| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0704/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 735
2019 12 17 2019/ШЦТ/735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Д.Агар,
хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Г ,
шүүгдэгч Т.Т , Э.Т тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж У овогт Т-ын Т , Ж овогт Э-ын А нарт холбогдох эрүүгийн 1903005520447 дугаартай 187/2019/0704/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны .... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У овогт Т-ын Т /РД.../
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын.........-ний Сэлэнгэ аймгийн Шаамар төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......хамт, Хан-Уул дүүргийн .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж овогт Э-ын А /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т-ын Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 7.721.847 төгрөг завшсан,
Шүүгдэгч Э-ын А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 5.112.231 төгрөг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т-ын Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 7.721.847 төгрөг завшсан,
Шүүгдэгч Э-ын А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 5.112.231 төгрөг завшсан болох нь:
1. Шүүгдэгч Э.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ажил 3 ээлжээр 48/24 цагаар ажилладаг байсан. Бид хоёроос гадна нэг эгч хамт ажиллаж байсан. Бид хоёр хоол хүнсийг ажлын газрын хүмүүст зээлээр өгдөг байсан ба зээлээр хоол өгсөн хүмүүсээс мөнгө авч чадаагүй. Учир нь зарим ажилчид ажлаасаа гарсан, зарим нь зээлээ төлөхгүй удсанаас болж бид хоёр ажиллаж байсан. Байгууллагадаа хохирол учруулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Т.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Шүүгдэгч Э.А гийн өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч нар 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд манай байгууллагын нийтийн хоолны газарт 12.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан. Т 7.721.847 төгрөгийн хохирол учруулснаас 1.400.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 6.321.847 төгрөгийг 3 сарын хугацаанд төлнө гэдгээ илэрхийлсэн. Харин А байгууллагад 5.118.231 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Бидний зүгээс шүүгдэгч нараас хохирлоо төлүүлэхээс өөр санал, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад “Си Эс Ай АУДИТ" ХХК-иар ны дүгнэлтээр нийт 12.834.078 төгрөгний хохирол учирсан. Уг хохиролыг Хан уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байсан Э.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа нийт 5.112.231 төгрөг, Хан уул дүүргийн 10 дугаар хорооуы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан" олон улсын нисэх буудлшн Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байсан Т.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа өдөр, өдрийн орлогын мөнгийг банканд тушаалгүй нийт 7.721.847 төгрөгний мөнгийг хувьдаа завшиж тус байгууллагад учруулсан байсан. Мөн уг хэрэгт хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах ажиллагааны хөлс болох 2.800.000 төгрөгнийг “Си Эс Ай АУДИТ” ХХК-нд шилжүүлсэн бөгөөд дээрх хохирол дээр нэмж 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Манай компанид учирсан хохиролоос Э.А гийн учруулсан хохирол болох 5.112.231 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн байсан бөгөөд уг мөнгийг төлсөн баримтыг манай байгууллагаас гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/
5. Гэрч Ч.о-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингис хаан олон улсын нисэх буудлын хэвлэл мэдээлэл, хуулийн хэлтсийн даргаар ажилладаг, тус буудлын нийтийн хоол үйлчилгээний албаны худалдагч А , Т нар нь ерөнхийдөө орлогын мөнгөнөөс удаа дараа хувьдаа завшсан асуудал илэрсэн, уг зөрчлийн талаар нягтлан бодогч Ууганцэцэгээс тайлбар авахад энэ асуудал нь 2018 оны 10 дугаар сараас эхлэж өдөр болгоны орлогын мөнгийн байгууллагын дансанд тушаахгүй байсан гэсэн тайлбар өгсөн, нийтдээ 2019 оны 04 сарын 29-нд ерөнхий нягтлан бодогч Халиунбигэрийн гаргаж өгсөн тооцоогоор 22.462.550 төгрөгний орлогыг дутаасан гэж гаргсан байсан чинь 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцсан нягтлан бодогч Ууганцэцэг нь 17 сая яг бутархай дүнг нь санахгүй байна хэмжээний төгрөгний орлогыг тушаагаагүй байна гэж гаргасан байсан. Би яг аль дүнг зөв тооцоо гэдгийг нь мэдэхгүй байна, ямар учраас эхлэж 22 сая гэж гаргаад дараа нь 17 сая болгочихсон гэдгийг нь мэдэхгүй байна, энэ 2 хүний гаргасан зөрчлийг Ууганцэцэг нягтлан бодогч нь удаа дараа мэдсээр байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мэдчихээд ерөнхий нягтлан болон холбогдох дээд шатны даргад хэлсэн, би өөрөөс нь асуусан чинь энэ 2 хүнд нэг удаа хэлж сануулсан гэдэг тайлбарыг гаргаж байсан. Өнгөрсөн долоо хоногт 2 сая орчим төгрөгийг нь буцааж төлөөд одоо 15 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн. Өмнө нь бас 2013 онд А , Т нар нь ийм мөнгө төгрөгний бас зөрчил дутагдал гаргаад бас дотооддоо арга хэмжээ аваад өнгөрч байсан, ийм тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон юм ... Нийийн хоол үйлчилгээний алба нь албаны дарга, технологич, чанарын мэргэжилтэн, зөөгч, худалдагч гэсэн бүтэцтэй. Ажлын байрын тодорхойлолтоор технологич, нэгжийн дарга нар хяналт тавих ёстой. Өдөр тутмын тооцоог технологичтой Тооцоо нийлээд бүртгэлийн нягтлан бодогчтой тайлан тооцоогоо нийлж явдаг. Одоо технологичоор Хишигжаргал гэдэг хүн ажилладаг, албаны дарга нь Пүрэвтогтох гэж хүмүүс байдаг Хариулт: Уг нь бол өдөр болгон ажилласан ээлж бүртээ гаргаж өгөх ёстой байдаг тэгтэл энэ 2 ажилтан нь ээлж болгоныхоо тооцоог гаргаж өгөлгүй явчихдаг хэд хонож байгад тайлангаа гаргаж өгдөг байсан гэсэн. Сарын тайландаа өртэй ордог тэгсэн мөртлөө гэхдээ тухайн улирлынхаа тайланд ямар нэгэн өргүй орчихдог байсан гэсэн. Улирлын тайланд өртэй оруулахгүйн тулд зээл авхуулаад, мөн цалингаас нь суутгаад авчихдаг байсан гэсэн. Энэ хэрхэн суутгадаг, хэрхэн зээл аваад төлдөг байсныг нь Ууганцэцэг нягтлан сайн мэдэж байгаа. ...Яг л ийм орлогын мөнгийг дутааж байсан гэсэн, хичнээн хэмжээний мөнгө дутаасныг мэдэхгүй байна. 3 ээлжийн худалдагч нь гурвуулаа мөнгөний асуудал гаргаад нэг ажилтан нь халагдаад энэ Т , А нарын сарын цалинг 20 хувь хасах шийтгэл авч байсан. ...Санхүүгйин хэлтсийн дарга Эрдэнэчимэг уг асуудлыг мэдэж байсан, мөнгө дутдаг асуудлыг 2018 оны 10 сараас эхлэлтэй надад хэлж байсан. Эрдэнэчимэг нь дараа дараагийн шатны даргад хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. ...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэчимэг дарга яг над руу залгаад өрөөнд ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд би очсон чинь ийм асуудал үүссэн байсан. Би бол огт мэдэээгүй байсан. Эрдэнэчимэг дарга хэлэхээр л мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8/
6. Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чингис хаан олон улсын нисэх буудлын нийтийн хоол үйлчилгээний албаны худалдагч нар нь өдөр тутмын орлогоо тогоочтой тулгаад дараа нь надтай тооцоо нийлж тайлангаа өгдөг. Т , А нар нь орлого дутуу тушаадаг байсан, тэр болгондоо надтай тооцоогоо нийлдэг. Ер нь бол долоо хоног тутам тооцоо нийлэх ёстой байдаг тэгтэл уг ажилчид нь зарим өдрөө бууж амарчихаад тухайн өдрийн орлогыг уг өдөрт багтаагаад хийж амждаггүй байсан. 2018 оны 10 сараас хойш Капитал банк нисэх буудал гарсанаас хойш худалдагч нь бэлэн орлогын мөнгийг тушаахад хүндрэлтэй болсон, Капитал банк байх үедээ 24 цагаар ажилаад тухайн өдрийн орлогыг тушаачихаад явдаг байсан, харин капитал банк гарсанаас хойш 24 цагаар ажилладаг банк байхгүй болоод оройдоо цугларсан бэлэн мөнгийг Хаан банкны АТМ-ээр тушаадаг болсон, нисэх буудлын хоолны газар нь урьд нь өглөө 08 цагаас шөнийн 02 цаг хүртэл ажилладаг байсан харин одоо 05 дугаар сарын 01- нээс 24 цагаар ажилладаг болсон. Ингэж ажилладаг болохоор орлогоор 5000- таас доош задгай мөнгөнүүд их цуглардаг байсан, тухайн задгай мөнгөнүүдийг АТМ бэлэн мөнгөний машин авдагггүй зэрэг хүндрэлтэй талууд байдаг байсан. 2018 оны 10 сараас хойш Т , А нар нь орлогын мөнгийг дутуу тушааж байгааг мэдээд ерөнхий нягтлан бодогч Халиунбигэрт танилцуулахад яаралтай барагдуул гэж надад хэлсэн, тэгээд би тухайн 2 хүнтэй холбогдоод яаралтай мөнгөө төлж барагдуул жилийн эцсээр ийм үлдэгдэлтэй орж болохгүй гэж хэлж байсан, тэгээд би 2018 оны 12 сард амралтын мөнгийг нь суутгаж авч байсан. Мөн би 2018 оны 10 сард нь нийтийн хоол үйлчилгээний албаны дарга Пүрэвтогтоход Т мөнгө дутуу тушааж байна, Т ыг солимоор байна гэж хэлсэн чинь солих хүн байхгүй гэж хэлж байсан. Би тухайн хүмүүст байнга банк хаахаас өмнө орлогын мөнгийг тушааж бай гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан, аж ахуй хангамжийн хэлтсийн дарга Жавхлантөгсөд 16 цаг болохоор бэлэн мөнгөний няравыг ресторан руу яваад орлогын мөнгийг нь хурааж байж болох уу гэсэн чинь манай кассын няравын орлогын ажлын байрны тодорхойлолт дээр тийм зүйл байхгүй, нисэх буудал дээр өчнөөн олон худалдагчид ажилаад мөнгөө тушаагаад болж байна гэж хэлсэн. Т нь орлогын мөнгөнөөс нийтдээ 9,3 сая төгрөг дутаасан байсан, тэрнээс 1 сая 80 мянган төгрөгийг нь барагдуулаад одоо 8.369.292 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Энэ дүн нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Т тай тооцоо нийлс? мөнгөн дүн. А нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 8.887.173 төгрөг дутаасан ба тэрнээс 05 дугаар сарын 06-ны өдөр 1.020.000 төгрөг, 05 дугаар сарын 08-нд 270.000 төгрөг тушааж барагдуулаад одоо 7.597.172 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтээд гарч ирсэн юм. Намайг эмнэлэгт байх хойгуур энэ тооцоог ерөнхий нягтлан бодогч зөрүүтэй бодсон байсан. А , Т нар нь зарим мөнгө тушаасан баримтаа Халиунбигэрт өгөөгүй байсан болохоор буруу бодогдсон. Би 5 дугаар сарын 03-ны өдөр Т , А нартай тооцоо нийлээд А дээр 8.887.173 төгрөг, Т дээр 9,3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. ...Ер нь бол зарим сардаа өртэй гардаг байсан. Аль аль нь өртэй гардаг байсан, би тайланг нь яг байгаагаар нь гаргадаг байсан. Тэгээд дараа сард нь өрөө төлчихлдөг байсан. Би 2017 оны 4 дүгээр сараас Чингис хаан олон улсын нисэх буудалд шилжиж ирж ажилласан. ...Би 2018 оны жилийн эцсийн тайлангийн ерөнхий нягтлан Халиунбигэрт тооцоог танилцуулсан. Тэгэхэд Халиунбигэр захиралтай ярьж байгаад тухайн хоёр ажилтныг бэлэн мөнгөний ажлаас өөр ажил рүү шилжүүлэх талаар ярилцаад буцаж хэлье гэдэг байсан. Бас нийт хоол үйлчилгээний албаны дарга Пүрэвтогтоход хэлээд солиод оронд нь худалдагчаар өөр хүн ажиллуулаач гэж хэлж байсан. Би дутуу мөнгө тушааж байхад нь байнга өдөр болгон шахуу утасдаад тооцоо бүрэн нийл, мөнгөө тушаа гэж хэлж байсан. ...Санхүүгийн хэлтсийн дарга энэ асуудлыг мэдэж байсан байх, бид нарын программыг татаж хараад мэддэг байсан. Энэ хоёр хүн дутуу мөнгө тушааснаас болоод би хүртэл удаа дараа цалингаа хасуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-112/
7. Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А , Т нар нь орлогын мөнгө дутуу тушааж байгааг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн, Ууганцэцэг нягтлан бол манай байгууллагад зөвхөн Нийтийн хоол үйлчилгээний албаны мөнгийг боддог, Ууганцэцэг нь 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 19-ны өдрийн хооронд ажилласан ба Ууганцэцэгийн ажпын байрны тодорхойлолтонд зөрчил гарсан бол дээд шатны удирдлагад мэдэгдэх ёстой байдаг, тэгтэл Ууганцэцэг мэдчихээд дээд шатны дарга, удирдлагад мэдэгдээгүй, Нийтийн хоол үйлчилгээний албаны өдөр тутмын тайлан авдаг нягтлан маань орлого тушаахгүй байгааг мэдэгдээгүй. Жишээлбэл 4 сарын орлогын тайланг 5 дугаар сарын 02- нөөс 04-ны өдрийн хооронд ерөнхий нягтлан бодогчид хянуулах ёстой байдаг. Манай санхүүгийн хэлтэс сар бүрийн сүүлээр үр дүнгийн хурал гэж хийдэг, 2019 оны 04 дүгээр сарын 23 билүү 24-ны өдөр үр дүнгийн хуралд дээр би энэ мөнгө тушаагдсан асуудлыг мэдсэн, өдөр болгоны худалдагч нарийн тайлан, банкны хуулгаар тухайн асуудлыг мэдсэн. Тэгээд би тухайн асуудлаар нийт яг хэдэн төгрөгний орлого дутуу тушаасан ерөнхий тооцоог гаргая гээд 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөр бодоход 22.462.550 төгрөгний орлого дутуу тушаасан байна гэсэн тооцоо гарсан байсан, үр дүнгийн хурал дээр байсан санхүүгийн хэлтсийн дарга Эрдэнэчимэг дарга бас энэ асуудлыг мэдээд захирал болон нийтийн хоол үйлчилгээний албаны дарга нарт мэдэгдсэн. 2018 оны жилийн эцсийн тайлан болон 2019 оны 01 дүгээр улиралын санхүүгийн тайлангаар Т , А нарт авлагатай асуудал үүсээгүй байсан. Тэгэхээр 2019 оны 03 дугаар сарын 31 -ны өдрөөс өмнө бол энэ 2 худалдагч дээр ямар нэгэн авлага байгаагүй, өр тооцоогүй байсан гэсэн үг. ...Миний гаргаж өгсөн тооцоо бол 4 дүгээр сарын 24-ны өдрөөр гаргасан тооцоо байсан тэрнээс хойш А , Т нар нь үлдэгдэл зарим нэг өдрийн орлогыг тушаасан байсан. Тэгэхээр одоо Ууганцэцэгийн гаргасан 17.256.465 төгрөгийн тооцоо нь зөв гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-116/
8. Гэрч Ц.Э-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 29-ний өдрийн хооронд Захиргааны ерөнхий менежер Энхбаатар өрөөндөө намайг дуудаад 04 дүгээр сарын тооцоогоо аваад ир гэж дуудсан, тухайн үед би технологичоос тооцоогоо аваад Энхбаатар менежерийн өрөөнд очтол түлхүүр нь байхгүй байна гээд Санхүүгийн хэлтсийн дарга Эрдэнэчимэгийн өрөөнд ерөнхий менежер Энхбаатар, санхүүгийн хэлтсийн дарга Эрдэнэчимэг, ерөнхий нягтлан бодогч Халиунбигэр бид 4 уулзсан. Тэр үед санхүүгийн хэлтсийн дарга Эрдэнэчимэг нийтийн хоол үйлчилгээний албаны А , Т нар нь тооцоогоо тушаахгүй, өртэй яваад байна, дарга нь мэддэг юм уу, үгүй юм уу гэж хэлсэн . Тухайн үед яг хэдэн төгрөгийн мөнгөн дүнгийн зөрүүтэй байгааг хэлээгүй. Би өмнө энэ хоёр ажилтныг тооцооны зөрүүтэй байгааг огт мэдээгүй явж байсан. Тухайн үед л анх удаагаа мэдсэн. Тэгээд хариуцсан нягтлан Ууганцэцэг нь амралттай байгаа юм байна гээд ерөнхий нягтлан бодогч Халиунбигэр яг хэдэн төгрөгний тооцоотой байгааг нь бодож гаргаж өгсөн. Тэр өдрийн орой Т , М А нарыг би өрөөндөө дуудаад уулзсан, орой 17 цагийн орчимд уулаад хэдэн төгрөгний өртэй болсон, яагаад мөнгөө тушаахгүй байсаныг асуухад тухайн 2 ажилтан ямар нэгэн хариулт хэлэхгүй, огт дуугарахгүй байсан, тухайн өдөр нь ажлын сүүлийн өдөр буюу баасан гараг байсан санагдаж байна, тэгээд дараагийн долоо хоногт үлдсэн тооцоогоо бүрэн барагдуулна гэсэн баталгааг ерөнхий менежер Энхбаатарын өрөөнд бичүүлж авсан. Т , А нар нь 04 дүгээр сарын 29-нөөс ажилаас нь чөлөөлсөн, яг халагдах тушаал нь хэдний өдөр гарсаныг нь би мэдэхгүй байна, над дээр одоо болтол халагдах тушаал нь ирээгүй байна. Би яг одоогийн байдлаар хэдэн төгрөгний тооцоотой байгааг нь мэдэхгүй байна, ямар ч байсан Энхбаатар ерөнхий менежерийн өрөөнд баталгаа бичиж өгөхөд Т нь 12 сая, А нь 10 орчим сая төгрөгний тооцоотой байсан, би задгай мөнгөн дүнг нь санахгүй байна. ...Дутуу тушааж байна гэж хэлж байгаагүй, өнөөдөр дуудах шаардлагатай байна та дуудаад өгөөч, энэ 2 ажилтан ирж тооцоогоо нийлэхгүй байна гэж өол нилээн олон удаа хэлж байсан. Би яг хэдэн хэдний өдрүүдэд тэгж хэлж байсныг нь мэдэхгүй байна. Т , А нарыг орлогын мөнгөө дутуу тушаачихлаа, тэдэн төгрөгийн өртэй байна, энэ 2 ажилтныг солиод өгөөч гэж хэлж байгаагүй. 2019 оны 3 дугаар сарын сүүлээр санагдаж байна, бас улирлын тайлан мэдээ дөхсөн үе байсан, миний ажлын өрөөнд нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Ганаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ирээд танай Т гэдэг ажилтан зээл авчихаад одоо төлөхгүй байна. Хаан банкинд зээлтэй байж байгаад тэр зээлээ дарна гэж зээл авсан. Та тухайн хүндээ хэлээд өгөөч гэж хэлж байсан. 7 сая төгрөгийн зээл байсан санагдаж байна, зээлийг хэвлэчихсэн байсан. Би тэгэхээр нь тухайн үед Т ыг дуудаад зээлээ төлөөч ээ яагаад төлөхгүй байгаа юм, дараа дараагийн хүмүүс зээл авахад хэцүү ш дээ энд чинь байгууллагын нэр хүнд яригдаж байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхэд Т зээлээ төлнө л гэж хэлж байсан. Тэгээд би энэ Т ыг яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бол мөнгөө яачихдаг юм бол гэж хардаж эхэлсэн. 3 дугаар сарын сүүлээр би Нийтийн хоол үйлчилгээний албаны худалдагч нарын авлагын дэлгэрэнгүй тооцоог нисэх буудлын санхүүгийн программаас өөрөө шалгасан чинь худалдагч Т дээр 6.300.000 төгрөг, А дээр 3.200.000 төгрөгийн авлагатай байсан. Нилээн их хэмжээний авлагатай харагдаж байсан. Тэгж энэ асуудал анх мэдэгдсэн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр 2019 оны 01 дүгээр улиралын тайлан гарсан чинь энэ 2 ажилтан нь өргүй болчихсон, тухайн авлагаа төлчихсөн байсан, тэгээд 04 сарын дундуур ахиад шүүсэн чинь Т , А нар нь дахиад хэдсэн саяаараа авлагатай болчихсон, банкинд мөнгө тушаасан хуулгыг нь харсан чинь энэ 2 ажилтан нь 04 дүгээр сард бэлэн мөнгө тушаагаагүй байсан. Тэгээд би мөнгө тушаахгүй байгааг нь мэдээд, ерөнхий нягтланд хэлээд, ерөнхий нягтлангаар Хаан банкны хуулгыг нь аваад шалгатал огт мөнгө тушаагаагүй байсан, тухайн үед нийтийн хоол үйлчилгээний албыг хариуцсан нягтлан бодогч Ууганцэцэг нь эмнэлэгт хэвтчихсэн байсан, би ерөнхий нягтлан бодогч Халиунбигэрт үүрэг өгөөд уг 2 ажилтаныг мөнгө тушаасан эсэхийг байнга, шалгаж өрийг нь хурдан барагдуулах үүрэг өгсөн. Ууганцэцэг 04 дүгээр сарын сүүлээр эмнэлэгээс гарангуут нь дахиж өөрөөр нь тооцоог нь бодуулаад, ерөнхий менежер Энхбаатарт мэдэгдээд, Т , А нарыг хариуцсан нийтийн хоол үйлчилгээний албаны дарга Пүрэвтогтоход танай албаны 2 эд хариуцагч мөнгөө тушаахгүй байна, чи хяналт тавих ёстой хүн нь байж хяналт тавихгүй байна гэдгийг нь хэлсэн чинь би хяналт тавих үндсэн үүрэггүй, тийм зүйл байхгүй, худлаа байх гээд өмөөрөөд байсан. Тэгээд би албаны даргынх нь ажлын байрны тодорхойлолтыг нь үзтэл тооцоон дээр нь хяналт тавина гэж байсан. Тэгтэл сая 4 дүгээр сарын сүүлээр нисэх буудлын бүх алба, хэлтсийн дарга нарын ажлын байрны тодорхойлолт нь өөрчлөгдсөн юм. Тэр үеэр Пүрэвтогтох нь тооцоон дээр хяналт тавих ёстой гэсэн хэсгийг нь хасуулаад өөрчлүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-124/,
/Хавсралт-1/ Э.Т нь 2018 оны 11 сарын 01 нд ресторан, болон буфетны орлого тушаагаагүйгээс 6,525,769 төгрөгийн өрийн эхний үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 11 сарын 1-нээс 2019 оны 4 сарын 30 хүртэл рестораны борлуулалт 85,648,626 төгрөг, буфет 7,102,880 төгрөг буюу нийт 92,751,506 төгрөгийн борлуулалт хийж 94,165,045 төгрөгийг байгууллагад төлснөөс 35,242,019 төгрөг посоор, 53,984,733 төгрөг банкинд тушаасан, 4,938,293 төгрөгийг цалингаас өрөнд суутгаж тус тус төлж 5,112,230 төгрөгийн дутагдал гарсныг кассын орлогын баримт, банкны хуулга, цалингийн суутгал посын хуулга зэрэг анхан шатны баримтаар нотлогдож байна. /Хавсралт-2/ Чингис хаан нисэх буудлын Буянт-Ухаа ресторанд худалдагч Э.А , Т.Т нарын ажлын байрны тодорхойлолт 6-д Зөвхөн байгууллагаас олгосон бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ба төлбөрийг нь тухай бүр батлагдсан тарифын дагуу бэлнээр эсвэл холбогдох төсвийг үндэслэн тооцох, өөрийн ашиг сонирхолын үүднээс гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж худалдан борлуулахгүй байх, бүртгэлийн үнийг өөрчлөх, нэр төрлийг нь орлуулж солихгүй байх. 9-д “Борлуулалтын орлогоо өдөр бүр ХХБ, Голомт банкинд байгууллагын дансанд тушааж, тайланг, орлогын мэдүүлгийн хамт хариуцсан нягтлан бодогчид хүлээлгэн өгнө" гэж тус тус заасныг зөрчиж орлого дутуу тушааснаас дээрх 2 худалдагчид дутагдал гарсан нь кассад байгаа бэлэн мөнгийг банкинд тушаагаагүйгээс үүссэн. Тухайн 2 ажилтан 2018 оны жилийн эцэст өр авлагаа барагдуулж өр төлбөргүй гарсан ч дараа сарын тооцоогоор их хэмжээний өр авлагаа барагдуулж өр төлбөргүй гарсан ч дараа сарын тооцоогоор их хэмжээний өр үүсгэсэн байгаа нь өр авлагыг санхүү удирдлагын алба нь хяналт тавиагүйгээс эдгээр зөрчил гарсан байна. ...Чингис хаан нисэх буудлын нийтийн хоолны үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тусгаснаар нийтийн хоол үйлдвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтны ажлын цаг ашиглалт, үр дүнг тооцож ажиллах, ажилтан нэг бүрийн ажил үүргийн хуваарилалтыг зөв оновчтой гаргах мөрдүүлэх, гүйцэтгэлийн хяналт тавих. Хоолны орцонд хяналт тавьж зоогийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хянах үүрэг хүлээсэн байтал байнга өдөр болгон дутагдал үүсгээд байгаа худалдагч нарт арга хэмжээ аваагүйгээс дутагдал үүсэх даамжрах шалтгаан болсон. Нийтийн хоол үйлчилгээ хариуцсан нягтлан бодогч тухайн ресторан, буфетны тооцоог өдөр бүр бодох үүрэг хүлээдэг. Ажлын байрны тодорхойлолт 1.17-д нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт болон анхан шатны баримтыг боловсронгуй болгох, зардал хэмнэлтийн талаарх саналаа удирдлагад танилцуулах 1.18-д “Тухайн сарын эд хариуцагч нарын тооцоо тайланг дараа сарын 2- ны дотор хийж дуусган 4-ны дотор ерөнхий нягтлан бодогчоор хянуулах”-аар заасан ч хяналт тавиагүйгээс өр үүссэн. Ерөнхий нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн талаарх хяналтыг хэрэгжүүлж ажиллах, эргэлтийн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих. Өр, авлага барагдуулах ажил зохион байгуулах шинжилж судлах үүрэг хүлээнэ гэж заасан боловч өр төлбөрийн гаралт дахин давтагдаж байгаа өдөр тутам тушаагаагүй орлогын үлдэгдэлд хяналт тавиагүй байна. Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга нь Байгууллагын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийг зохион байгуулах, бүртгэл хөтлөлтийг хянан удирдах, санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүрэг хүлээхээр заасан ч эдгээр худалдагч нар нь улирал жилийн тайлангаар өр төлбөрөө барагдуулж бусад үед өр үүсгэж кассын орлого бүрэн тушаагаагүй нь тухайн байгууллагад мөрдөж байгаа ажлын байрны тодорхойлолт болон нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчиж байгууллагын хөрөнгө шамшигдуулахад нөлөөлсөн байна. Тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогод рестораны бодлого тусгагдаагүй хоол үйлдвэрлэлт, хэвийн хорогдол, кассын ажиллах журам, хоол үйлдвэрлэлтийн өртөг зардал тооцох арга аргачлал байхгүйгээс бэлтгэх цехээс эхлэн халуун цех хоол зарах дамжлагад дотоод хяналт байхгүй. Бүртгэлээр тавих хяналт суларснаас энэ дутагдал гарч байна...” гэх дүгнэлт /хх-136-139/
9. Шүүгдэгч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 240/,
10. Шүүгдэгч Э.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд 5.112.231 төгрөгийг Чингис хаан олон улсын нисэх буудлын Нийтийн хоолны үйлчилгээний албанд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулж тооцоог хийсэн. Одоогийн байдлаар өр төлбөрийн асуудалгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 236-237/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Т , Э.Т нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т-ын Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 7.721.847 төгрөгийг,
шүүгдэгч Э-ын А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Нийтийн хоолны газарт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа өдөр өдрийн орлогыг банкинд тушаалгүй 5.112.231 төгрөгийг тус тус завшсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Т , Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Т , Э.Т нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Э.Т нь 5.112.231 төгрөгийг хохирогч Чингис хаан олон улсын нисэх буудалд төлж барагдуулсан ба бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Т.Т нь 6.321.847 төгрөгийг хохирогч Чингис хаан олон улсын нисэх буудалд төлж барагдуулаагүй ба нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч Э.Т нь 5.112.231 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Т.Т нь 6.321.847 төгрөгийг төлж барагдуулаагүй...хохирол төлбөрөө авах хүсэлттэй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Т.Т ын хувийн байдал /...31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Э.А гийн хувийн байдал /...33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Т-ын Т д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Э-ын А д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т , Э.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд тус тус хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т аас 6.321.847 /зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингис хаан олон улсын нисэх буудалд олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Т , Э.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Т-ын Т , Ж овогт Э-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Т-ын Т д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Э-ын А д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т , Э.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд тус тус хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Т.Т , Э.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т аас 6.321.847 /зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингис хаан олон улсын нисэх буудалд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Т.Т , Э.Т нарт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Т , Э.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР