Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын гудамж 18-416 тоотод оршин суух, эмэгтэй, НШ86040360 регистрийн дугаартай, Нарванчин овогт Билэг- Эрдэнийн Энхчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ногоон чулуут 7-24 тотод ооршин суух, эрэгтэй, ЧА84081870 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганболдын Тарваад холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхбат, хариуцагч Г.Тарваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Б.Энхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний бие 2005 онд Г.Тарваатай танилцаж улмаар гэр бүл болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлээ батлуулж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаанд буюу 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Буянтогтох нь төрсөн. Бидний зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хүү Т.Буянтогтох миний асрамжид байгаа. Цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Буянтогтохыг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн хариуцагч Г.Тарваагаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Г.Тарваа шүүхэд гаргасан тайлбартаа:

           Б.Энхчимэгтэй 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Буянтогтох төрсөн. Хүүг минь манай ээж аав хоёр өсгөсөн. 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүү Т.Буянтогтохыг Б.Энхчимэгийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Г.Тарваа, Б.Энхчимэг  нар нь 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Буянтогтохыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 0012628 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Г-2620 дугаар төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Г.Тарваа, Б.Энхчимэг нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2008 онын 6 дугаар сарын 28-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Г.Тарваа, Б.Энхчимэг нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2007 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн хүү Т.Буянтогтохыг эх Б.Энхчимэгийн асрамжид үлдээж Г.Тарваагаас тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нарванчин овогт Билэг-Эрдэнийн Энхчимэг, Боржигон овогт Ганболдын Тарваа нарын гэрлэлтийг цуцалсугай.      

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн хүү Т.Буянтогтохыг эх Б.Энхчимэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн хүү Т.Буянтогтохыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Тарваагаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ