| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0752/Э |
| Дугаар | 769 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 769
2019 08 20 2019/ШЦТ/769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, "Юнител" ХХК-д сургалтын менежер ажилтай, ам бүл 1, , ял шийтгэлгүй, Л.Т,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Галерэй дотор 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "байр зээлээр авах гэж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, зээл бүтэхээр өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Дамбаравжаагаас 12.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Р.Дамбаравжаатай 7 жил хамт ажилласан тул бие биенээ сайн таньдаг. Надад Р.Дамбаравжааг хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй. Тухайн үед байрны зээл хөөцөлдөж байсан бөгөөд тэрнээсээ мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байсан. Р.Дамбаравжаад үзүүлсэн материалууд үнэн зөв байсан. Миний иргэний үнэмлэх, гадаад паспортыг авсан. Надруу Р.Дамбаравжаа залгах болгонд нь юу болж байгаа талаар хэлдэг байсан. Миний хувьд зугтаж алга болсон зүйл байхгүй. Р.Дамбаравжааг “хэсэг хүлээх боломж байна уу” гэхэд боломжгүй гээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би өндөр зээл төлдөг болоод өртэй байсан. Р.Дамбаравжаагаас авсан мөнгөө өөр хүнээс мөнгө зээлээд урьдчилгаа хийлгэсэн байсан ба тэрэндээ өгсөн... ” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Р.Дамбаравжаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч Р.Дамбаравжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л.Т гэдэг эмэгтэй над руу залгаад уулзах хэрэг байна, түр туслаач маш яаралтай хэрэг байна гэж хэлсэн. ...уулзахад гар утаснаасаа орон сууцны гэрчилгээ болон бусад зүйлийн зураг, зарын мэдээлэл зэргийг үзүүлээд авах хүн нь манай хамаатны Батхүү гээд манай найз байгаа юм, хямд зарж байгаа байр зээл гаргах хүн нь Капитрон банкинд ажилладаг сайн найз байгаа юм. Яаралтай урьдчилгааг бэлдэж банкны зээлэнд судлуулах гэж байгаа гээд Сүхбаатар дүүргийн 8-р хороо Улаанбаатар Галерей дотор 12.000.000 төгрөгийг 3-4 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь итгээд зээлүүлсэн. Товлосон хугацаа өнгөрөөд 7 хоногийн дараа асуухад зээл маргааш гарах гэж байгаа түр хүлээчих найз нь яг өгнө гэж хэлээд дансны дугаар авсан. 2 хоногийн дараа нь асуухад дансны дугаар мартчихаж гэх мэтээр явсаар байгаад өдийг хүрсэн. ...цагдаа руу явж байна гэсэн чинь 1.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 25 дугаар хуудас/,
Л.Т-ийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Т-иин мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Р.Дамбаравжаагаас авсан мөнгийг хүнээс мөнгө зээлсэн байсан тэр өрөндөө өгсөн. Үлдсэн мөнгийг нь хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Т-ийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Галерэй дотор 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "байр зээлээр авах гэж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, зээл бүтэхээр өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Дамбаравжаагаас 12.000.000 төгрөгийг залилж авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Дамбаравжаагийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Л.Т нь “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Галерэй дотор 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Р.Дамбаравжааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Л.Т-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Л.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Л.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Р.Дамбаравжаагийн хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Л.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Т-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Тийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Т шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ