Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0088/З |
Дугаар | 221/МА2020/0583 |
Огноо | 2020-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0583
“Г-И” ХХК болон
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.О, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О болон хариуцагчийн өмгөөлөгч А.Н нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г-И” ХХК болон “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дугаар шийдвэрээр: “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г-И” ХХК болон “В” ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 147 дугаар тогтоолын “Г-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О болон өмгөөлөгч А.Н нар давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2014 оны A/464 дүгээр “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Батлан хамгаалахын их сургууль” орчим ГХДТ-2013/6 багцын “Б” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г-И” ХХК болон “В” ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилсан байна.
Дээрх батламжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны A/289 дүгээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай”, нийслэлийн Засаг даргын 2017 оны A/598 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2017 оны A/598 дугаар захирамжийн 3 дугаар заалтад хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан юм.
Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны A/718 дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж гарч, 2017 оны A/598 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийг “Энэхүү захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосугай” өөрчлөн найруулсан.
Дээрх шийдвэрийн дагуу “Г-И” ХХК болон “В” ХХК-ийн түншлэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн санхүүжилтээр нийт 6,757,399,201 /зургаан тэрбум долоон зуун тавин долоон мянга хоёр зуун нэг/ төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэсэн байна.
Ажлын зураг төсвийг “Эрчим төсөл” ХХК боловсруулан, захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ажиллаж, “Г-И” ХХК-тай гэрээ байгуулан, тус ажлыг гүйцэтгүүлэн дүгнэж, санхүүжилтийг төсвөөс олгуулан, гэрээ дүгнэсэн протоколыг үйлдсэн.
Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажиллаж, байнгын ашиглалт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ашиглалт хариуцсан байгууллагыг төлөөлж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг комисст ажиллуулан, баталгаажуулсан.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас холбогдох хууль, захирамжийн дагуу 2018 оны 2/1324 тоот албан бичгээр манай газарт хандан Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн барилга тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх хүсэлт хүргүүлэн, холбогдох баримт бичгийг ирүүлсэн.
Тус хүсэлтийн дагуу хөрөнгө бүртгэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, манай газрын холбогдох мэргэжилтэнүүд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын холбогдох ажилтнуудтай хамтран, “Г-И” ХХК-ийн холбогдох ажилтнуудыг байлцуулан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь бүртгэх хөрөнгийн байдалтай танилцан, тус хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх талаар танилцуулсан болно.
Мөн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1054 тоот албан бичгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил тул “Г-И” ХХК болон “Баганат Өргөө” ХХК-д дээрх хөрөнгийг эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй тухай мэдэгдэж байсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр 26-ны өдрийн “Нийслэлийн өмчид бүртгэн авах тухай” 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аливаа хэлбэрийг агуулаагүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “Г-И” ХХК болон “В” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 147 дугаар тогтоолын “Г-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолоор[1] “Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчимд байрлах хавсралтад заасан нийт 12,417,247,440 төгрөгийн үнэ бүхий ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэж” авчээ.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “... нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дүгээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай”, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2017 тоот улсын актаар ашиглалт хариуцсан байгууллагаар төрийн өмчит “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-г тогтоон баталгаажуулсан акт, захиалагчаар ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 02/1324 тоот албан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчимд байрлах ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэж авсан” гэх гомдлыг гаргасан байна.
Нэхэмжлэгч “... ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээний газар чөлөөлөлттэй холбоотой гарсан зардал болох 3,670,640,200 төгрөгийн хохирол гаргуулах, харин өмчлөл болон уг байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр баригдсантай маргаан байхгүй” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжилж буй 3,670,640,200 төгрөг нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, төслийн хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний нэвтрэх сувгийн барилгын трасс хэсгийн газрыг чөлөөлсөнтэй холбогдон гарсан зардал гэж тайлбарлаж байна[2].
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.22-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”, Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна”, хэрэгт авагдсан гурван талт гэрээний[3] 4.2-т “Төсөл хэрэгжүүлэгч дор дурдсан үүрэг хүлээнэ”, 4.2.2-т “Сонгосон талбай дахь газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх” гэж заажээ.
Үүнээс үзэхэд холбогдох журам болон хуульд заасны дагуу байгуулагдсан гурван талт гэрээнд газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцах тухай тусгасан байх бөгөөд үүнийг зөвшөөрч талууд гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцахаар тусгасан байхад уг зардлыг хохирол учирсан хэмээн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна”, 6.1.2-т “Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө”, 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтууд болох нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/289[4], нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/598 дугаар захирамж[5], нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4673 дугаар албан бичиг[6], гэрээг дүгнэсэн протоколууд[7] зэргээс үзвэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчимд байрлах ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг улсын төсвөөс санхүүжүүлжээ.
Тодруулбал, уг байгууламж нь төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нь холбогдох баримтаар тогтоогдож, мөн энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргахгүй байгаагаас үзвэл хуульд зааснаар төрийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоол нь холбогдох хүсэлтийг үндэслэн[8], хуульд заасны дагуу гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй, мөн анхан шатны шүүхийн Иргэний хуульд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөл үүссэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “Хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж заасан.
Дээрх хуулийн заалтаас үзвэл захиргааны хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардсан байна.
Гэвч маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоол гарснаар “Г-И” ХХК-д хохирол учирсан бус харин ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг барихад газар чөлөөлсөн зардлыг гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд ханджээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болон хохирлын хооронд шалтгаант холбоо үүссэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2 тус тус баримтлан “Г-И” ХХК-иас, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 147 дугаар тогтоолын “Г-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Г-И” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 3 хавтас 31 хуудас
[2] 1 хавтас 83-85 хуудас
[3] 1 хавтас 230 хуудас
[4] 3 хавтас 41 хуудас
[5] 3 хавтас 44-45 хуудас
[6] 3 хавтас 58 хуудас
[7] 3 хавтас 93, 117, 158 хуудас
[8] 3 хавтас 97 хуудас