Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

   2019        12          04                                   2019/ШЦТ/1012       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Г.Сундуй,

Шүүгдэгч /хохирогч/ Б.Я (өөрөө өөрийгөө өмгөөлж),

Шүүгдэгч /хохирогч/ П.Д (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Я, П.Д нарт холбогдох эрүүгийн 1909038581300 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Хадаг тур” ХХК-нд орчуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хороолол 201 байр 130 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 9 дүгээр байр 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Я нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ван реседэнс байранд байрлах массажны газарт иргэн П.Дгийн нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч П.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ван реседэнс байранд байрлах массажны газарт иргэн Б.Ягийн нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909038581300 дугаартай хэргээс:

 

Шүүгэдэгч П.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг сауны газарт хүлээгээд сууж байхад уг сауны ажилтан эмэгтэй ирж “Солонгос хүнтэй ойлголцохгүй байна, орчуулаад өгөөч” гэсэн. Би уг Солонгос хүнд Англи хэлээр орчуулж өгсөн. Орчуулагч нь гэх залуу согтуу байсан ба бид нар ойлголцохгүй байснаас Ядамсүрэн намайг цохиход би зөрүүлээд цохисон. Маргалдаж байхад баарны ажилтан эмэгтэй бид хоёрыг гадаа гаргасан. Гадаа гараад маргалдаж, ноцолдож байхдаа цохиж бэртэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Я мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед Солонгос иргэн тооцоо төлөхдөө хоёр хүний тооцоо төлсөн. Зөрүү мөнгө авах гээд ойлголцохгүй байснаас болж маргалдсан. Би тухайн үед маргалдаж байхдаа Доржсүрэнгийн биед гараараа 1-2 удаа цохиж гэмтэл учруулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Я мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Бүгд найрамдах Солонгос улсын иргэний хамт гадуур явж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити саун спа төвд үйлчлүүлэхээр орсон. Солонгос улсын иргэн уг саунаар үйлчилүүлсэн ба би жаахан согтсон байсан болохоор үйлчлүүлээгүй. Тэгээд надтай хамт байсан хүн хоёр хүний төлбөр төлсөн байсан. Би “би үйлчлүүлээгүй байхад хоёр хүний төлбөр авсан байна” гэсэн. Би согтуу байсан ба хамт явсан Солонгос хүн бас ойлголцохгүй байсан. Хоёр хүн саунд үйлчлүүлэхээр ирсэн байсан ба нэг залуу нь орчуулж өгсөн. Би сайн санахгүй байна. Хоёулаа явсан хүний намхан залуу нь миний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Би тухайн үед тэр залуугийн нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө найз Дашдаваагын хамт 22 цагийн үед гэртээ пиво уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад бид хоёр гэрээс гарч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ван ресэдэнс байранд байрлах массажны газарт очиход үйлчлүүлэгч ихтэй байсан тул бид хоёр хүлээлгийн өрөөнд хүлээж байсан. Ресепшн хүүхэн “Солонгос хүнд орчуулаад өгөөч хэл ойлголцохгүй байна” гэхэд би туслах санаатай тэр Солонгос хүнд “төлбөрөө төлөө гэж байна” гээд орчуулж Англи хэлээр хэлсэн. Нөгөө Солонгос хүн “би хэлмэрч хүндээ төлбөрөө өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлмэрч гээд байгаа хүнд хандан “чамд мөнгийг нь өгсөн гэж байна, чи мөнгийг нь төлөх ёстой юм бишүү” гэхэд тэр залуу нэг юм хэлээд байснаа шууд миний нүүр хэсэгт гараараа цохиход нь би биеэ хамгаалж тэр залуутай ноцолдсон. Тэр залуу намайг унагаад миний дээр гараад намайг цохиод байсан. Шуугиан болоход тэнд байсан ажилчид бид хоёрыг шил хагаллаа гарцгаа гээд гадаа гаргасан. Тэгээд гадаа гараад дээр доороо ороод байж байхад Манай найз Дашдаваа ирж тэр залууг татаж салгасан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Сэрэглэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ажлаа хийж байхад оройны 23 цагийн үед нэг Солонгос хүн орчуулагчийн хамт орж ирсэн. Үйлчилгээнд орох хоёр хүний тооцоо хийсэн боловч орчуулагч залуу ороогүй нилээн согтуу байсан. Тэр хоёр тооцоо хийхдээ карт уншуулсан. Би зөрүү тооцоог буцаахаа мартаад явуулсан байсан. Удалгүй тэр хоёр зөрүү мөнгөө авах гээд орж ирсэн. Би орчуулагч залуугийн дансыг аваад зөрүү мөнгийг шилжүүлсэн. Тэгтэл Солонгос иргэнд зөрүү мөнгө аваагүй гээд буруу ойлголт төрүүлээд байсан юм шиг байсан. Солонгос хүн бид нараас зөрүү мөнгөө авъя гээд хэл мэдэхгүй ойлголцохгүй байж байхад гаднаас хоёр эрэгтэй орж ирсэн. Нэг ах ирээд надад тусалж Солонгос хүнд орчуулж хэлж өгсөн. Орчуулагч залуу уурлаад тэр ахын нүүр хэсэгт цохисон. Тэр хоёр хоорондоо зодолдоод байсан. Бид нар арай гэж гадаа гаргасан. Нэг мэдсэн цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12388 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Б.Ягийн биед хамар ясны далд хугарал, зүүн хацар, шанаа хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулын салстад цус хуралт хүзүү, цээж, зүүн мөр, баруун тохойнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12438 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. П.Дгийн биед зовхи, хамарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ягийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Я нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ван реседэнс байранд байрлах массажны газарт иргэн П.Дтэй үл ойлголцон зүй зохисгүй харьцаж маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “зовхи, хамарт цус хуралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Ягийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Дгийн мэдүүлэг, гэрч Б.Сэрэглэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12438 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч П.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ван реседэнс байранд байрлах массажны газарт иргэн Б.Ятэй үл ойлголцон маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, зүүн хацар, шанаа хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулын салстад цус хуралт хүзүү, цээж, зүүн мөр, баруун тохойнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Дгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ягийн мэдүүлэг, гэрч Б.Сэрэглэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12388 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Я, П.Д нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, гэрч Б.Сэрэглэнгээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Я, П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тусыг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Б.Я, П.Д нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Я, П.Д нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Я, П.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч П.Дгийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Я, П.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Я, П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я, П.Д нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Я, П.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я, П.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Я, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН