Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 252

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, хаягтай “*******” ББСБ,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц.*******, хариуцагч “*******” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллаж амьдарсан. Намайг Монгол Улсад эзгүй байхад буюу 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ц.******* нь миний өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 13б байр 29 тоот 2 өрөө орон сууцыг “*******” ББСБ-д 20 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан байсан. ... Гэтэл тухайн үед буюу зээлийн гэрээ байгуулагдах үед нь би Монгол улсад өөрийн биеэр байгаагүй. Намайг Монгол улсад байгаагүй гэдгийг миний гадаад паспорт болон бусад нотлох баримтууд нотлоно. Би 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсаас гарч, гэрээт ажилтанаар Солонгос улсад ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Өмнө нь амралтаараа 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирэхдээ орон сууц, байрны мөнгө цуглуулсан учраас барьцаанд байгаа тус орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдаж авсан юм. Ингээд 2011 оны 1 дүгээр сарын         26-ны өдөр Монгол улсаас гарч, Солонгос улсад буцаж очоод ажилласан. Ингээд Монголд ирэхгүй байж байгаад 2011 оны 12 сард виз дууссаны улмаас ирсэн. Намайг ийнхүү эзгүй үед миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн орон сууцыг маань барьцаанд тавьж зээл авсан байсан ба зээлийн гэрээнд өөр хүнээр гарын үсэг зуруулсан байсан. “*******” ББСБ нь бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалж зээл олгож гэрээ байгуулсанд их гомдолтой байна. ... аваагүй мөнгийг надаас гаргуулах гэж, байрыг албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа учраас намайг байрыг суллаж өг гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Миний эрх ашиг хөндөгдөж байна. Би зээл аваагүй. Би байраа барьцаанд тавьж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд явахад зээл батлагдчихаж байгаа юм харин материалаа бүрдүүлээд өгөхөд үл хөдлөх бүртгэлийн газарт эрх байхгүй, шийдвэр гүйцэтгэх газраас өртэй байна гээд ингээд миний эрх ашиг хөндөгдөж байна. Мөн сэтгэл санааны дарамт байнга байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байрыг суллаж өгөх мэдэгдэл байнга ирдэг. Үл хөдлөх бүртгэлийн газарт өөрийнхөө эрхээ сэргээлгэх шаардлагатай байна. 8 хувийн ипотекийн зээлд хамрагдъя гэхээр өртэй байна гээд хамрагдаж чадахгүй байна. Ингэж миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү, өөрийн өмчлөлийн орон сууцандаа тайван амгалан амьдармаар байна ... Сүүлд шүүх дээр хийсэн эвлэрлийн гэрээг байгуулахад би учрыг нь сайн ойлгоогүй, ******* өөрөө төлнө та зүгээр гарын үсэг зурчих, би мөнгө авсан учраас би зохицуулчихна гэж хэлсэн. Би эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан. Би хуулийн мэдлэггүй учраас гарын үсэг зурсан. ... Ц.*******, “*******” ББСБ-ын буруутай үйл ажиллагааны улмаас миний бие өнөөг хүртэл хохирч яваа тул 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан /SN-10003067/ тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “*******” ББСБ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэн Ц.*******, Ц.******* нар нь 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, 13б байр 29 тоот 29 м/кв, 2 өрөө орон сууцыг барьцаалан 20 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж авсан. Талууд зээлээ төлөөгүй учир манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь 3 сарын хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Ц.******* нь зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж байсан боловч шүүхийн шатанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах хугацаа хүсч тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсанаар тус компанийн өмнө мөнгө төлбөрийн үүрэг хүлээсэн юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд , уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заасан зохицуулалтанд нийцсэн болно.

Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж дуусгах хугацаа 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусч түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд төлөх ямар ч эрмэлзэлгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг 2 шатны дуудлага худалдаанд оруулж эцсийн шийдвэр гарах үед энэхүү ажиллагааг хойшлуулж, удаашруулж хугацаа авах зорилготой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Миний бие 2011 онд бизнесээ өргөжлүүлэх үүднээс зээл авах гээд барьцаа хөрөнгө шаардлагатай байсан учир эгч Ц.*******ын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, 20 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээ байгуулах үед Ц.******* нь    БНСУ-д байсан ба түүнтэй адилхан царайтай гудамжинд явж байсан хүн дагуулж ирээд зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулчихсан юм. Зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн. ... Эгчийнхээ байрыг яаж ийж байгаад авч өгнө гэж бодож байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч “*******” ББСБ болон Ц.Бямбадорж нарт холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдах үед миний бие Монгол Улсад байгаагүй, БНСУ-д гэрээгээр ажиллаж амьдарч байсан, үүнийг гадаад паспорт дээр дарагдсан тэмдэглэгээнээс харж болно, ... намайг ийнхүү эзгүй үед миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн орон сууцыг маань барьцаанд тавьж зээл авсан байсан ба зээлийн гэрээнд өөр хүний гарын үсэг зурсан байсан, ... энэ зээлийн гэрээнээс үүдэж миний өмчлөх эрх зөрчигдөж, шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүс байнга ирж орон сууцыг чөлөөлөхийг шаардаж маш их дарамттай хэцүү байгаа учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өөрийн өмчлөлийн орон сууцандаа тайван амгалан амьдармаар байна ... “ гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч хариуцагч “*******” ББСБ нь “ ... гэрээ хуулийн дагуу хийгдсэн, хэлцлийг хүчин төгөлдөр болохыг Ц.******* хожим хүлээн зөвшөөрч шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... “ гэж маргасан байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээгээр Ц.*******, Ц.******* нар нь “*******” ББСБ-аас 20 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бараа материал татах зориулалтаар зээлсэн, үүргийн гүйцэтгэлд Ц.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,   1-р хороолол, 13б байр 29 тоот 29 м/кв, улсын бүртгэлийн Ү-2201006790 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Гэрээнд талууд гарын үсэг зурж, барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авадсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1096 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “*******” ББСБ нь хариуцагч Ц.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,623,730 төгрөг нэхэмжилсэнээс 7,623,730 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь 21,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 13б-29 тоот 2 өрөө орон сууцнаас 21,000,000 төгрөгийг гаргуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарчээ.

 

Тодруулбал 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч /“*******” ББСБ/ шүүхэд хандсан, шүүхийн шатанд зээлдэгч буюу хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь уг зээл, төлбөрийг төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсаныг, шүүгчийн захирамжаар баталсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.******* нь хэлцлийг  хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа боловч уг хэлцлээр үүссэн үүрэг, зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2013 онд хэлцэлийн нөгөө тал буюу хариуцагч “*******” ББСБ-тай ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шатанд эвлэрч байжээ.

 

Ц.******* нь 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу зээл, барьцааны гэрээ байгуулагдах үед БНСУ-д ажиллаж, амьдарч байсан гэж энэ талаар өөрийн гадаад паспортыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зөвхөн энэ баримт, нөхцөл байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохоор заасан тул өөрийн биеэр байгаагүй ч хуульд заасны дагуу төлөөлөл, итгэмжлэлээр дамжуулан хүсэл зоригоо илэрхийлж оролцох боломжтой юм.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 182.2-т заасны дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэ байдал нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох зарчмаар хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлийг бий болгож байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын  20-ны өдрийн 1096 дугаартай захирамжид үндэслэж 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэгдэж байгаа ба нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлдээ орон сууц өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2408 дугаартай шийдвэрээр орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж, бүртгэхийг эрх бүхий байгууллагад даалгасан дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ББСБ, Ц.Бямбадорж нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 257,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН