Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 581

 

Б.Цэнд-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,

ялтан Б.Цэнд-Очирын өмгөөлөгч О.Баяраа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номуунгэрэл, Б.Гэрлээ,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Цэнд-Очирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Цэнд-Очирт холбогдох 201724000143 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Балдангийн Цэнд-Очир, 1969 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13 дугаар гудамжны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МЛ69092119/,

Б.Цэнд-Очир нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны шөнийн 22 цагаас 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын гудамж, Япон-Солонгос сэлбэгийн худалдааны төвийн зүүн талын замд “Хонда Акти” загварын 22-74 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тулгыг мөргөж амь насыг нь хохироосон,

“Хонда Акти”загварын 22-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болох осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Цэнд-Очирт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б.Цэнд-Очирыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч 4 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын эдлэх 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очироос 2.243.700 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Гэрлээ нарт олгож,

Хохирогчийн төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.Цэнд-Очирын 915841 дугаартай жолооны үнэмлэх, “Хонда Акти” загварын 22-74УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох цайвар өнгийн хуванцар 19 ширхэг, шар өнгийн хуванцар 1 ширхэг, мөнгөлөг өнгийн хуванцар 17 ширхэг, шар өнгийн нэмэлт гэрэл 2 ширхэг, урд талын их гэрэл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “Төрийн банк” дахь Б.Цэнд-Очирын эзэмшлийн 103700211833 дугаартай дансыг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг хорих ялыг нь эдэлж дууссан үеэс тоолж,

Б.Цэнд-Очирт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цэнд-Очир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн гэм буруугаа хүлээж хохирогчийн ар гэрт нөхөн төлбөр болох 4.243.700 төгрөг байнаас 2.000.000 төгрөгийг хашаагаа яаралтай хямд зарж, уучлалт гуйж өгсөн. Үлдэгдэл болох 2.243.700 төгрөгийг төлөх болно. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13-23 тоотод 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байна. Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяа Төмрийн хүдрийн уурхайд гагнуурчин ажил хийж 1.000.000 төгрөгийн цалингаар 3 өнчин хүүхдээ тэжээдэг байсан. Би өтөл болсон хойноо гэмт хэрэг үйлдэж 3 хүүхдээ зовоож байгаадаа харамсаж байна. Одоо миний хүүхдүүдийг надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хэрэгт авагдсан ялтны хувийн байдлыг тогтоосон баримтуудаар 3 хүүхэдтэй ба 2 хүүхэд нь насанд хүрсэн, бага хүүхэд нь 15 насанд хүртсэн нь нотлогддог. Мөн ялтан өөрөө 3 хүүхэд, хүргэн, бэр, ач, зээ нарын хамт нэг гэрт амьдардаг гэж мэдүүлдэг ба түүний асрамжинд зайлшгүй байх бага насны хүүхэд болоод хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн байхгүй болно. Анхан шатны шүүхээс Б.Цэнд-Очирт оногдуулсан ял нь хуульд заасан хэмжээний дотор бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг нь тохирсон гэж үзэж байна. Иймд ялтан Б.Цэнд-Очирын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Ялтан Б.Цэнд-Очирын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Цэнд-Очир нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоо 13 дугаар гудамжны 23 тоот хаягт хүүхэд ач зээ нарын хамт ам бүл 4 амьдардаг бөгөөд өрх толгойлсон эрэгтэй, нэн ядуу өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх болно гэсэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолтыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгье. Миний үйлчлүүлэгч Б.Цэнд-Очир тохиолдлын чанартай гэмт үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдснээс хойш цагдан хоригдсон. Мөн бусдын батлан даалтад гарсан. Б.Цэнд-Очир өөрийн амьдарч байсан хашаа болон газраа 4.500.000 төгрөгөөр зарж, үүнээсээ 2.000.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт хохирол, төлбөрт төлсөн. Мөн үлдэгдэл 2.000.000 төгрөгийн төлнө гэдгээ давж заалдах гомдолдоо илэрхийлсэн. Б.Цэнд-Очирын охин Ариунжаргалын эзэмшлийн автомашин байдаг. Уг автомашинийг захиран зарцуулах эрх нь Б.Цэнд-Очирт байдаг учраас хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлдэг. Б.Цэнд-Очирын ар гэрийн хувьд эхнэр нь олон жилийн өмнө өнгөрсөн тул хүүхдүүдээ ганцаараа тэжээж ирсэн. Жолооч мөн гагнуур сайн хийдэг учраас орлого олох бололцоотой хүн байдаг. Одоогоор хашаа зарсан учир Мандал овооны хажууд гэрээ барьж, амьдралын хувьд хүнд нөхцөл байгаа. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү, Хэрэв хорихоос өөр төрлийн буюу тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэсэн тохиолдолд түүний ар гэр бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах боломжтой тул тэнсэж үүрэг хүлээх, албадлагын арга хэрэглэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2.243.700 төгрөг төлүүлэхээр заасан. Гэтэл энэ зардалд Г.Номуунгэрэлийн баримтаар гаргаж өгсөн 464.178 төгрөгийг нэмж тооцоогүй байна. Иймд уг зардалыг нэмэхээр 2.707.878 төгрөг хохирлын төлбөр төлөгдөөгүй үлдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. Хүний амь нас хохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Ж.Энхжаргалын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Цэнд-Очир нь 2017 оны 2 дугаар сарын 27-ны шөнийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын гудамж, Япон-Солонгос сэлбэгийн худалдааны төвийн зүүн талын замд “Хонда Акти” загварын 22-74УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тулгыг автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон,

мөн зам тээврийн осол гаргаад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болох осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 13-23 тоотод өөрийн төрсөн 3 хүүхэд хүргэн бэр, ач, зээ, төрсөн дүү нарын хамт жижиг 4 хантай гэрт амьдардаг, хувиараа гагнуур хийдэг юм. Тэр өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад ойрхон айлаас юм авах гээд өөрийн “Хонда Акти” загварын 22-74 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан, надтай хамт манай төрсөн дүү Пүрэвдорж явж байсан, би автомашинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замаад 30-40 км/цагийн хурдтай явж байтал баруун гар талаас хар бараан хувцастай хүн 8-10 орчим метрийн зайнаас гараад ирэхэд нь тэр хүнийг хараад зүүн гар тийшээгээ дартал автомашины баруун гар талаараа тэр хүнийг мөргөтөл, тэр хүн автомашины дээгүүр даваад л яваад өгсөн, тэгээд сандраад зогсолгүй яваад, цаашаа нилээн хол явж байгаад буцаж эргээд гэр рүүгээ явсан, хэргийн газраар зөрөөд өнгөрөхдөө тэр хүний мөргүүлсэн газар руу огт харалгүйгээр гэр рүүгээ очиж автомашинаа тавьсан. Хүүхдүүддээ нарийн сайн учрыг нь хэлээгүй, тэгээд хашаандаа автомашинаа байлгаж байгаад 2-3 хоногийн дараа автомашин сайн янзладаг Амраа гээд хүнд автомашинаа янзлуулах гээд өгсөн, гэхдээ тэр хүнд яаж байгаад автомашинаа эвдсэнээ хэлээгүй. Би уг автомашиныг 2012 онд Эрдэнэдалай гэдэг хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдан аваад нэр дээрээ шилжүүлээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх4, х159-160/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номуунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гомдолтой байна, 2 хүүхэд маань аавыгаа байнга асуугаад надад маш их хэцүү байна, уг нь би нөхрөө ажилд оруулж өгөөд, өөрийн гэсэн гэр оронтой болоод тусдаа гарна гэж ярьж байсан, ...Би буяны ажлын үеэр буюу 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл буяны ажилд болон гал тогоонд зарцуулсан баримтыг гаргаж өгсөн, бид нар хүнсний эд зүйлийг бөөнд нь авч чадахааргүй, тухай бүр нь хэрэгцээтэй зүйлийг янз бүрийн дэлгүүрээс авч байсан юмаа, тэгээд л ганц нэг баримтууд байгаа юм, ...хавтаст хэрэгт нийт 464.178 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байгаа, өөр баримтгүй зардал байхгүй байна, хохирол төлбөр барагдуулсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х43-44/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би осол гаргасан жолоочид гомдолтой байна, одоогоор оршуулгын зардлыг бүрдүүлж байгаа, 2 хүүхэд өнчрөөд үлдлээ, цаашид нэхэмжлэх зүйлээ бодож байж хэлнэ, тэр осол гаргасан жолоочид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна, ...хавтаст хэрэгт баримтаар нийт 4.243.700 төгрөгийн, баримтгүй 2.000.000 төгрөг орчим хохирол байна, хохирол төлбөр барагдуулсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х67-68/,

иргэний хариуцагч Д.Эрдэнэдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хонда Акти” загварын 22-74 улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч 2012 онд бусдад 3.200.000 төгрөгөөр зарж, нотариатын гэрээ байгуулсан, ...би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцохгүй, би уг автомашиныг бусдад зарсан, үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, гэхдээ бол автомашины техникийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учраас намайг уг хэрэгт хариуцагчаар татаж байгааг ойлголоо.” гэх мэдүүлэг /хх1, х81/,

иргэний хариуцагч М.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хонда Акти” загварын 22-74 улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Д.Эрдэнэдалай гэж хүний нэр дээр байдаг боловч 2012 онд 3.200.000 төгрөгөөр Д.Эрдэнэдалай гэж хүнээс худалдаж авч нотариатын гэрээ байгуулсан, тухайн үед уг автомашиныг худалдаж авах үед аав Б.Цэнд-Очир нь бичиг баримтгүй байсан учраас би хамт явж байхдаа бичиг баримттай байсан учир нотариат дээр гэрээ хийж би худалдаж авсан, ...бид гэр бүлийн зүгээс нийлж байгаад бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх1, х88/,

гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цагаан сарын шинийн нэгний орой буюу 2017 оны 2 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад ах Б.Цэнд-Очирын гэрт байж байгаад, манай түрээсийн байр руу бид хоёр түүний Хонда Акти” загварын 22-74 улсын дугаартай автомашинаар явж байсан. Тухайн үед ах автомашинаа бариад, би хажууд нь суугаад явж байсан, гэрээс нь гараад нэг километр орчим газарт төв замаар явж байтал гэнэт түс тас гээд л дуугараад явчихсан, ах “өө хүн мөргөчихлөө” гэж хэлсэн, тэгээд надаас “яах уу” гэхэд нь би “зогсоод 103 дуудаа” гэхэд дуугүй, зогсолгүй явсаар манай түрээсийн байрны хашаанд ороод, автомашинаа тавиад ах түрүүлж буугаад алга болчихсон, ...маргааш нь ах гэрт ирсэн, бид 2 ярилцаж байгаад миний танил Амраа гээд залууд автомашинаа засуулахаар болоод, цагаан сарын шинийн 3-ны өглөө Амраад автомашинаа өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх1, х94-95/,

гэрч Н.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний танил Б.Пүрэвдорж гэж залуу над руу цагаан сарын өмнө хэд хоногийн өмнө гар утсаар залгаад “цагаан өнгийн амьжиргаа автомашиныг янзлах хэрэгтэй байна, ирээд үзээдэхээч” гэж хэлсэн, мөн шинийн 3-ны өдөр над руу дахиж залгаад “нөгөө автомашинаа ирж үзээч” гэж дахин ярихаар нь маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Их наранд очиж автомашиныг үзсэн, намайг автомашиныг үзэхэд урд салхины шил хагархай, баруун урд талын их гэрэл хагархай автомашин байсан, яагаад салхины шил хагарсан талаар асуугаагүй, автомашины эзэн хэлэхдээ “янзлаад гайгүй үнээр зарчихмаар байна” гэхээр нь “янзлаад өөрөө гайгүй үнээр авчихъя” гэж бодоод 2-3 хоногийн дараа “Хьюндай Портер” автомашинтай ирээд ачаад аваад явсан. Би хашаандаа аваачаад уг автомашины урд салхины шилийг солиход бэлдэж, хагархай хэсгүүдийг авч хаясан, мөн суудлын бүрээс нь урагдсан байхаар нь солих зорилгоор аваад арын тэвшин дээр тавьсан, баруун урд талын
их гэрэл хагарсан байхаар нь солих зорилгоор гэрлийг салгасан, эд ангийг бол
солиогүй, автомашиныг хүлээж авснаас хойш 4 хоногийн дараа цагдаа шөнө ирээд
автомашиныг ачаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х97/,

гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би цагаан сарын шинийн 2-ны өглөө ажилдаа явахаар гэрээсээ 7 цаг өнгөрч байхад гараад автобусны буудал руу ганцаараа алхаж явахад Япон Солонгос сэлбэгийн худалдаа гэсэн нэртэй дэлгүүрийн зүүн
талд буюу замын хажууд хөдөлгөөнгүй хүн хэвтэж байхаар нь ойртон очиж
харахад тэр эрэгтэй хүн байсан, ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь өөрийн
утаснаас 102 дугаарт дуудлага өгчихөөд ажилдаа явсан, өдөр нь цагдаагийн ажилтан
надтай ирж уулзсан, гэхдээ тэр хавиар автомашинтай, явган хүн явж л байсан гэхдээ
хэн ч дуудлага өгөхгүй байхаар нь би 102 дугаарт дуудлага өгч иргэний үүргээ биелүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х100/,

шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаачид учирсан гэмтлүүд нь талийгаачийг босоо байдалд мөргөх, шидэгдэх үед үүсгэгдэх
гэмтлүүд юм. Талийгаачид зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлүүд нь учрах
үедээ амь насанд аюултай, эмнэлэгийн тусламж авсан ч амь насыг аврах
боломжгүй гэмтлүүд юм.” гэх мэдүүлэг /хх1, х101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...талийгаач Э.Тулгын цогцост зүүн талын чулуулаг яснаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины дагз хэсэг, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун 3-12 дугаар хавирганы зөрөөтэй,
гялтан хальс цоолсон хугарал, баруун уушиг, зүүн бөөр, элэгний язрал, задрал,
хэвлий хөндий дэх цусан хураа, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн
холбоос дагасан цус хуралт, эрүү ясны хоёрлосон хугарал, дагзны хуйх, эрүү,
уруулд няцарсан шарх, зүүн бөөрний өөхөн эд болон дагзны хуйхны дотор
гадаргуу дахь цус хуралт, дух, цээж, баруун хацар, эрүү, хүзүү, баруун, зүүн ташаа,
баруун сарвууны 1-4 дүгээр хуруу, зүүн сарвууны 1-2 дугаар хуруу, зүүн сарвууны ар
гадаргуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шагайн үеийн зулгаралт,
зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Уг
гэмтлүүд нь шинэ байна. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.
Талийгаач нь дээрх толгой, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас
баржээ. Талийгаачийн цогцос нь хөлдүү байсан учир нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Дээрх гэмтэл нь авто ослын үед босоо байрлалд автомашинд мөргөгдөх, шидэгдэх, унах, савах зэргийн үед үүсгэгдсэн байх боломжтой.” гэх 500 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х67-68/,

“...шинжилгээнд ирүүлсэн хуванцар эд зүйлүүд нэг бүхэл үүсгэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар 1991-1999 онд үйлдвэрлэгдсэн “Хонда Акти” загварын автомашины урд гэрлийн эд ангийн хагархайнууд байх боломжтой байна. Бусад хуванцаруудыг ямар загварын автомашины эд ангийн хагархайнууд болох нь тогтоогдохгүй байна.” гэх 1355 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х84/,

“...Шинжилгээнд ирүүлсэн 1, 8, 9, 10 гэж дугаарласан эд зүйлүүд нь 1994, 1995 онд үйлдвэрлэгдсэн “Хонда Акти” загварын автомашины баруун урд талын их гэрэл болон дохионы, оврын гэрлийн хагархай мөн байх боломжтой байна. 1994, 1995 онд үйлдвэрлэгдсэн “Хонда Акти” загварын автомашинуудын гэрлийн хэлбэр нь 1996-1998 онд үйлдвэрлэгдсэн “Хонда Акти” загварын автомашины дохионы гэрэлтэй өнгө өөр боловч, гэрлийн хэлбэр хэмжээ, гэрлийн суурь адил хэмжээтэй байгаа нь өөр хоорондоо сууриндаа тохирох боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн хагархай эд зүйлүүд нь 1990-1993, 1999 онд үйлдвэрлэгдсэн болон өөр бусад бага оврын ачааны автомашинуудтай тохирохгүй байна.” гэх 1397 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х88-89/,

“...шинжилгээнд ирүүлсэн их гэрэл, нэмэлт гэрлүүд “Хонда Акти” загварын
22-74 УНМ улсын дугаартай автомашины баруун урд их гэрэл, нэмэлт гэрлийн
суурьтай, зүүн урд нэмэлт гэрлийн суурьтай тус тус хэлбэр, хэмжээгээрээ таарч
байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины их гэрэл, нэмэлт гэрлүүд нь 1, 3, 4, 6 гэж
дугаарласан хуванцарууд их гэрэлтэй, 2 гэж дугаарласан хуванцар дохионы
гэрлийн хагархайтай, 10 гэж дугаарласан хуванцар нэмэлт гэрэлтэй хагарлын зах
ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. Бусад эд зүйлүүд
хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна.” гэх 1737тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х104-105/,

Замын цагдаагийн албаны ““Хонда Акти” загварын 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б.зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн
хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн
хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Тулга нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна.” гэх 95 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х147/,

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х3, х14/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х5-7, х15-16/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х8-12, х17-18/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х28-29/, автомашинд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х32/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Цэнд-Очирын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зам тээврийн осол гарч гэм хор учрахад амь хохирогч Э.Тулгын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Б.Цэнд-Очирт холбогдох 201724000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж ...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 27. 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэх замаар хэргийн нөхцөл байдал, ялтны хувийн зэргийг харгалзан ялтан Б.Цэнд-Очирын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээгээс анхан шатны шүүхэд гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлын баримтуудаас 464,178 төгрөгийн баримтыг шүүх гэм буруутай этгээдээс гаргуулахгүйгээр орхигдуулсан байх тул энэхүү магадлалаар Б.Цэнд-Очироос уг гэм хорын төлбөрийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.Цэнд-Очирыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Б.Цэнд-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Балдангийн Цэнд-Очирыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн               27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил хасаж 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Цэнд-Очирт энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил хасаж 2 жил 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил хасаж 2 жил 9 сар хорих ялаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын эдлэх 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Балдангийн Цэнд-Очирт оногдуулсан 2 жил 9 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очироос 2.243.700 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Гэрлээд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэнд-Очироос 2.707.878 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Гэрлээд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ