| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1016/Э |
| Дугаар | 1011 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 1011
2019 12 04 2019/ШЦТ/1011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, О.А нарт холбогдох эрүүгийн 1909036751057 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамж 608б тоотод оршин суух, урьд:
2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №675 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн №601 дугаартай магадлалаар хорих ялыг 3 сар 6 сарын хугацаагаар хорих ял болгож өөрчилж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №36 дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой”-г тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,
Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 43 дугаар гудамж 920 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 13 дугаар гудамж 685 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагаас 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 10 дугаар гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Ц.Мөнгөнжигүүрийн Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 80.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагаас 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 10 дугаар гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Ц.Мөнгөнжигүүрийн Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 80.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909036751057 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 30 минутын үед найзынхаа ах Билгүүнтэй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5-н буудлын автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүн гар тийш Рашааны 12 дугаар гудамжны ойролцоо байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тааралдаж архи уусан. Бид хоёрын архи ууж байсан газар Жигүүр, Анар гэх хоёр хүүхэд тоглож байсан. Би Жигүүрийг дуудаад утсаар нь фейсбүүк чат руу ороодхоё гээд гуйсан. Тэр үед Билгүүнээ ах уурлаад Анар, Жигүүр хоёрыг талдаа орсон архи, ундаа хоёрыг өгөөд хөөгөөд явуулсан. Бид хоёр Жигүүрт гар утсыг нь өгөх гээд Анарын гэр рүү очсон. Тухайн үед Анарын эгч Билгүүн ахтай хэрэлдээд байсан. Би Анарыг зодоогүй. Мөнгөнжигүүрийн толгойных нь ар руу гарынхаа алгаар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой ажлаа тараад 20 цаг 00 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд гараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 10 дугаар гудамжинд байрлах сагсаны шийдэн дээр очоод Амарсанаатай тааралдсан. Бид хоёр 0.75 литрийн савлагаатай архи авч уусан. Шийдний ойролцоо Мөнгөнжигүүр, Анар хоёр явж байсан. Амарсанаа тэр хоёрыг дуудаад архи хундагалуулсан. Хэсэг сууж байгаад би тэр хоёрыг хөөгөөд явуулсан. Амарсанаа Мөнгөнжигүүрийн гар утсыг аваад үлдчихсэн байсан. Би “ахын дүү болохгүй наад гар утсаа буцаагаад өг” гэж хэлсэн. Бид хоёр гар утсыг нь өгөх гээд Анарын гэр рүү явж байхад Анар, Мөнгөнжигүүр хоёр Анарын аав, эгч хоёртой хамт зогсож байсан. Үүлэнзаяа гэх эгч нь “та хоёр манай дүү нарыг зодож дээрэлхсэн байна” гээд цагдаа дуудахаар нь би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 37-38 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнгөнжигүүр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны оройны 21 цаг 50 минутын үед найз Анарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5-н буудал орчим байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан. Гэтэл 22 цаг 00 минутын үед 5-н буудал орчмоор амьдардаг зүс таних Амараа ах Билгүүнээ гэх зүс таних ахтай хамт хүрч ирээд хажууд архи уугаад суусан. Тэр хоёр бид хоёрыг дуудаад архи хундаглаад өг гэсэн. Анар архи хундаглаж байхад Амараа ах намайг утсаа гаргаад ир гэсэн. Би түүнд “надад утас байхгүй” гэж хэлсэн. Амараа “худлаа шаагаад бай” гэж хэлээд Анарын халаасыг нэгжсэн. Дараа нь миний халаасыг нэгжээд миний өмсөж явсан жинсэн өмдны зүүн талын халаасанд гараа хийгээд Айфоне-5 маркийн хар өнгийн гар утсыг гаргаад авсан. Амараа ах миний утсыг авсаныхаа дараагаар гэнэт уурлаад “чи муу гөлөг ахын минь хажууд намайг доошоо хийгээд байна уу” гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа шанаадсан. Цээжний хэвлий тус газарт нэг удаа гараараа элэгдсэн. Тэгэхэд Билгүүнээ ах босч ирээд салгаж болиулсан. Билгүүнээ ах та хоёр наад архиа ундаатайгаа аваад яв. Бид хоёр та хоёрт 2 зүйл өгсөн. Та 2 бид хоёрт нэг утас өгч болно биз дээ, одоо эндээс зайл 3 тоолох хооронд гүйгээд зугт гэсэн. Бид хоёр зугтаагаад Анарын гэрт очсон. Анарын эгч Үүлээ Амараа ах, Билгүүн ах хоёртой таараад гудамжны үзүүрт зогсож байсан. Тэр эгч миний утсыг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Анар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны оройны 21 цаг 50 минутын үед найз Мөнгөнжигүүрийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5-н буудал орчим байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан. Тэнд Амараа ах, Билгүүнээ ах хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид хоёрыг дуудаад намайг архи хундаглаад өг гэсэн. Амараа ах Жигүүрээс гар утсаа өгчих гэсэн. Жигүүр “надад утас байхгүй” гэхэд эхлээд миний халаасыг нэгжсэн. Дараа нь Жигүүрийн халаасыг нэгжээд гар утсыг нь авчихсан. Тэгээд “чи муу миний ахын хажууд намайг доошоо хийлээ” гэж хэлээд Жигүүрийн нүүрэн тус газар гараараа алгадсан. Билгүүнээ ах нөгөө хоёрыг салгасан. Амараа ах Жигүүрээс утасныхаа кодыг хэл гэж зандарч байгаад хэлүүлсэн. Билгүүнээ ах “та хоёр наад архи, ундаагаа ав, би та хоёрт 2 зүйл өгсөн, оронд нь нэг зүйл авч болно биз дээ” гэсэн. Тэгээд гурав тоолох хооронд гүйгээрэй гэсэн. Бид хоёр гүйгээд манай гэрт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч М.Үүлэнзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой гэртээ орох гээд гудамжиндаа явж байхад Амарсанаа нэг залуутай манай гудамжинд шээгээд зогсож байсан. Билгүүн гэх залуу нь өмдөө ч таталгүй миний урдаас хүрээд ирсэн. Гэтэл Амараа “сайн уу Үүлээ эгч” гээд намайг дуудсан. Би түүнийг “согтуу байгаа юм уу” гээд загнаж байхад манай аав над руу залгаад “Амарсанаа Анарын найз Жигүүрийн гар утсыг авсан байна” гэж хэлсэн. Би Амарсанааг “хүүхдийн утас өг” гэхэд “аваагүй, мэдэхгүй” гэсэн. Чамаас өөр хэн авдаг юм гэхэд Билгүүн гэх залуу нь над руу “чи хууль сахиулагч юм уу, хэн болоод хүний гар утас нэхээд байгаа юм” гээд над руу дайрсан. Би цагдаа дуудсан. Тэгэхэд Билгүүн нь зугтаагаад Амараа Жигүүрийн утсыг гаргаад өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 15-16 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 5 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 80.000 /наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, шүүгдэгч М.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 85-98 дугаар хуудас/, гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч А.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бий өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б О.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагаас 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 10 дугаар гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнгөнжигүүрийн Айфоне-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Б, О.А нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнгөнжигүүрийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Анар, гэрч М.Үүлэнзаяа нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаар шүүгдэгч М.Б, О.А нараас насанд хүрээгүй хохирогчид гар утсыг хүч хэрэглэлгүйгээр булаан авч буй үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Насанд хүрээгүй хохирогчоос өөрийг нь цохьсон талаар мэдүүлэх боловч тэрхүү үйлдэл нь түүний гар утсыг авсаны дараах үйлдэл байхаас гадна биед нь гэмтэл учирсан байдал тогтоогдоогүй тул прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэсэн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Б, О.А нарыг бүлэглэн бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнгөнжигүүрийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмонгоос “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч О.А, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.А, М.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарыг учруулсан хохирлоо төлж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.А, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б, О.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.А, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, М.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.А, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН