Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 38

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Т сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга Г.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр Баян-Өндөр, Хайлааст, Хар нуур, мал чулуу гэдэг нэртэй газар үр тариа тариалахаар 15 жилийн хугацаатай 1604 га газрыг эзэмшиж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/68 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хураан авч, газрын улсын бүртгэлээс хасч, гэрээ цуцлах болсон талаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэж ямар үндэслэлээр гарсныг тодруулах гэтэл дахин Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар захирамж гарсан гэж манайд өгсөн. Сумын Засаг даргаас захирамж гаргах үндэслэлээ Газрын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарласан боловч уг байдал хэрхэн яаж тогтоогдсон талаар бидэнд тайлбар өгөөгүй болно.

Газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзвэл энэ талаарх нөхцөл байдлыг компанид мэдэгдээгүй, энэхүү захиргааны акт гарах болсон үндэслэл, хууль хэрэглээний байдал нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дээд шатны Засаг дарга буюу Архангай аймгийн Засаг даргад хандаж удаа дараа биечлэн уулзахад танай асуудлыг шийдвэрлэнэ гэсээр 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 01/392 дугаар албан бичгээр хариу өгснөөр шүүхэд хандаж байгаа болно.

Иймд дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гарсан захирамжууд гэж үзэж байгаа тул Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

“Э” ХХК нь 2015 оноос эхлэн Архангай аймгийн Т суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Т сумаас газар эзэмших эрхийг цуцалсантай холбоотой захирамж ирсэн. Ямар учраас энэ захирамж ирсэн талаар тодруулах гэхэд дахин 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Архангай аймгийн Т сумын Засаг даргын А/75 дугаар захирамжийг нэмж өгсөн. Т сумын Засаг дарга А/75 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч Газрын тухай хуулийн яг аль зүйл заалтыг зөрчсөн, Засгийн газрын тогтоолын аль зүйл заалтыг зөрчсөн талаар дурьдаагүй. Мөн багийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, хариулт өгөхгүй шууд “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан гэж үзэж Архангай аймгийн Засаг даргад хандсан. Архангай аймгийн Засаг даргаас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/392 дугаар албан бичгээр Архангай аймгийн Тсумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар захирамжуудыг цуцлахгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Тийм учраас “Э” ХХК аймгийн Засаг даргаас ирүүлсэн дээрх албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашиг, ажилчдын эрх, ашиг зөрчиж байна. 

Иймд Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг дарга Г.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т сумын Засаг дарга 2015 оны 1 дүгээр сарын 26-ны шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн газрыг “Э” ХХК-д эрх шилжүүлэх захирамж гаргахдаа аймгийн Засаг дарга бөгөөд Өмчийн албаны даргын албан бичиг болон бусад холбогдох хуулийг үндэслэн шилжүүлсэн. “Э” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 “Э” ХХК нь үйл ажиллагаа явуулж байхдаа хэд хэдэн зөрчлүүд гаргасан. Тухайлбал сумын Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хугацаандаа гэрээгээ байгуулаагүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү рапс буюу тосны ургамал тарьсан, орон нутгаас 5-7 ажилтан авч ажиллуулчхаад цалин мөнгийг нь олгоогүй, малчдын малыг машинаар дайрсан зэрэг бүдүүлэг авир гаргаж байсан. Энэ талаар тухайн орон нутагт амьдарч байгаа малчид, иргэдээс сумын Засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд газар эзэмших эрхийг цуцалж өгнө үү гэж удаа дараа санал, гомдол ирсэн. Үүний дагуу “Э” ХХК-д олгосон газрын асуудлыг судалж үзэхэд Газрын тухай хууль болон Засгийн газрын 38 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна гэж үзээд Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

 Засгийн газрын 38 дугаар тогтоолын 6 дахь заалтад ...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоол, саналгүйгээр “Э” ХХК-д газар олгохыг сумын Засаг даргад даалгасан. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийг татан буугдсаны дараа тухайн газрыг багийн иргэдийн Нийтийн хурлаар дахин оруулж дуудлага худалдаа явуулах буюу сонгон шалгаруулах зарчмаар олгох байсан. Гэтэл энэ процесс явагдахгүй шууд аймгийн Засаг дарга буюу тухайн үеийн аймгийн удирдлагуудын шахалтаар “Э” ХХК-д газрыг шууд шилжүүлсэн миний захирамж хууль бус захирамж болсон. 

Иймд сумын Засаг дарга миний бие “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтад нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг тус тус хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

“Э” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад /цаашид сумын Засаг дарга гэх/ холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 дугаар захирамжийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хураан авч, газрын улсын бүртгэлээс хасч, гэрээг цуцлахыг газрын даамалд үүрэг болгожээ .

Мөн сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтад нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/68 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад “Тариалан эрхлэлтийг дэмжих техник дундын үйлчилгээний төвийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э” ХХК-нд шилжүүлсэн захирамж нь Газрын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа тул” гэж нэмэлт оруулжээ . 

Сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 37 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1., аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 1604 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ .

Сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/12 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт, аймгийн Засаг дарга бөгөөд өмчийн албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/20 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн эзэмшиж байсан үр тарианы зориулалттай 1604 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “Э” ХХК-нд шилжүүлжээ . 

Сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт, аймгийн Засаг дарга бөгөөд өмчийн албаны даргын албан бичгийг үндэслэн дээрх захирамжийг гаргасан нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй шийдвэр болжээ.

Учир нь маргаан бүхий тариалангийн зориулалттай дээрх газрыг анх “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-т “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заасныг үндэслэн төсөл шалгаруулалт, дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн байна. 

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв байгуулах тухай” 38 дугаар тогтоолоор “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв”-ийг Архангай аймгийн газар тариалангийн техникийн хангамжийн дутагдалтай, иргэн, аж ахуй нэгжид тариалангийн технологит ажлыг техникээр гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх, аж ахуй нэгж өөрөө 10000 хүртэлх га талбайд тариалан эрхэлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх гэсэн зорилготойгоор байгуулан ажлуулж байгаад мөн Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай” 58 тогтоолоор  татан буулгажээ .

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоолоор “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасан байх тул тухайн байгууллагын эзэмшиж байсан тариалангийн зориулалттай 1604 га газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1., 33.1.2.-т заасан журмын дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх нь зүйтэй байжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. “Төрийн нийтийн зориулалттай өмч”, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:”, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “иргэдэд өмчлүүлснээс бусад газар;”  гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл маргаан бүхий тариалангийн газар нь нийтийн зориулалттай орон нутгийн өмч байна. 

Мөн хуулийн 78 дугаар зүйл. “Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх” 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.”, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд  “... орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.” гэж тус тус заажээ.

Хууль, журмын дээрх заалтуудаас үзвэл аймгийн Засаг дарга бөгөөд өмчийн албаны дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгоогүй байхад орон нутгийн өмчийн газрыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шилжүүлэн эзэмшүүлэх эрхгүй байна.

Аймгийн Засаг дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний төв нь татан буугдаж байгаа тул түүний эзэмшилд байгаа 0202958  тоот гэрчилгээтэй 1064 га газрыг “Э” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж гэрчилгээг олгоно уу.”  гэсэн утга бүхий 01/20 дугаар албан бичгийг сумын Засаг даргад хүргүүлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөөгүй байна . 

Дээрх албан бичгийг үндэслэн гарсан сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/12 дугаар захирамж нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй захирамж гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл сумын Засаг дарга нь хууль, тогтоомжид нийцээгүй гарсан захирамжаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .... хүчингүй болгоно.” гэж заасны дагуу өөрөө хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд “Э” ХХК-иас тус шүүхэд гаргасан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1., 33.1.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Архангай аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” А/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” А/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ