Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 580

 

М.Энхбаатар, Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

ялтан М.Энхбаатар, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Энхбаатарын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Энхбаатар, Д.Гантулга нарт холбогдох 201626012821 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Баяжих овгийн Минжүүрийн Энхбаатар, 1973 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-215 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧА73020178/,

2. Шадав овгийн Даваагийн Гантулга, 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нуган-Ирэн” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 14-84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХО82062939/,

1. М.Энхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан” төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Д.Гантулгыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хүч хэрэглэж түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь “дээд эрүүний 11, 12 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

2. Д.Гантулга нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан” төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч М.Энхбаатарын бие махбодид нь “доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ч.Баясгалангийн бие махбодид нь “тархи доргилт, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрхсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.Энхбаатар, Д.Гантулга нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Баяжих овгийн Минжүүрийн Энхбаатарыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт, Шадав овгийн Даваагийн Гантулгыг догшин авирлаж танхайрхсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбаатарыг 3 жил 1 сарын хорих ялаар, Д.Гантулгыг 3 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Энхбаатар, Д.Гантулга нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөнгөгүй, М.Энхбаатар, Д.Гантулга нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Баясгалан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан М.Энхбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг, Д.Гантулгад оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, М.Энхбаатарыг 1 жилийн хугацаагаар, Д.Гантулгыг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, М.Энхбаатар, Д.Гантулга нарт хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан М.Энхбаатарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Энхбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар заасан. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн. Учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлууд орж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэдгээр зүйлчлэх боломжтой. Үүний дагуу торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь М.Энхбаатар нь өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад удаан хугацаагаар эмчлүүлж, эмчилгээ хийлгэх, сувилуулах шаардлагатай тулгараад байгаа болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Энхбаатарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Төмөрбаатараас “М.Энхбаатар нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. ...тэнсэн харгалзах ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү...” гэж гомдолдоо дурьдсан байна. Шүүгдэгч М.Энхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан” төвийн 2 давхарт байрлах “Болор” нэртэй зоогийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Д.Гантулгыг үл ялих зүйлээр шалтаглан зодож хүч хэрэглэж түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь “дээд эрүүний 11, 12 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Гантулга, Ч.Баясгалан нарын мэдүүлэг, гэрч Б.Мягмарсүх, Т.Баясгалан, Ж.Баярмарт, Г.Батболд, М.Нармандах, Ж.Гэрэл-Од, М.Солонго нарын мэдүүлэг, шинжээч Ч.Эрдэмболор, яллагдагч Д.Гантулга, М.Энхбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 16031, 16296, 16032 дугаартай дүгнэлт, Цагдаагийн хэлтэст оролцогч нараас гаргасан өргөдөл, захиргааны зөрчил авагдсан баримт, Д.Гантулгын эмчилгээ хийлгэсэн болон цаашид хийлгэх эмчилгээний баримт, М.Энхбаатарын захиргааны зөрчил авагдсан баримт, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Ялтан М.Энхбаатар нь гадаад улсад удаан хугацаагаар эмчлүүлж, эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар гомдолдоо дурьдсан хэдий ч “ямар өвчний улмаас хаана /аль улсад/ эмчилгээ хийлгэх” талаар баримт огт байхгүй, гомдолд ч хавсаргаж ирээгүй байх тул өмгөөлөгч Д.Төмөрбаатараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Энхбаатар, Д.Гантулга нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор М.Энхбаатар, Д.Гантулга нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Анхан шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох оногдуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн санал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Гантулга нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан” төвийн 2 давхарт байрлах “Болор” зоогийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж “Ууж идчихээд мөнгөө хурдан төлөхгүй, зайлцгаа” гэх зэргээр хохирогч Ч.Баясгалантай маргалзаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь “тархи доргилт, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, мөн Ч.Баясгаланг хамгаалахаар очсон М.Энхбаатарыг нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь “доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч М.Энхбаатар нь мөн архи ууж согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой “Болор” зоогийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “найз Ч.Баясгаланг зодсон” гэх зүйлээр шалтаглан хохирогч Д.Гантулгыг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь “дээд эрүүний 11, 12 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хохирогч Ч.Баясгалан, найз Энхбаатар нарын хамт “Болор” ресторан орж хоол идэж архи уусан. Ч.Баясгалан жолооч дуудсан, тэгээд гарах гээд тооцоо хийх гээд Ч.Баясгалан текен дээр очсон. Текен дээр Ч.Баясгалан Д.Гантулга хоёр маргалдсан, тэгсэнээ Ч.Баясгалан хэл үгээр доромжлоод баруун гарынхаа тохойгоор Ч.Баясгалангийн зүүн чих рүү нь цохисон. Би араас нь очоод “яаж байгаа юм бэ” гээд Д.Гантулгыг таттал эргэж хараад бид хоёр хоорондоо барилцаж аваад зодолдсон. Д.Гантулга миний биед хөнгөн гэмтэл учруулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.Гантулгад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу” гэх мэдүүлэг /х142-146/,

шүүгдэгч М.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Ч.Баясгалан би тооцоо хийнэ гээд түрүүлээд текэн дээр очсон. Тухайн үед өндөр, халзан залуу текэн дээр нэг грушиг пиво уугаад бармен залуутай яриа өрнүүлж байх шиг байсан...тэр халзан залуу Ч.Баясгалан 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу Ч.Баясгалангийн зүүн хүзүү, чихний хэсэгт баруун гарын тохойгоороо цохисон. Тиймээс би тэр залууг “чи яаж байна” гээд араас нь татаад авахад тэр залуу намайг цохин бид хоёр ноцолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /х18/,

шүүгдэгч Д.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан төвийн “Болор” ресторанд найз Мандахын хамт орж хоол идэж, архи уусан. Миний утасны цэнэг дуусаад цэнэглэх гээд текен дээр зогсож байхад Ч.Баясгалан гэх ах ирээд янз янзын юм яриад миний бөөр рүү 2-3 удаа нударахаар нь би мангасдаад унагасан нь үнэн. Тэгтэл араас М.Энхбаатар текен дээр ирээд миний нүүр рүү цохисон, би унасан, тэгсэн шүд унасан, би босоод М.Энхбаатартай зодолдсон. Надад М.Энхбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /х142-146/,

шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Тэгтэл 50 гаран насны намхан ах ирээд миний бөөр рүү гараараа хатгахад би тэр ахыг түлхээд “та зүгээр бай, тайван байлга” гэж хэлсэн. ...зогсож байтал нэг хүн миний ам руу гараараа цохисон. Миний утас тэр дороо газар унасан ба би тухайн үед миний шүд хугарсан, унасан талаар мэдээгүй. Амнаас цус гараад байсан, хэлээрээ тэмтрээд үзэхэд шүд унасан байсан. ...Надтай яагаад маргалдах болсон талаар огт мэдэхгүй байна. Гэнэт л намайг цохисон. Юу ч ойлгож амжаагүй шууд л хэрэлдээд эхэлсэн. Намайг гараараа нэг удаа цохисон. Цохилтоос болж нэг шүд хугарч, нэг нь мултарч унасан.” гэх мэдүүлэг /х16/,

хохирогч Ч.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Төлбөр хийх гээд картаа андуурч уншуулсанаас болж Д.Гантулгатай маргалдаж, Д.Гантулга намайг тохойдсон, би тохойдуулаад унасан. Би Д.Гантулгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.” гэх мэдүүлэг /х142-146/,

хохирогч Ч.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн “... тэр халзан залуу “та нар уусан юм аа төлж чадахгүй байж энэ “Москва” хороололд архи ууж яадаг байнаа” гэсэн. Тэгэхээр нь би “энд яагаад ууж, идэж болдоггүй юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуу миний зүүн хүзүү, чих хэсэгт баруун гарын тохойгоор цохисон. Би хойшоо саваад унасан ба М.Энхбаатар тэр залуутай намайг өмөөрөн барьцалдаад авсан. Тэр 2 юу болж байгаа нь мэдэгдэхгүй ноцолдож байгаад тэр залуу унаад өгсөн. Би тооцоо хийх гээд буруу картаа өгсөн учраас картнуудаа нэг нэгээр уншуулж бага зэрэг удсан. Гэтэл тэр залуу биднийг удлаа гээд уурлаад байсан.” гэх мэдүүлэг /х14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ч.Баясгалангийн биед тархи доргилт, зүүн хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 16296 тоот шинжээчийн дүгнэлт /х29/,

“...Д.Гантулгын биед дээд эрүүний 11, 12 шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.” гэх 16031 тоот шинжээчийн дүгнэлт /х31/,

“...М.Энхбаатарын биед доод уруулын няцарсан шарх, дух, сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 16032 тоо шинжээчийн дүгнэлт /х35/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Энхбаатар, Д.Гантулга нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

М.Энхбаатар, Д.Гантулга нарт холбогдох 201626012821 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт заавал “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн байх” шинжийг тусгасан тул М.Энхбаатар, Д.Гантулга нарын үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Харин М.Энхбаатар, Д.Гантулга нар нь харилцан зодолдож хэн хэнийхээ биед болон, Д.Гантулга нь хохирогч Ч.Баясгалангийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэдний үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Иймд ялтан М.Энхбаатарын өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Баяжих овгийн Минжүүрийн Энхбаатарыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт, Шадав овгийн Даваагийн Гантулгыг догшин авирлаж танхайрхсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай” гэснийг “Баяжих овогт Минжүүрийн Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шадав овогт Даваагийн Гантулгыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбаатарыг 3 жил 1 сарын хорих ялаар, Д.Гантулгыг 3 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Минжүүрийн Энхбаатарыг дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Даваагийн Гантулгыг нэг мянган нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн шийтгэх тогтоолд: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Энхбаатар, Д.Гантулга нар торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт оруулсугай.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхбаатар, Д.Гантулга нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ