Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

 

   

  2019            12           18                                    2019/ШЦТ/738

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,  

улсын яллагч Г.Эсэн,   

шүүгдэгч Т.Д , түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж А   овогт Т-ийн Д   холбогдох эрүүгийн 1910021600709 дугаартай 187/2019/0707/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын....-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...., ам бүл ..... дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, А   овогт Т-ийн Д    /РД:.............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т-ийн Д    нь 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хотхоны баригдаж байгаа барилгаас 2-7 давхар хүртэл байрлуулсан байсан 46 ширхэг дулааны радиаторыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 11.546.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т-ийн Д    нь 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хотхоны баригдаж байгаа барилгаас барилгын хашааны завсраар нэвтрэн орж 2-7 давхар хүртэл байрлуулсан байсан 46 ширхэг дулааны радиаторыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 11.546.280 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 5 сард компанид ажилласан 1 сар гаран ажилласан боловч цалингаа өгөхгүй байсан болохоор нь өөр ажилд орсон. Тэгээд 3 сар ажилласан боловч хөлс мөнгөө өгөхгүй байсан. Би ажилдаа явахдаа буудлын ард байдаг түнээлээр ороод ажил руугаа ордог байсан. Тэрүүгээр явж байхдаа паар байгааг хараад шөнө нь ганцаараа ирж авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/

            3. Хохирогч Г.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн урд баригдаж байгаа Цэнгэлдэх хотхоны 8 дугаар байрны ажлын сантехникийн ажлыг хийдэг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 232 ширхэг байрны радиатор худалдаж аваад 1 дүгээр блокийн байрны давхар болгоны 1 дэх айлын том өрөөнд 8-14 ширхэгийг суурилуулах гэж тавьсан. Тэгээд суурилуулаагүй байхад буюу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2-7 давхар хүртэл хураасан 46 ширхэг буюу 9 радиатор алга болсныг мэдсэн. ...одоо 46 ширхэг хажуугаас оролттой 140 смм-ын урттай 30 см-ын өндөртэй, 22 см өргөнтэйгөөс 12 ширхэг нэг ширхэг нь 334.400, 120 см-ын урттай 30 см-ын өндөртэй, 22 см-ын өргөнтэйгөөс 12 ширхэг нь 293.200 төгрөг, 100 см-ын урттай 30 см-ын өндөртэй 22 см-ын өргөнтэй 12 ширхэг 1 ширхэг нь 252.000 төгрөг, 100 см-ын урттай 50 см-ын өндөртэй, 21 см-ын өргөнтэйгөөс 5 ширхэг нь 176.300 төгрөг, 80 см-ын урттай 50 см-ын өндөртэй, 21 см-ын өргөнтэй 5 ширхэг нь 147.500 төгрөг гэдэг байсан. Эдгээр радиатор бүгд шинэ хайрцагтай байгаа. Хайрцаган дээрээ маркераар 4-7 хүртэл давхрыг тэмдэглэсэн. Нийт 12174200 төгрөгийн хохирол учирсан.  ...2019 оны 9 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд барилгачдын баяр болоод манай Цэнгэлдэх ОСНААК ХХК 2 өдөр амарсан. Энэ өдрүүдэд алга болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-29/

            4. Иргэний нэхэмжлэгч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын эхээр 40 гаруй насны эмэгтэй манай лангуун дээр ирээд паар авах уу, урд талын гудамжинд арай хямд авах гээд байна гэхээр нь би гараад очиход махлаг биетэй эрэгтэй хүн байсан. Тэр хоёр эхнэр нөхөр бололтой байсан. Тэгээд паарыг нь үзэхэд өмнө нь үзэгдэж байгаагүй загвар байсан. Аль улсад үйлдвэрлэсэн паар вэ гэсэн чинь Герман улсын паар гэж хэлсэн. Тэгээд хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд үгүй манай дүү машин барих гэж паар авсан. Байшингаа бариагүй, манай дүү зарж өгөх юм бол бинзений мөнгө өгнө гэхээр нь зарах гэж яваа юм гэсэн. Тэгээд надад 30 ширхэг паарнаас богино хэмжээний паарыг 80.000 төгрөг, дунд зэргийг нь 100.000 төгрөг, арай уртыг нь 120.000 төгрөгөөр бодож авсан. Надад 3 удаа жижиг машинаар зөөж авчирч өгсөн. Тэгээд би эхний паар авчирахад нь 800.000 төгрөг параагийн паар авчирахад нь 1.040.000 төгрөгийг , дараагийн паар авчирч өгөхөд нь мөнгө байхгүй авахгүй гэсэн чинь та ав гээд байсан. Нийт 2.970.000 төгрөгийг надад зарсан Мэргэчимэг гэх эмэгтэйд өгсөн. Надад паар зарсан хүмүүсийг би танихгүй. Би 30 паар худалдаж аваад 29 ширхэг паарыг цагдаад хураалгасан 1 ширхэг паарыг би зарчихсан. Би одоо өгсөн 2.970.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, уг мөнгөнөөс зарсан 1 ширхэг паарны мөнгийг төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33, 46-48/

          5. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдөр нөхрийн 10-09 УНУ гэсэн дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Д   ын зараад өгчих гэсэн 1 метр, 1.2 метрийг нь 100.000 төгрөгөөр бодож 0.8 метрийг 80.000 төгрөгөөр бодож нэг ширхэг 0.8 метрийг 60.000 төгрөгөөр, 1.4 метртэй 6 ширхэгийг 120.000 төгрөгөөр нийт 29 ширхэгийг 2.860.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө бэлнээр 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан гэж санаж байна. ...2019 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө нөхөр Энхтөрийн хамт таксинд явж байхад Д    манай нөхрийн утас руу залгаад дүүдээ нэг юм ачаад өгөөч гэсэн. Тэгээд бид хоёр 02:00 цагийн орчим 120 мянгатын Энхтайваны гүүр лүү явдаг автобусны буудал дээр очсон. Очиход 120 мянгатын Энхтайваны гүүр лүү явдаг автобусны буудалд Д    ганцаараа байж байсан. Тэгээд би Энхтөрийг хамаагүй хүн зүйл өргөж болохгүй гээд Д   аар ачуулсан. Манай машинд 13 паар ачсан байх. Тэгээд гэртээ харьсан. Д    араас өөрийнхөө машинтай ирээд ахиж нэмж буулгасан. ...Би 100 айлд 28 ширхэгийг өгсөн. Одоо манай хашаанд 18 ширхэг байгаа. ...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мөнгөө авъя гэсэн чинь бэлнээр 136.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд тэр эгч Д   тай ярьж байгаад үлдсэн мөнгийг мобайлдсан. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Д   Хаан банкны 5315169443 дансаар Д   тай хамт ажилладаг өөрийн охин М.Наранцэцэгийн 5019652188 дугаарын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Цагаан өнгийн 1 метр, 1.2 метр орчим бусад хэмжээг санахгүй байна хайрцагтай паарнууд байсан. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, Д   аас асуугаагүй мөнгө гэж хэлэхээр нь зөөсөн. Д    цалингийн оронд авч байгаа юм байх гэж бодож байсан. Д    манайд ирэхээрээ цалин өгөхгүй байна гээд яриад яваад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 36-37/

          6. Гэрч Г.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02:00 цагийн орчим Д    миний 88918179 дугаар луу залгаад 120 мянгатын Энхтайваны гүүр лүү явдаг автобусны буудал руу хүрээд ир гэхээр нь очсон. Очиход 120 мянгатын Энхтайваны гүүр лүү явдаг автобусны буудлын зүүн хойд талд хураалгаатай паарнууд байсан. Д    энэ паарнууд аччих гэсэн. Би машинаасаа буугаад багажаа онгойлгоод байж байхад Д    миний машинд 13 ширхэг паар хийгээд багаажийг хаасан. Тэгээд гэртээ харьсан. Маргааш нь Д    над руу залгаад наад паарнуудаа зарчих гэсэн. Тэгээд зуун айлын барилгын материалыг зах дээр эхнэр Мэргэнчимэгийн хамт аваачаад зарсан. ...Би өөрийнхөө 10-09 УНУ улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Мэргэнчимэгтэй хамт очсон. Очиход Дээгий /Д   / л байсан өөр хүн байгаагүй. Би багажаа барьж байсан. Д    зөөгөөд хийсэн. Мэргэнчимэг машиндаа байсан. Цагаан өнгийн 1 метрээс 1.2 метр орчим бусад хэмжээг санахгүй байна гялбар уутанд ороолттой паарнууд байсан. Тухайн үед Д    хулгайн паар биш цалингийн оронд авч байгаа юм гэж хэлсэн. Дараа нь зөрөөд өгчих гэхээр нь эхнэр бид хоёр их бардам зарсан. Хулгайн паар байсан бол зарахгүй, зөөж өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43/

          7. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХУД-29 дугаартай хөрөнгө даатгалын үнэлгээний тайлан /хх-ийн 55/

          8. Шүүгдэгч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ажиллаж байсан барилга дээр очсон чинь баруун хойд талын барилгын 2-6 давхар хүртэл өрөө, өрөөнд паар тавьсан байсан. Тэгээд хаалга үүд нь түгжээгүй байхаар нь хулгай хийх санаа төрсөн. 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн 59-25 УБУ улсын дугаартай очиж 120 мянгатын автобусны зүүн талын хашааны доогуур ороод баригдаж байгаа барилгын 2-6 давхар хүртэл өрөөний сул хайрцагтай байсан паарыг ганцаараа зөөгөөд хашааны гадна гаргаж хураасан. Тэгээд өөрийнхөө машинд ачаад илүү гарахаар нь танил Энхтөртэй утсаар яриад хүнээс авсан паар байгаа юм ачаад харьчих маргааш зарах гэж байгаа юм гэсэн. Энхтөрд ачааны хөлс гэж 100.000 төгрөг өгнө гэж хэлсэн. 100 айлд нэг паарыг 100.000 төгрөгөөр 30 ширхэгийг зараад мөнгийг нь би авсан. Энхтөрд 100.000 төгрөг өгсөн. Нийт 46 ширхэг паар хулгайлсан байсан, 6 ширхэгийг фэйсбүүкээр зараад 10 ширхэгийг Энхтөрийг зараад өгчих гээд гэрт нь үлдээсэн. Би уг барилга дээр бригад ахлаж ажиллаж байсан. Тэгсэн миний хүмүүсийн ажлын хөлсийг өгөхгүй байхаар нь паар хулгай хийгээд мөнгийг нь ажилчиддаа цалин тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх  тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 69-80/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Т.Д ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т-ийн Д    нь 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хотхоны баригдаж байгаа барилгаас барилгын хашааны завсраар нэвтрэн орж 2-7 давхар хүртэл байрлуулсан байсан 46 ширхэг дулааны радиаторыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 11.546.280 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Т.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн төлөөлөгч Г.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эд зүйлээ бүрэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-112/, иргэний нэхэмжлэгч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Надад гомдол санал байхгүй, хохирол төлбөргүй...” гэсэн мэдүүлэг /хх-113/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мексик ХХК-ийн барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

            Шүүгдэгч Т.Д ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А   овогт Т-ийн Д   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А   овогт Т-ийн Д   ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Т.Д ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Д ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР