Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 778

 

 

 

 

   2019         8           22                                    2019/ШЦТ/778

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

Улсын яллагч Х.Еркебулан,

Хохирогч Ш.Дарханбаяр, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

            Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, “Эй Жи Жи” ХХК-д мэдээллийн систем хариуцан ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ял шийтгэлгүй, Г.Ч

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Залуучууд" зочид буудлын 2 давхарт хохирогч Ш.Дарханбаяртай маргалдаж, улмаар толгой тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд эрүүний ясны баруун талд хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. ” гэв.

 

Хохирогч Ш.Дарханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г.Чын цайллаганд ажлын газрын дүү Г.Төгөлдөртэй хамт очсон. Тухайн өдөр танилцаад өрөөнд нь ороод сууж байгаад маргалдсан. Би тус зочид буудлыг давчуу муухай өрөө байна гэж хэлсэн. Г.Ч гэх залууг танихгүй. Хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцах шалтгаан байгаагүй. Би Г.Ч руу  дайраагүй. Би буудлын өрөөнөөс болж танихгүй хүнийг уурлуулах санаа сэтгэл ч байхгүй. Би хагалгаанд шүүгдэгчийн өгсөн 5.150.000 төгрөгөөр орсон. Би гомдолтой байна. Эрүүний хагалгаанд орж хадаас авах зардал 4.000.000 төгрөг, хоёр имплант шүд хийлгэх зардал 4.306.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний  хөлс 2.000.000 төгрөг нийт 10.306.000 төгрөг  нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

    

Хохирогч Ш.Дарханбаярын “толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ” /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Дарханбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Ч  ... тамхи татацгаая гэж хэлээд дагуулж гараад намайг цохиж унагаагаад хөлөөрөө өшиглөж миний дээрээс дэвссэн. Би ухаан алдсан. Нэг сэрсэн зугтах маягтай гараад явж байсан. Миний эрүү 2 газраа хугарч 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орж эрүүнийхээ хоёр газарт хадуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн “Ш.Дарханбаярын биед эрүүний ясны баруун талд хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх 7196 дугаартай дүгнэлт /хх-ийн 6-р хуудас/,

 

Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.Дарханбаяр босч ирээд “тамхи татъя” гэж хэлээд цонх онгойлгох гээд явж байгаад Г.Чыг гэнэдүүлж байгаад нүүр рүү нь өвдөглөсөн. Г.Чын хамраас цус гараад ариун цэврийн өрөө орж цус энэ тэрээ цэвэрлэсэн. Бид нар тэр үед нь боль гээд салгасан. Г.Ч ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд 5-10 минут орчим юм ярьж сууж байгаад Ш.Давхарбаяр ахыг хоёулаа гарч учраа олъё гэж хэлээд дагуулаад гарсан. Бид нар тухайн үед “зүгээр үү, та хоёр битгий маргалдаарай” гэж хэлж гаргаад буйдан дээр суусан. Тэгсэн коридорт пир пар гэх чимээ гарсан. Би хаалгаар гараад харахад Ш.Дарханбаяр ах газар хэвтчихсэн Г.Ч хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.Чын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “... Ш.Дарханбаяр гээд Г.Төгөлдөрийн хамт ажилладаг ах нь баахан үг хаяж сууж байгаад босч ирэнгүүтээ миний нүүр рүү өвдөглөсөн. ...Би ариун цэврийн өрөө орж уруулаас гарч байгаа цусыг арилгачихаад буцаад гараад ирэхэд Ш.Дарханбаяр над руу дайраад байсан. Тэгэхээр нь Ш.Дарханбаярыг гарч учраа ольё гэж хэлээд өрөөнөөс гарсан. Би өрөөнөөс гарангуутаа өмсөж байсан цамцаа тайлаад Ш.Дарханбаяртай гар барих гэж очиход миний өөдөөс далайсан. Тэгэхээр нь би Ш.Дарханбаярыг намайг цохих гэж байна гэж бодоод газарт унагаагаад 2-3 удаа нүүр хэсэгт өшиглөөд гараараа 2-3 удаа нүүр, толгой хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...камерын цагаар 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02:21:03 цагт 205 тоот өрөөнөөс Г.Ч гарч ирсэн ба араас нь хохирогч Ш.Дарханбаяр гарч ирэв. 02:21:31 минутад эргэж хараад хохирогч Ш.Дарханбаяртай зууралдаж дөрвөн хөллүүлж газарт унагаасан ба хохирогчийн нүүр хэсэгт баруун хөлөөрөө 4, зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөж дээрээс нь 2 удаа гараараа цохив. 02:22:05 цагт 205 тоот өрөөнөөс 3 хүн гарч ирээд Г.Чыг салгав..." гэх тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.Дарханбаярыг газарт унагаагаад 2-3 удаа нүүр хэсэгт нь өшиглөөд гараараа 2-3 удаа нүүр толгой хэсэгт нь цохисон. Ш.Дарханбаярыг хагалгаанд орсон гэхээр нь ...4.800.000 төгрөг өгч уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Чын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, ажлын газрын цалингийн тодорхойлолт, цэргийн алба хаасан тухай /хх-ийн 31 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Дарханбаярын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 37-40, 43 дугаар/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.Чт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Залуучууд" зочид буудлын 2 давхарт хохирогч Ш.Дарханбаяртай маргалдаж, улмаар толгой тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд эрүүний ясны баруун талд хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал, хөмсөг, зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Дарханбаяр, гэрч Г.Төгөлдөр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Г.Ч нь хохирогч Ш.Дарханбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Г.Чын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд Г.Чт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Г.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ш.Дарханбаяр мөрдөн байцаалтын шатанд баримтаар 4.800.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Г.Ч төлж барагдуулсан /хх-ийн 45 дугаар хуудас/ нь тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Дарханбаяр шүүгдэгчээс эмчилгээний зардал, өмгөөллийн хөлс нийт 10.306.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн ба үүнээс өмгөөллийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Г.Чыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл-

тэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Чыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Чыг шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ш.Дарханбаярт энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 8.306.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй ба өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ