Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1000

 

 

 

 

 

 

 

 

 

2019         12          02                                   2019/ШЦТ/1000       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч  Т.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч Б.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1909039461271 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 1 дүгээр хороололд Гоо сайханы салонд ажилладаг, ам бүл 5, ээж, эгч, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо нуур 9 гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 6-229 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай лофт бааранд хохирогч Д.Хулантай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 Эрүүгийн 1909039461271 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө найз Гүнжинлхам, Цогоо нарын хамт Ай лофт бааранд 01:00 цагийн үед орсон. Би вискинээс уугаад нилээд согтсон. Баарнаас гарахдаа баарны үүдэнд зогсож байсан охиныг санамсаргүй өшиглөөд маргаан болоод гарсан. Хохирогч Хулан найзуудтайгаа гарч ирээд надтай хэрүүл хийсэн. Хулан бид хоёрын дунд зодоон болоод би Хуланг өшиглөсөн. Хулангийн найзууд миний хэдэн талаас үсдэж татаад намайг газарт унагаасан. Би Хулантай маргалдаж байх үедээ хөл, шилбэ хэсэгт нь хөлөөрөө өшиглөснөөс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө найз Маргад, Номинзаяа нарын хамт “Туушин” зочид буудлын ард байдаг “Ай лофт” бааранд орсон. Шөнийн 03:00 цагийн үед бид гурав баарнаас гарах гээд хаалгыг татах үед Баясаа гэх эмэгтэй шууд намайг үсдэж аваад миний баруун гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Өшиглүүлснээс болоод миний баруун гуя, баруун зүүн шилбэ хөхөрч хөндүүр болсон. Үснээс зулгааснаас болоод миний үс тугаар унасан. Надтай хамт Маргад явж байсан. Тэр эмэгтэй надаас салгахыг оролдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Маргад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө өөрийн найз Хулантай Ай лофт бааранд орж үйлчлүүлсэн. Бид хоёр хувцасаа авах гээд өлгүүр дээр зогсож байх үед баарны гаднаас цагаан малгай, цагаан цамцтай эмэгтэй гаднаас баар руу орох гээд баарны хаалгыг хөлөөрөө жийгээд байсан. Хамгаалагч оруулахгүй гээд хаалгаа бариад байсан. Манай найз Хулан баарнаас гарах гээд хамгаалагчийн хажууд зогсож байсан. Хамгаалагч баарны хаалгыг онгойлгох үед Баясаа гэх эмэгтэй орж ирэнгүүтээ Хуланг үсдээд эхэлсэн. Арай гэж салгаад баарнаас Баясаа гэх эмэгтэйг гаргасан. Хулан бид хоёр баарнаас гарахад нөгөө охин үүдэнд зогсож байснаа Хуланг хараад дахиад үснээс нь зулгаагаад хөл, гэдэс, бие рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Гэрч О.Гүнжинлхам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө найз Баясаа, Цогоо нарын хамт Ай лофт бааранд орсон. Бид гурав гарах гэж яваад баарны үүд хэсэгт байдаг хувцасны өлгүүрний тэнд Баясаа бид хоёр хоорондоо ноцолдож тоглож байгаад Баясаа тэнд байсан нэг эмэгтэйг өшиглөсөн. Баясаа санаандгүй өшиглөсөн байх. Тэгээд маргаан болсон. Утсаар ярьчихаад буцаад ирэхэд Баясаа баарны үүдэнд санаандгүй өшиглөсөн эмэгтэйтэй зодолдчихсон байсан. Баясаагийн хувцас шороо тоос бололцсон байсан. Би гэр рүүгээ яараад байсан учраас Баясааг Цогоод захиж үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12784 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

1. Д.Хулангийн биед баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2019 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” бааранд хохирогч Д.Хулантай “санамсаргүй өшиглөсөн” гэх шалтгаанаар маргалдаж түүний биед хүч хэрэглэн хөлөн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Хулангийн мэдүүлэг, гэрч О.Гүнжинлхам, гэрч Т.Маргад нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12784 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Д.Хулангийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Хулангаас “...Б.Бтай эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН