Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 

 

 

 

 

2019         11          28                                   2019/ШЦТ/987       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Хохирогч Г.Буяннэмэхийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,   

Шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн 201725020909 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол 4 байр 186 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадам ээж, хохирогч Н.Мөнхзулын 06-00 УБК улсын дугаартай Тоёота Марк Икс маркийн тээврийн хэрэгслийг “солиод сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авч залилж, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхийг “хамтран амьдаръя, хамт Япон улс руу явъя” гэж итгэл төрүүлэн улмаар “машин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5598097608 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,   

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд би хүн хутгалчихлаа, шүүх хурал болоод
шоронд орох гээд байна, хохирогчийнхоо гомдлыг барагдуулбал шоронд орохгүй,
чи  надад туслаач хэмээн Д.Өлзийбадрахыг хохирогчийн ах гэж итгүүлэн автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух
замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхийн 82-46 УНЧ улсын дугаартай Тоёота рав 4 маркийн автомашиныг Д.Өлзийбадрахад худалдан залилж, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,     

 

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “чи надад унаж яваа автомашинаа өгчих, би машин сольж авч цааш нь зараад хоёр машины чинь мөнгийг чамд буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Г.Буяннэмэхиин 01-30 УБЕ улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг З.Давхарбаярт шилжүүлэн залилж, 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.

 

Эрүүгийн 201725020909 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд бусадтай маргалдан бусдад гэмтэл учруулсан гэж худлаа ярьсан. Анхнаасаа худлаа ярьж Буяннэмэхээс Рав-4 машиныг нь аваад Да хүрээгийн ченж Өлзийбадрахад зарсан. Өлзийбадрахыг Буяннэмэхэд хэлэхдээ нөгөө хутгалсан хүн гээд худлаа хэлчихсэн. ...Хадам ээж Н.Мөнхзулын Тоёота Марк икс маркийн автомашиныг зараад мөнгийг нь хадам ээждээ өгөх байсан, эсвэл Кровн машин авч өгөх байсан боловч тэгэхгүйгээр өөр машин чөлөөлөөд үрээд дуусчихсан. Би дээрх хэргийг хийсэндээ гэмшиж байна, хохирлыг бүрэн төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46, 120-121, 159 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Буяннэмэх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Т.А хувиараа машины наймаа хийдэг. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “би нэг хүнээс машин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа, авах хүн нь бэлэн 2 сая төгрөг өгөөч” гэж хэлээд өөрийнхөө 5598097608 дугаарын Хаан банкныхаа дансаар авсан. Тэгээд хэсэг хугацаанд алга болчихсон. 7-8 хоногийн дараа фэйсбүүкээр холбогдоход “намайг хэсэг хүмүүс бүлэглээд зодоод байхаар нь би нэг залууг нь хутгалчихсан. Хэрэгт холбогдчихоод нөгөө хүмүүс нь 80 сая төгрөг нэхэмжилээд би мөнгө хайгаад хэцүү байна, чамд мөнгөний бололцоо байна уу” гэхээр нь би түүнд итгээд “миний машиныг аваад асуудлаа шийдчих, үүний дараа болно биз” би 16 сая төгрөгөнд зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд Азжаргал 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөгөө хутгалсан хүний ах гээд Өлзийбадрах гэдэг хүнийг дагуулж ирээд автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгээд миний автомашиныг аваад явсан. Тэгээд энэ үеэс бас алга болсон... 2016 оны 8 дугаар сард Азжаргал ээж өвчтэй ээжийгээ сувилалд эмчлүүлмээр байна гэж хэлсэн ба уулзахдаа “манай найз ВМW автомашин зарах гээд байна, чи машиныг аваад зөрүү мөнгийг нь өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “үгүй би машин мэдэхгүй худалдаж авахгүй” гэсэн. Тэгтэл “чи зөрүүнд нь унаж байгаа приус-30 машинаа өгчих, Рав-4 машины чинь мөнгийг нэмээд тэр ВМW-г чамд өгье” гэхээр нь би “үгүй машин авахгүй, би чамд ажлынхаа Харьер маркийн автомашиныг 11 сая төгрөгөөр тооцож өгье, чи уг автомашиныг аваад тэр ВМW машинаа авч зараад миний хоёр машины мөнгийг өгчих” гэж хэлээд 2016 оны 10 дугаар сард 01-30 УБЕ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн автомашиныг Азжаргалын найз Давхарбаяр гэдэг залууд шилжүүлж өгсөн. Би 2016 оны 12 дугаар сард сургалтаар гадагшаа явж ирчихээд холбоо барих гэтэл фэйсбүүкээрээ намайг блок хийчихсэн байсан. Азжаргал гар утасгүй учраас холбоо барьж чадахгүй болчихсон. Би өөрийнхөө найз Ренчинхандын фэйсбүүкээр нь мессеж бичүүлэхэд тэр найзыг маань блок хийчихсэн. Би хайгаад Азжаргалын үеэл Уянга дээр очиход Уянга “Азжаргал хэрэгт холбогдоогүй, ээжийнх нь бие муудаагүй, Азжаргал нь эхнэртэй, эхнэртэйгээ байгаа, Өлзийбадрах гэдэг хүн бол зүгээр ченж хүн” гэж хэлсэн. Би Уянгаагаар дуудуулаад 2017 оны 3 дугаар сарын 01-нд Азжаргалтай уулзсан. Уулзахдаа “чиний бүх юм худлаа байна, хоёулаа асуудлаа дуусгая чи надад миний машины мөнгийг өг” гэж хэлэхэд “би чиний мөнгийг өгнө” гэж хэлээд гараараа бичсэн зүйл дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Твин товер” барилгын 8 давхарт өөрийнхөө утсаараа Азжаргалын данс руу нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөнгө шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Тоёота рав-4” маркийн машиныг Азжаргал Өлзийбадрах гэдэг хүнтэй миний ажил болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооо “Твин товер” барилгын үүднээс аваад явсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сард Тоёота харьер маркийн автомашиныг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Твин товер” барилгын үүднээс авч явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28, 154 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай охин Азжаргалын нөхөр болох Азжаргал 2017 оны 3 дугаар сарын 04-ний орой залгаад “машинаа Мурана гэдэг машинаар солихгүй юм уу” гэж хэлсэн. Би “сайн мэдэхгүй байна ямархуу машин юм бол” гэхэд “зүгээрээ ээж би тань руу зургийг нь явуулъя” гэж хэлсэн. Тэгээд фэйсбүүкээр зургийг нь явуулсан. Би дахиж яриагүй орой нь охинтой орж ирээд “Мурана” гэдэг машин зүгээр гэж хэлэхээр нь “унтаж амарч байгаад маргааш болъё” гэж хэлээд ажилдаа гараад явсан. Намайг ажил дээр байхад хүү Азжаргал дахиад ярихаар нь “болъё” гэдгээ хэлэхэд “за за” гээд утсаа тасалсан. Би эргэлзээд охинтойгоо ярихад манай охин Азжаргал “та яагаад байгаа юм хүнтэй яриад тохирцон байхад, та одоо яачихаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “хүмүүстэй яриад тохиролцсон юм бол одоо яахав дээ” гээд охиныхоо үгэнд итгээд хүргэн Азжаргалыг ажлын гадаа ирээд залгахаар нь 15 цагийн үед өгч явуулсан... 2017 оны 4 дүгээр сарын эхээр Азжаргал сураггүй алга болсон. Залгахаар утас нь холбогдохгүй. Манай гэрт Тэмүүлэн гэх цагдаа ирээд Азжаргалын талаар асуухаар нь “байхгүй, ирэхгүй сар гаран болж байна” гэсэн. Маргааш нь Мөнхсонортой уулзахад “та өргөдөлөө өг” гэж хэлсэн. Тэгж хэлсэнээс хойш 14 хоногийн дараа хүргэн Азжаргалыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болсон...Би Азжаргалын ааваас 5 сая төгрөг зээлж аваагүй, 4 сая төгрөг зээлж авсан. Уг мөнгөний оронд “Тоёота Марк Икс” маркийн автомашиныг тооцож өгсөн зүйл байхгүй. Түвшинсайхан хүүхдийнхээ төлөө тэгж хэлж байгаа байх. 4 сая төгрөгийг миний автомашиныг үнэлсэн үнэлгээний дагуу хасч тооцож зөрүү мөнгийг нэхэмжилж Азжаргалаас гаргуулж авмааар байна. Би маш их гомдолтой байна. Азжаргалаас 2.5 сая төгрөг авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-110, 150 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Өлзийбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би Да хүрээ зах дээр өөрийн дугаарыг нь яг санахгүй байна, асфальтан саарал өнгөтэй Тоёота Клугер маркийн машиныг худалдаж авъя, гэхдээ Рав-4 маркийн автомашиныг үзээд сольж зөрүү мөнгө авъя, Клугер маркийн автомашин хэрэгтэй байна, Рав-4 нь манай эхнэрийн машин” гээд 2-3 өдөр гуйгаад байхаар нь Рав-4 машиныг үзээд 6.000.000 төгрөгийн зөрүү мөнгө өгөөд өөрийн Клугер машинаа 8.000.000 төгрөгөнд тооцож өгөхөөр болсон. Өөрийн Клугер маркийн автомашиныг Да хүрээ зах дээр Азжаргалд шилжүүлж өгөөд, Азжаргалын эхнэрийн ажил 1 дүгээр сургуулийн ойролцоо очоод хажуу талынх нь нотариат дээр гэрээ байгуулаад би өөрөө нэрээ шилжүүлсэн. Азжаргал гэмт хэрэгт холбогдсон талаараа надад хэлээгүй. Би Азжаргал гэдэг хүнийг танихгүй...” /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Азжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Азжаргал нь 2.5 сая төгрөг манай ээжид авчирч өгсөн зүйл байхгүй. Хэрвээ 2.5 сая төгрөг өгсөн бол би мэдэх байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Давхарбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2016 оны 8 дугаар сард Азжаргал “би чамд Соната-6, Соната-5, өөр нэг машин нийт 3 машин өгье, ВМW-7 сери маркийн автомашинаа сольчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сард Азжаргал “Тоёота Харьер” маркийн автомашин уначихсан ирээд “энэ машинаар чиний машиныг солъё” гэхээр нь би зөвшөөрөөд сольсон. “Тоёота Харьер” маркийн автомашиныг миний нэр рүү шилжүүлсэн... Азжаргал “энэ машиныхаа нэрийг шилжүүлж өг” гээд шаардаж эхэлсэн би Цэндээгээс шаардсан. Азжаргал уг ВМW-7 сери маркийн машиныг Холбоо гэдэг залууд зарах гэж өгсөн байсан. Энхжаргал гэдэг хүн нь “Цэндээ мөнгөө өгөөгүй” гээд тэр машиныг нь авсан байсан. Цэндээ Азжаргалтай уулзаж энэ асуудлыг шийдье гээд бид гурав хамтдаа уулзсан. Цэндээ “би ВМW-7 сери маркийн автомашины мөнгийг нь Энхжаргалд өгч чадаагүй байгаа, би чамд оронд нь Бенз СЛК маркийн автомашиныг өгөөд нэмээд 2 сая төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхэд Азжаргал зөвшөөрөөд ВМW-7 сери маркийн машиныг Цэндээд өгөөд “Бенз СЛК” маркийн автомашиныг унаад явсан. Цэндээ 2 сая төгрөгийг Азжаргалд цувуулаад өгч дуусгасан байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би Азжаргалд Бенз СЛК маркийн хоёр хаалгатай машин, дээрээс нь нэмээд ойролцоогоор 2 сая орчим төгрөг өгсөн. Тэгээд энэ асуудал дууссан. Машины хувьд бичиг баримтгүй байсан шууд өгчихсөн. Бичиг баримтгүй машин байсан гэж би Азжаргалд хэлсэн боловч өөрөө хамаагүй гээд авсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тоёота харьер маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 17.000.000 төгрөг…” гэжээ /1 дүгээр хх-ийн 113 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тоёота Рав-4 маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 18.000.000 төгрөг…” гэжээ /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тоёота Марк Икс маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.500.000 төгрөг…” гэжээ /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /1 дүгээр хх-ийн 85-86, 139-140 дүгээр хуудас/,

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудасс/,

 

Шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Т.Ганчимэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч М.Түвшинсайханы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч Н.Мөнхзулын хохирол төлбөрийг төлж барагдуулсантай холбоотой 1 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлж барагдуулсан тухай 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.А нь:

 

2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мөнхзул / хадам эх /-д ойрын харилцаа, холбоотой байдлыг далимдуулан итгэл төрүүлж түүний өмчлөлийн 0600 УБК улсын дугаартай “Тоёота Марк Икс” маркийн тээврийн хэрэгслийг “солиод сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар уг  автомашиныг өөртөө шилжүүлэн авч залилж, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхийг “хамтран амьдаръя, хамт Япон улс руу явъя” гэж дотно харилцаа холбоотой байх талаар хэлж итгэл төрүүлэн улмаар “автомашин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн, Хаан банкны 5598097608 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “би хүн хутгалчихлаа, шүүх хурал болоод
шоронд орох гээд байна, хохирогчийнхоо гомдлыг барагдуулвал шоронд орохгүй,
чи надад туслаач” хэмээн үгээр хэлж “Д.Өлзийбадрахыг хохирогчийн ах” гэж худал хэлж итгүүлэн Г.Буяннэмэхийг Д.Өлзийбадрахтай автомашин худалдах худалдан авах гэрээ хийлгэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхийн өмчлөлийн 8246 УНЧ улсын дугаартай “Тоёота рав 4” маркийн автомашиныг Д.Өлзийбадрахад худалдаж залилан, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “чи надад унаж яваа автомашинаа өгчих, би машин сольж авч цааш нь зараад хоёр машины чинь мөнгийг чамд буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхиин 0130 УБЕ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн автомашиныг З.Давхарбаярт шилжүүлэн залилж, 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Буяннэмэх, Н.Мөнхзул нарын мэдүүлэг, гэрч Д.Өлзийбадрах, З.Давхарбаяр, Б.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, тээврийн хэрэгслийн лавлагаанууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчээс хохирогч нартай ойр дотны харилцаа холбоотой байдлаа далимдуулан хохирогч нарт “автомашинуудыг сайжруулж өгнө, худалдаж өгнө, надад асуудал үүслээ мөнгөн тусламж үзүүлээч” гэх зэргээр үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, Г.Буяннэмэх, Н.Мөнхзул нарын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө авч захиран зарцуулсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн хүсэл сонирхол, тэдгээртэй дотно харилцаа холбоо бүхий байдлаа ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Т.А нь хохирогчоос авсан мөнгөн хөрөнгийг залилан авах шууд санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэсэн нэг төрлийн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Т.А нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох үндэслэлтэй ба прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд ялласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “....оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулж болох эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас дээрдүүлсэн зохицуулалттай гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Аыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 45.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Мөнхзулаас шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Хохиролд 9.000.000 төгрөг авсан. Т.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн  хүсэл зоригоо илэрхийлсэн.

 

Хохирогч Г.Буяннэмэх, түүний өмгөөлөгчөөс “...37.000.000 төгрөгийн хохирлоос Азжаргал 3.300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, саналыг илэрхийлсэн ба түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 37.000.000 төгрөгийн 33.700.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байсныг шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайг тогтоож түүнээс уг хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс хохирогч Г.Буяннэмэхийн өмгөөлөгч Т.Сайнбаярт хохирлын 33.700.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Т.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.А нь  2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 30 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 23 хоног нийт 53 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /53*8=424/ 424 цагийг хасч /500-424=76/ 76 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хугацааг тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, өөрт ашигтай байдлыг далимдуулж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Аыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Аыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аын цагдан хоригдсон 53 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /53*8=424/ 424 цагийн ажлыг эдлэх ял хасч, /500-424=76/  76 /далан зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН