Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 786

 

 

  2019          8           27                                    2019/ШЦТ/786                           

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

Улсын яллагч П.Ганбаатар,

Хохирогч Б.Нямдаваа,

Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Мөнх тэнгэрийн Ивээл" ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, ах нарын хамт, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, Д.Ж

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Д.Жнь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах "Митинг" баараар үйлчлүүлж байсан иргэн Б.Нямдавааг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу маргалдлаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруулын салстад язрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, баруун гарын сарвуунд цус хуралт доод зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Жнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

    Хохирогч Б.Нямдаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод тухайн бааранд ороод шүүгдэгч Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаад салаад явж байхад Д.Ж буцаж ирээд намайг цохичихоод зугтсан” гэв.

 

           Хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Митинг” бааранд хамгаалагчтай маргалдаад салсан. Тэгээд Тэмүүжинтэй хамт гарч тамхи татаад зогсож байхад ойролцоо зогсож байсан хэсэг хүмүүсийн дундаас надтай бааран дотор маргалдсан хамгаалагч миний нүүр рүү цохисон. Тэгтэл миний хамраас цус гарсан, би тэр хамгаалагчийг хөөсөн боловч зугтаагаад явчихсан. Би гомдолтой байна. Би тэр хамгаалагчийг танихгүй бөгөөд түүнийг Жаагий гэж дуудаж байхыг нь сонссон. Би тэр хамгаалагчаас өөр хүнтэй маргалдсан, зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "...Б.Нямдаваагийн биед доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруулын салстад язрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, баруун гарын сарвуунд цус хуралт, доод зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэх 4404 дугаартай дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гадаа гараад тамхи татаж байхад Жаагий гэх баарны хамгаалагч залуу ирээд манай найз Б.Нямдавааг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Митинг” бааранд Д.Ж бид хоёр нэг залууг барьж авахад Б.Нямдаваа ирээд хэл амаар доромжилсон. Тэгэхэд Б.Жамъянжав Б.Нямдаваагийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохичихоод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Нямдаваа гэх үл таних залуу намайг элдвээр хэлээд хэл амаар доромжлоод над руу дайрч давшлаад байхаар нь нүүрэн тус газар нь гараараа цохиод зугтаасан. Шүүх эмнэлгийн 4404 дугаартай дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

 Д.Ж-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах "Митинг" баараар үйлчлүүлж байсан иргэн Б.Нямдавааг зодож эрүүл мэндэд нь доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруулын салстад язрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт, баруун гарын сарвуунд цус хуралт, доод зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ж-ын гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нямдаваа нь шүүгдэгчээс 500.000 төгрөг нэхэмжилж байх ба нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ж-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ

хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ж шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Нямдаваа нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Ж-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

             7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ОДОНЧИМЭГ