн дүгнэлт нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, шүүх түүнийг үнэлэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хариуцагчийн “...шинжээчийн дүгнэлтээр эцгийнх нь буюу миний асрамжинд үлдээх дүгнэлтийг гаргаж өгсөн байтал хүүхдийн асрамжийн асуудлыг эхийнх нь талд шийдвэрлэсэн...” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо 8 хуудас баримтыг хавсаргаж өгчээ. Хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нь нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийг нь шүүх тайлбарласаар байтал энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд давж заалдах шатанд шинээр гаргасан нотлох баримт анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Эрдэнэбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, 227075 төгрөг нийт 297275 төгрөгийг төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Эрдэнэбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Э.Эрдэнэбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, 227075 төгрөг нийт 297275 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

            4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                           Г.УЛАМБАЯР