| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00936/И |
| Дугаар | 184/ШШ2016/01177 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол 40В байр 53 тоотод оршин суух, эмэгтэй, ЧЛ75070928 регистрийн дугаартай, Чонод овогт Банзрагчийн Хэрлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт 93 гудамж 05 тоотод оршин суух, эрэгтэй, ХН70051911 регистрийн дугаартай, Сартуул овогт Жамъянсүрэнгийн Батболдод холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Ж.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 1994 онд Ж.Батболдтой танилцан улмаар гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамтран амьдарсан. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд 1996 оны 09 дүгээр сарын 16-ны хүү Билгүүндөл, 2000 оны 03 дугаар сарын 28-нд охин Б.Номин-Эрдэнэ төрсөн. Бид нар зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2000 оноос тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш 2 хүүхэд нэхэмжлэгчийн асрамжид өссөн. Одоо гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Хэрлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Хэрлэн нь 1994 онд Ж.Батболдтой танилцан улмаар гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамтран амьдарсан. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд 1996 оны 09 дүгээр сарын 16-ны хүү Билгүүндөл, 2000 оны 03 дугаар сарын 28-нд охин Б.Номин-Эрдэнэ төрсөн. Б.Хэрлэн, Ж.Батболд нар нь зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2000 оноос тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш 2 хүүхэд нэхэмжлэгчийн асрамжид өссөн. Нэхэмжлэгч гадаадад байгаа. Нэхэмжлэлээ бичиж шүүхэд өгөөд надад итгэмжлэл үлдээгээд явсан.
Одоо гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.Хэрлэн, Ж.Батболд нарын дунд эд хөрөнгийг маргаан байхгүй, хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн гэв.
Хариуцагч Ж.Батболд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2000 оноос тусдаа амьдрах болсон ба бидний дунд одоо эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Х.Номин-Эрдэнийг Б.Хэрлэнгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Хэрлэн, Ж.Батболд нар нь 1992 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 1996 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Б.Билгүүндөл, 2000 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Номин-Эрдэнийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ПА342 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 0000724609 дугаар төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Ж.Батболд, Б.Хэрлэн нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2000 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ж.Батболд, Б.Хэрлэн нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.
Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2000 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн охин Б.Номин-Эрдэнийг эх Б.Хэрлэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чонод овогт Банзрагчийн Хэрлэн, Сартуул овогт Жамъянсүрэнгийн Батболд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн охин Б.Номин-Эрдэнийг эх Б.Хэрлэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.
4.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ