Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр Сүмбэр 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ЕЙ76030401 регистрийн дугаартай, Хиад боржигон овогт Сосорбурамын Энхжихтогостөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар бааз 11 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, эрэгтэй, МЕ72110251 регистрийн дугаартай, Адуучин овогт Доржийн Уламбаярт холбогдох

эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхжихтогостөгс, хариуцагч Б.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Энхжихтогостөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2012 онд танилцаж тэр үеэс хамтран амьдарч эхэлсэн. Хариуцагч Уламбаяр нь тусдаа амьдралтай учраас гэрлэлтээ батлуулаагүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Пүрэвдулам төрсөн ба гэрлэлтийн баталгаагүй учраас миний нэрээр овоглодог. Бид 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл холбоотой, хамтран амьдрагч байсан. Хоорондын маргаантай байдлаас болоод тусдаа амьдрах болж, холбоо тасарсан. Уламбаяр нь ажил төрөл хийдэг боловч бид хоёрт ямар ч тус дэм үзүүлдэггүй. Уламбаяр өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан болохоор гэрлэлтээ батлуулж амжаагүй.

Тиймээс хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тухайн үед Говьсүмбэр аймагт автомашин барьдаг байсан. Тухайн үед С.Энхжихтогостөгстэй танилцаж хамтын амьдралтай болсноор бидний дундаас Э.Пүрэвдулам охин маань төрсөн.  Э.Пүрэвдулам миний охин мөн, тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Э.Пүрэвдулам нь Д.Уламбаярын охин болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 4201000156 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь “2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Пүрэвдулам төрсөн ба гэрлэлтийн баталгаагүй учраас миний нэрээр овоглодог” гэж тайлбарласан болно.

 “Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно”, 33 дугаар зүлийн 33.1-т “Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.

 Нэхэмжлэгч С.Энхжихтогстөгс нь хариуцагч Д.Уламбаярыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Пүрэвдуламын эцэг болохыг тогтоож,  тэтгэлэг тогтоолгох шаардлагыг гаргасан ба  Э.Пүрэвдулам нь  Д. Уламбаярын охин болох  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.    

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Адуучин овогт Доржийн Уламбаярыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Хиалборжигон овогт Энхжихтогостөгсийн Пүрэвдуламын эцгийг болохыг тогтоосугай.      

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн охин Э.Пүрэвдуламыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Уламбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ