Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

 

 

 

2019         11          25                                   2019/ШЦТ/983       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,

Улсын яллагч  Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Л.Д (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Дд холбогдох эрүүгийн 1909037741298 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 2 хамтран амьдрагч Ц.Одсүрэнгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 13 дугаар гудамжны 63 тоотод /иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар баг Яргис/ оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.Д нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамжны 63 тоот хашаанд хамтран амьдрагч Ц.Одсүрэнтэй “ангийн хүүхдүүдийн хажууд намайг доош нь хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүний гар, гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 Эрүүгийн 1909037741298 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Л.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим ажлаасаа ирэхэд эхнэр байхгүй байсан. Удалгүй 20 цаг өнгөрч байхад эхнэр Одсүрэн ирсэн. Эхнэртэйгээ гэртээ байхад 00 цагийн орчим манай 10 жилийн найз Пүрэвцэрэн залгаад “уулзъя Модны 2-т байна” гэхээр нь би эхнэрээ дагуулаад очсон. Бид хоёрыг очиход Пүүжээ манай 10 жилийн Далайцэцэг, Далайжаргал гэх 2 охинтой сууж байсан. Бид нар 04 цаг дөхөж байхад караокенаас гараад манай гэр рүү явахаар болсон. Такси бариад замаасаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн шар Чингис архи, 2,5 литрийн 2 аваад манайд очсон. Пиво уугаад архиа ууж байхад би тасарсан. Нэг мэдэхэд 32 автобусны буудлын хажууд явж байсан. Цаг харахад 11 цаг болох гэж байсан. Би эхнэрээ ажилдаа явсан юм болов уу гээд хашаанд байх байшинтай айлын эмээгээс эхнэр Одсүрэнг асуухад эмээ “чи эхнэрээ хутгалчихсан юм биш үү, эмнэлэгийн машин ирээд аваад явсан, чи хөл рүү нь хутгалсан” гэсэн... Одсүрэн “найзуудын хажууд намайг доош хийлээ” гэж уурласан намайг уурласан гэж хэлсэн. Би согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. Би согтуу байхдаа ийм үйлдэл гаргасан байна миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Одсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа яваад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Хамтран амьдрагч Дэмбэрэлнямбуу гэртээ байсан. Бид хоёр унтах гээд байж байхад Дэмбэрэлнямбуугийн 10 жилийн хүүхэд болох Пүүжээ яриад Модны 2-т байна гээд Дэмбэрэлнямбуу уулзахаар явсан. Удалгүй утасны цэнэг дууслаа гээд ирсэн. Намайг хамт явъя гээд бид хоёр хамт явсан. Бид хоёрыг очиход Пүүжээ ангийн хоёр охинтой хамт байсан. Бид нар 03 цаг өнгөрч байхад тэндээс гараад манай гэрт ирсэн. Дэмбэрэлнямбуу болон Пүүжээ 0.75 литрийн Алтан Чингис хувааж уугаад би хоёр найз охинтой нь 2,5 литрийн 2 сав Нийслэл гэх пиво хувааж уусан. Дэмбэрэлнямбуу ангийнхаа нэг жирэмсэн охинд архи өгөх гээд байхаар нь би “яах гээд байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан. Би “цагдаа дуудна, чи надад агсам тавьдаг биз дээ” гэж хэлэхэд чи “манай ангийн хүүхдүүдийн дунд намайг доош нь хийлээ” гээд уурласан. Энэ үед найзууд нь явлаа гээд Дэмбэрэлнямбуу гараад явсан. Дэмбэрэлнямбуу гаднаас орж ирээд гал тогооноос хутга аваад над руу дайрсан. Би зугтаагаад гэрээс гараад гүйсэн. Миний хойноос гарч ирээд хашаанд байсан машины хажууд намайг унагаахад би хутгатай гараас нь барих гэхэд миний баруун гарын баруун сарвууны 5 дугаар хурууны гадна талыг зүссэн. Мөн миний зүүн хөл гуя орчим хутгалсан. Хутгаа газар шидээд гүйгээд явсан. Би Цэргийн төв эмнэлэг орж оёдол тавиулсан. Би 7 хоног эмчилгээ хийлгэж боолт тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөөө 08 цаг 01 минутанд манай хажуу хашаанд байдаг Одсүрэн гэх эмэгтэй Дээгий намайг хутгалчихлаа гээд зүүн өвдөгний дээд талаас цус гарсан байдалтай байсан. Мөн баруун гарын чигчий хуруун дээр хутгалуулсан гээд цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Шар болон улбар шар хосолсон 9 см бариултай ажлын хэсэг 10 см урттай ажлын хэсэг болон бариул хэсгийн өргөн 1,4 см өргөнтэй жижиг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12338 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Ц.Одсүрэнгийн биед баруун сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Л.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 63 тоот хашаанд хамтран амьдрагч Ц.Одсүрэнтэй “ангийн хүүхдүүдийн хажууд намайг доош нь хийлээ” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний гар, гуян тус газар нь хутгаар зүсч эрүүл мэндэд нь “баруун сарвуу, зүүн гуянд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Одсүрэнгийн мэдүүлэг, гэрч Д.Ганбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12338 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, гэрчээс хэрэг болсоны дараах тухайн цаг хугацаанд болсон асуудлыг дамжмал байдлаар тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Дгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Одсүрэнгээс “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Л.Дтай эвлэрсэн…” гэсэн хүсэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Л.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар болон улбар шар хосолсон 9 см бариултай ажлын хэсэг 10 см урттай ажлын хэсэг болон бариул хэсгийн өргөн 1,4 см өргөнтэй жижиг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, улмаар бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар болон улбар шар хосолсон 9 см бариултай ажлын хэсэг 10 см урттай ажлын хэсэг болон бариул хэсгийн өргөн 1,4 см өргөнтэй жижиг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН