Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2017/0027/З |
Дугаар | 39 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.О
Хариуцагч: Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга
Гуравдагч этгээд: Д. Д, Л.О
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын С.М, Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний нэмэгдүүлсэн шаардлагадаа: Аюур овогтой О миний бие 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/14 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
Миний бие Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны “оролцогч” бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах” эрхтэй гэсэн байдаг.
Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй бөгөөд үүний улмаас миний бие тус хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд томилогдсон сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасныг үндэслэл болгосон байдаг.
Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар баталсан байдаг. Үүний дагуу Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү шинэ бүтцээр миний харьяалагдан ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон шинэчлэгдэн, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан. Ийнхүү 5 хүний бүрэлдэхүүнтэй батлагдахдаа миний хариуцан ажилладаг байсан салбар болох “барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи” гэсэн 3 асуудал нь “дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн тусдаа хоёр мэргэжилтний хариуцах асуудал болсон буюу чиг үүрэг нь хэвээр үлдсэн байдаг.
Орон тоо хасагдсан гэдэгт Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д . . . орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино ... гэж заасныг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад тухайн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтны ажлын байр үгүй болохыг ойлгохоор байна. Гэтэл урьд нь миний эрхэлж байсан албан тушаалд хамаарах асуудлууд болох “барилга, дэд бүтэц” гэсэн харилцаа нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дагуу Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст “дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн” байгааг орон тоо хасагдсан гэж үзэхээргүй байна. Учир нь урьд миний хэрэгжүүлж байсан чиг үүрэг шинэ батлагдсан бүтцэд мөн адил хэвээр үлдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д захиргаа эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэхээр хуульчилсан байдаг.
Гэтэл үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах гэсэн бусад сонгох боломжийг ашиглалгүй шууд ажлаас халсан нь хууль бус байна.
Мөн Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү шинэ бүтцээр миний харьяалагдан ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон шинэчлэгдэн, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан.
Аймгийн Засаг дарга нь Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлахдаа миний хариуцан ажиллаж байсан “барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи” гэснийг “дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн" болгож баталсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу намайг ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгож, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
Шийдвэр гаргахаас өмнө энэ талаар надад мэдэгдэж, миний оролцоог хангах учиртай байсан. Гэвч аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажиллаж, сонсох ажиллагаа хийгээгүй нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болох юм.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтэц орон тоог баталсан бөгөөд тус хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулж миний урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлуулахыг даалгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.О-ын тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тус аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг үндэслэж, Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/475 дугаартай захирамжаар тус газрын зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.
Энэ захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болгон өөрчилж, дарга, 4 мэргэжилтэн гэсэн 5 орон тоотой байхаар баталсан байдаг. Эндээс нэхэмжлэгч А.О-ийн ажиллаж байсан албан тушаалтны орон тоо хасагдсан.
Учир нь тус аймагт Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар байдаг бөгөөд тус газарт чиг үүргийн хувьд барилгын хэлтэс /хэлтсийн дарга, мэргэжилтэн/ ажилладаг тул 3асаг даргын Тамгын газарт хамаарах мэдээ, тайлан болон бусад холбогдох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Нэхэмжлэгч А.О-ийн орон тоо нь бүтцийн өөрчлөлтөд орж, хасагдсан Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн А.О-ийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож, хуулийн хүрээнд шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.
Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухэй хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцаг Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.О нь 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох” тухай 09 дүгээр тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаартай захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог 41 байхаар хязгаарыг баталсан. Энэ захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийг /хуучнаар/ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болгон өөрчилж, дарга, 4 мэргэжилтэн, 5 орон тооны хязгаартай байхаар баталсан байдаг. Эндээс нэхэмжлэгч А.О-ийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан.
Иймд бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан тул Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн А.О-ийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг хуулийн дагуу олгож хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд А.О нь ч гэсэн уг мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А/475 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарснаас хойш Тамгын газрын даргад тайлбар, саналаа ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг тайлбар, санал ирүүлэх боломжит хугацаагаар бүрэн хангасан гэж үзэж байна.
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.О-ний нэхэмжлэлтэй, Засаг даргын Тамгын газрын дарга болон аймгийн даргад холбогдох захиргааны хэрэгт Д.Д миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцож байна.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар Д.Д миний биеийг Авто зам, тээврийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, жилийн үр дүнгийн гэрээг сайн дүгнүүлсэн. Мөн ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн.
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газрын тогтоолыг үндэслэн баталсан. Уг бүтэц, орон тоог баталсан нь аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал.
Түүнчлэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын бүтэц орон тоог баталсан захирамжийг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.О-ий нэхэмжлэлтэй, Засаг даргын Тамгын газрын дарга болон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Л.О миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцож байна.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Л.О би Хүнс, худалдаа үйпчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, хагас болон бүтэн жилийн үр дүнгийн гэрээг А, В дүгнүүлж ирсэн. Мөн ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн.
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газрын тогтоолыг үндэслэн баталсан. Уг бүтэц, орон тоог баталсан нь аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал.
Түүнчлэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын бүтэц орон тоог захирамжийг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Д, Л.О нарын өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.О оос Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгч А.О нь Архангай аймгийн Засаг даргад /цаашид аймгийн Засаг дарга гэх/ холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, гурадагч этгээдүүдийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн 4 дэх хэсгээр Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтэц орон тоог шинэчлэн баталжээ .
Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамж гарсныг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалтай танилцах үедээ мэдсэн. Анх ажлаас чөлөөсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас чөлөөлөх үндэслэл болсон аймгийн Засаг даргын захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахгүй бол миний эрх сэргэхгүй юм байна гэж үзээд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн аймгийн Засаг даргын захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа”, 14 дүгээр зүйлийн 14.4. “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.”, 54 дүгээр зүйл. “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах”, 54 дүгээр зүйлийн 54.1.8. “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”, 109 дүгээр зүйл. “Шүүхээс гаргах бусад шийдвэр”, 109 дүгээр зүйлийн 109.2. “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамж гарсныг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдээд, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дээрх захиргааны акттай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай хобоотой асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэсэн хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
а/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4., 27 дугаар зүйлийн 27.2.4., Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/475 дугаар захирамж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4., 33.5. дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.О-ийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ .
Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” 05 дугаар тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06 дугаар тушаалаар тус газрын барилга, угсралтын технологи, материалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “А.О-ийг ажилд томилох тухай” Б/14 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр томилогджээ .
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийг дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэлт хариуцсан мэргэжилтэн, Хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Газрын харилцаа, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, Эдийн засгийн төвлөлт, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой байсныг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болгон дарга, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хөдөө аж ахуй, үйлдвэржилт хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, аялал жуучлал хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудалд хариуцсан мэргэжилтэн гэж 5 орон тоотой болж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгджээ.
Нэхэмжлэгч А.О-ий ажлын байрны тодохойлолтод заасан дэд бүтэц, барилгын чиг үүргүүд нь дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудалд хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалуудад хуваагдсан байх боловч үндсэн чиг үүргүүд нь хэвээр хадгалагдсан үлдсэн гэж үзэх үндэслэл байна.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудалд хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалууд дээр гуравдагч этгээд нарыг томилохдоо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд мэргэжил, ур чадвар, ажлын туршлага зэргийг харгалзан томилсон гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудалд хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалууд мэргэжилтнүүдийг томилохдоо нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдийг томилохоор хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл хариуцагч нь тухайн албан тушаалууд дээр гуравдагч этгээд нарыг томилохдоо дээрх хуулийн заалтад заасан журмыг хэрхэн хэрэглэж томилсон болох нь тогтоогдохгүй байх тул дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэв.
б/ Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах” гэсэн ажиллагаануудыг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамт олны хуралдааны тэмдэглэлээр явуулсан. Эдгээр ажиллагаануудаас хойш одоог хүртэлх хугацгаанд тайлбар санал гаргаагүй болно гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээрг тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье.” гэсэн утгатай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч А.Од хүргүүлжээ .
Мөн хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамт олны хуралдаан дээр “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээрг тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамж гарсан. Түүнчлэн манай Засаг даргын Тамгын газарт хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс байгуулагдаж, зарим хэлтсээс орон тоо хасагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүн бүрт мэдэгдэл хүргүүлсэн. Энэ талаар санал, тайлбар байвал ирүүлж болно.” гэжээ .
Дээрх ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг гаргахдаа явуулсан оролцогчийг сонсох ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь дээрх ажиллагаануудыг явуулахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын бүх хэлтсийн мэргэжилтнүүдэд шинэ бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, ажлаас нь чөлөөлөн, буцаан томилоход болзол шаардлагыг хангаж гэж үзсэн мэргэжилтнүүдээ 2017 оны 12 дугаар сард багтаан буцаан томилсон байна .
Ингэж мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж, буцаан томилохдоо нэхэмжлэгч А.О той холбоотой ямар нэгэн тушаал гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч А.О-ийг өөрчлөгдөн байгуулагдсан гэх Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэсд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “А.О-ийг ажилд томилох тухай” Б/14 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдсон тушаалтайгаар 2017 оны 3 дугаар 31-ний өдрийг хүртэл ажлуулжээ.
Энэ нь нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацгаанд ямар хэлтсийн ямар, албан тушаал ажлуулсан нь тодойрхойгүй үйл ажиллагаа болжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны гаргахдаа явуулсан гэх сонсох ажиллагаа нь цаг хугацааны хувьд маргаан бүхий акт гарахаас 6 сарын өмнө явагдсан, тухайн сонсох ажиллагаа нь зөвхөн нэхэмжлэгчид чиглэгдээгүй, тамгын газрын бүх мэргэжилтнүүдэд чиглэсэн, ихэнх мэргэжилтнүүдийг чөлөөлөөд буцаан томилсон атлаа, нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр буцаан томилоогүй шалтгаанаа тайлбарлаж, энэ асуудалтай холбоотой асуудлаар сонсох ажиллагаа явуулаагүй байх тул хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн зүйл, заалтыг зөрчсөн байна гэж үзэв.
Иймд хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтад заасан журмыг зөрчсөн байх тул тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гурав. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Дөрөв. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь урьд нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийг дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэлт хариуцсан мэргэжилтэн, Хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Газрын харилцаа, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, Эдийн засгийн төвлөлт, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, Барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой байсныг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болгон дарга, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хөдөө аж ахуй, үйлдвэржилт хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, аялал жуучлал хариуцсан мэргэжилтэн, Авто зам, барилга, газрын асуудалд хариуцсан мэргэжилтэн гэж 5 орон тоотой болж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгджээ.
Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаан татгалзаж шийдвэрлэсэн тул одоогийн ажиллаж байгаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсд барилга, дэд бүтэц, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч А.О-ээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.13., 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.-т заасныг баримтлан иргэн А.О-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/475 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийн Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хэсгийн 4.2 Дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 4.5 Авто зам, барилга, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 гэх хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний ажлын байрыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн бүтцэд бий болгож батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3., Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.О оос Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ