Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

2019         11          28                                   2019/ШЦТ/990       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Д.Мягмарбаатар,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1909025880867 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Түмний хүртээл” ХХК-нд дизайнер ажилтай, ам бүл 3, эцэг, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 43 дугаар байрны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Монхорус байрны 405 тоотод байрлах “Содон мебель” ХХК-нд дизайнераар ажиллаж байхдаа хэрэглэгчээс захиалга авч зургийг бэлэн болгон үйлдвэрт оруулах явцдаа 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэгчдээс авсан төлбөрийг 13 удаагийн үйлдлээр буюу нийт 18.416.000 төгрөгийг бэлнээр болон өөрийн дансанд шилжүүлэн хувьдаа ашиглан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Д.Мягмарбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Баяржаргал нь 2011 онд манай компанид ажилд орсон. 2018 он хүртэл сайн ажиллаж байсан. 2018 оны 2 дугаар сараас хойш асуудал гаргасан. 7.340.000 төгрөг цалингаас нь суутгаж авсан. Баяржаргалд үйлчлүүлэгчээс өгсөн бэлэн мөнгийг авч компанид шилжүүлэх, өгөх ажлыг хариуцуулсан байсан. Үлдэгдэл хохирлоо төлж барагдуулсан учир одоо төлбөр тооцоо байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909025880867 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд компаний захиалгын хувьдаа ашигласан нь үнэн. Цалингаасаа суутгуулах хэлбэрээр 7.430.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 11.464.465 төгрөгийн хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар гүйцэтгэх захирал Нарантуяатай тохиролцож өөрийн гараар бичиг өгсөн. Би уг мөнгөнүүдийг зээл болон өрхийн хэрэглээндээ ашигласан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч болсон явдалд маш их гэмшиж байна… Баасандэлгэр ажил дээр ирж уулзаад зургаа үзүүлээд тавилгын зөрүү мөнгө болох 855.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн өгсөн. Гэрт нь очиж гал тогооны тавилгын хэмжээг нь аваад ажил дээр ирээд тавилгын ажлын зургийг зурсан. Бүрэн тохиролцоогүй учраас гэрээ хийгээгүй. 4 хоногийн дараа утсаар зургаа бүрэн тохиролцоод урьдчилгаа 4 сая төгрөгийг гэрээ хийгээгүй өөрийн дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-11, 91-94 дүгээр хуудас/,

 

Хохирогч Я.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ц.Б нь манай компанид 2011 онд ажилд орсон. Манайд ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сараас хойш нийт 13 удаагийн үйлдлээр захиалагчдын захиалгын мөнгийг байгууллагын данс руу хийхгүй хувьдаа ашигласан үйлдэл гаргасан. Баяржаргалыг ажиллаж байх хугацаанд цалингаас нь тодорхой дүнгээр суутгах замаар нийт 7.340.000 төгрөгийг барагдуулсан. Ажлаасаа гарснаас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй... Цайз гал тогтоо гэсэн захиалгын урьдчилгаа төлбөр болох 1.400.000 төгрөгийг Баяржаргал авсан байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 18-ны 1.400.000 төгрөгийг захиалагчид эргүүлэн төлсөн. Баасандэлгэр Кинг таур гэсэн захиалгын 4.885.000 төгрөгийг Баяржаргал хувьдаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-23 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Содон мебель ХХК-ийн оффисын байранд очоод Баяржаргалаар план зураг гаргуулсан. Тэр өдрөө шкафны мөнгө болох 855.000 төгрөгийг Баяржаргалын данс руу шилжүүлсэн. Баяржаргал манай нөхөрт “та урьдчилгаа хэдэн цаас шилжүүлчих, би үйлдвэрийн даргад хэлээд хийлгэж байя, гэрээ хийгээгүй болохоор байгууллагын дансанд хийж болохгүй та миний өөрийн данс руу шилжүүлчих, ирэхээрээ гэрээгээ авчих би бэлдээд байж байя” гэж хэлсэн. Баяржаргалын 5011431202 гэсэн данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гомдолтой байна. Баяржаргалаас 4.855.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд /хохирогч Я.Нарантуяагаас гаргасан баримт/ /хх-ийн 30, 31-44 дүгээр хуудас/,

 

Ц.Бын 2018 онд хэрэглэгчээс авсан мөнгөний тайлбар /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Тавилгын захиалгын хуудас, Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

“Содон мебель” ХХК-ийн “Ажилд авах тухай” захирлын тушаал /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

“Содон мебель” ХХК-ийн “Ажлаас чөлөөлөх тухай” гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

“Содон мебель” ХХК хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 66-72 дугаар хуудас/,

 

“Хаан банк” Депозит дансны хуулга /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрээс гаргаж өгсөн 2 хуудас барим/, /хх-ийн 95, 96-97 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, “Түмний хүртээл” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт, хохирогчоос шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Монхорус байрны 405 тоотод байрлах “Содон мебель” ХХК-нд дизайнераар ажиллаж байхдаа хэрэглэгчээс захиалга авч зургийг бэлэн болгон үйлдвэрт оруулах явцдаа 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэглэгчдээс авсан төлбөрийг 13 удаагийн үйлдлээр буюу нийт 18.416.000 төгрөгийг бэлнээр болон өөрийн дансанд шилжүүлэн авч хувьдаа ашиглан бусдын эд хөрөнгийг завшсан болох нь шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мягмарбаатар, Я.Нарантуяагийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, Хаан банк” Депозит дансны хуулга, Содон мебель” ХХК-ийн “Ажилд авах тухай” захирлын тушаал, “Содон мебель” ХХК-ийн “Ажлаас чөлөөлөх тухай” гүйцэтгэх захирлын тушаал, “Содон мебель” ХХК хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Ц.Б нь  “Содон мебель” ХХК-нд дизайнераар ажиллахдаа компанид орж ирэх үйлчлүүлэгчидийн тавилга захиалгын 18.416.000 төгрөгийг дур мэдэн өөртөө авч захиран зарцуулсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг холбогдох баримтуудаар давхар нотолсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Ц.Баас компанид орж ирэх орлого гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа өөртөө мөнгөн орлогыг авч буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж бусдад зориуд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Баас хохирогч Д.Мягмарбаатарт 4.789.465 төгрөг, захиалагч Ж.Алтанхуягт 1.400.000 төгрөгийн хохирол, төлбөр бүрэн төлөгдөж иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрийн төлбөрөөс 500.000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон байна.

 

Иймд Ц.Баас иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрийн үлдэгдэл төлбөр болох 4.385.000 төгрөгийг гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрт хохирлоо төлөх талаар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, иргэний нэхэмжлэгчээс “хохирлоо төлбөл гомдол саналгүй” талаар хүсэлтээ бичгээр гаргасан болохыг тэмдэглэв.

 

 Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тэнсэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрт учруулсан 4.885.000 төгрөгийн хохирлыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Мягмарбаатарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 4.385.000 /дөрвөн сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Баасандэлгэрт олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 4.885.000 /дөрвөн сая найман зуун наян таван мянга/ төгрөгийн хохирлоо 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН