| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1007/Э |
| Дугаар | 999 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 999
2019 12 02 2019/ШЦТ/999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Т.Ч (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Чт холбогдох эрүүгийн 190903571256 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нисэхийн техникч механикч мэргэжилтэй, “МИАТ” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Агьт 4 дүгээр гудамжны 47 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 2019 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт /I Loft/ баарны гадна иргэн Э.Энх-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа 2-3 удаа цохих, 1 удаа өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1909038571256 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед талбайн хажууд байдаг Ай лофт нэртэй бааранд найз Итгэл, Чүлтэмсүрэн нарын хамт орж үйлчлүүлсэн. Уугаад сууж байхад танихгүй залуу ирээд надтай маргалдах гээд байсан. Найз Итгэл намайг салгасан. Тэгээд бид нар баарнаас гарсан. Миний урд зодуулсан гэх танихгүй залуу нэг охинтой хамт явж байсан. Тэр залуу “чи сая яагаад байсан бэ” гээд намайг хавсарч унагаагаад унасан байхад өшиглөсөн. Би уурандаа 1-2 удаа цохисон. Манай хоёр найз салгахад нь би Энх-Эрдэнийг хавсарч унаган дээрээс нь 1-2 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Энх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө найз Номин-Эрдэнэ, Ану, Мөнхбат нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байдаг “Ай лофт” бааранд орж үйлчлүүлсэн. Хажуу ширээнд 3 залуу байсан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад найз Ануг тэр гурван залуугийн хар малгайтай, хар хувцастай залуу дагаад байсан. Би очиж –“манай найз байгаа юм болчих” гэж хэлсэн. Тэгээд сууж байхад нөгөө залуу миний хажууд байсан сандлыг өшиглөсөн. Би “яагаад байгаа юм бэ” гээд босоод бид хоёр маргалдаад барилцаж авсан. 3 залуугийн нэг болох махлаг залуу ирээд намайг түлхээд салгасан. Номин гарч ирээд бид хоёр машин дээр ирж байхад нөгөө хар хувцастай залуу ирээд маргалдаад барилцаж авахад нь би тэр залууг хавсарч унагасан. Босч ирээд намайг барьж авахад хамт явж байсан хоёр залуу ирээд салгах гэхэд хар хувцастай залуу нь намайг газар унаган гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Г.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед талбайн зүүн талын Ай лофт бааранд орсон. Бааран дотор Анужин зодоон хийсэн гурван залуугийн хар малгайтай залуутай хамт гүйж харайгаад ширээн дээр нь очиж суугаад байсан. Тэрнээс болоод хэрүүл маргаан болсон байх гэж бодож байна. Сууж байсан ширээн дээрээ ирэхэд хүн байхгүй болохоор нь баарнаас гарахад Энх-Эрдэнэ, Анужин хоёр баарны үүдэнд зогсож байсан. Хар хувцастай залуу нь гүйж ирээд Энх-Эрдэнэтэй зууралдаад авсан. Малгайтай цамцтай залуугийн араас хоёр найз нь гүйж ирээд Энх-Эрдэнийг газар унагаагаад гурвуулаа нийлээд өшиглөөд зодоод байсан. Би баар руу буцаж очоод найз охин Анужинг дагуулж гарч ирсэн. Намайг баарнаас гарч ирэхэд Энх-Эрдэнийг зодсон гурван залуу талбай руу зугтаагаад гүйж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Т.Итгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ний 00 цагийн үед найз Чүлтэмсүрэн, Чугаев нарын хамт Ай лофт бааранд орж үйлчлүүлсэн. Бүжиглэж байгаад ирэхэд хажуу ширээний нэг залуу Чугаевыг буйдан дээр дарцаж байж байхаар нь би тэр залууг салгасан. Чугаев баарнаас гараад түрүүлээд алхаад явсан. Чүлтэмсүрэн бид хоёр Чугаевын араас очиход бааранд маргалдаад байсан залуутай замын голд барилцаад авсан байсан. Чүлтэмсүрэн бид хоёр салгах гээд зууралдаж байхад Чугаев уг залууг хавсарч унагаад гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч С.Чүлтэмсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ний 00 цагийн үед найз Итгэл, Чугаев нарын хамт Ай лофт бааранд орж үйлчлүүлсэн... хажуу ширээний залуу Чугаевтай уулзаад байсан. Чугаев тэр залуугийн хажууд байсан сандалыг өшиглөсөн. Чугаев тэр залууг заамдаад буйдан дээр хэвтүүлээд жаахан ноцолдсон. Би салгах гэж оролдож байхад найз Итгэл ирээд салгасан. Чугаев баарнаас гараад түрүүлээд алхаад явсан. Би Итгэлийг хүлээгээд зогссон. Тэгээд булан эргээд гараад ирэхэд Чугаев замын голд бааран дотор маргалдсан залуутай зууралдаад доор нь орцон байсан. Итгэл очоод тэр залууг холдуулахад тэр залуу Итгэл рүү дайрахад би салгах гэж оролдсон. Чугаев тэр залууг хавсарч унагаад нүүр хэсэгт нь гараараа 2-3 цохисон ба нэг удаа өшиглөхөд нь Итгэл бид хоёр салгаад холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12402 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Э.Энх-Эрдэний биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 2019 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай лофт” /I Loft/ баарны гадна иргэн Э.Энх-Эрдэныг “найзтай харилцаа үүсгэхээ боль” гэж хэлснээс болж маргалдаж түүний толгой, нүүрэн тус газар нь удаа дараа цохиж зодсоноос эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энх-Эрдэний мэдүүлэг, гэрч Г.Номин-Эрдэнэ, гэрч Т.Итгэл, гэрч С.Чүлтэмсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12402 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Чын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Энх-Эрдэнээс “...Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Чыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН