Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2017/0030/З |
Дугаар | 40 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 40
2017 оны 09 сарын 05 өдөр Дугаар Эрдэнэбулган сум
109/ШШ2017/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Б миний бие Ус суваг ашиглалтын “У” ХХК-ийн захирлаар ажилладаг. Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамж гарган ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах алдаа, зөрчил дутагдал гаргаагүй.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын ажилд эргүүлэн томилуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар “Б.Б-ийг ажлаас халах тухай” захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Б.Б-ийг ажлаас халсан байдаг. Энэ захирамж нь хуулийн заалт барьсан хэдий ч ямар зөрчилд хариуцлага тооцоод байгаа нь тодорхойгүй байна. Дээрх заалтад заасан зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халсан бол бас л хууль эрх зүйн үндэслэлгүй.
Б.Б өөрийн нөхөр Д-гийн компани болох “Ц” компанитай гэрээ байгуулж машин мяханизм түрээслэсэн гэсэн асуудал нь Архангай аймгийн Прокурорын газрын тогтоолоор хэрэгсэхгүй болсон.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичгийн 2 дугаар заалтад 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүний өмчлөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт худалдан авсан 2 болон 3 өрөө орон сууцнуудыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасан хугацаанд мэдүүлээгүй, 2015, 2016 оны мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдэл” хэсэгт гэр бүлийн гишүүний хадгаламжийг зөрүүтэй мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Гэвч энэ зөрчлүүдийн эрх зүйн үйлчлэл нь ямар байх вэ гэдгийг анхаарч үзэхэд Захиргааны хариуцлагын тухай хуулиар ашигтай байдлаар хуулийн буцаан хэрэглэж болно. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар тухайн зөрчлийг үйлдэгдсэнээс хойш 3 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол хариуцлага тооцож болохгүй гэсэн заалт байдаг. Энэ заалтаар ямарч арга хэмжээ авах үндэслэлгүй байсан.
Мөн Эрүүгийн хэрэг үүсээд хэрэгсэхгүй болгосон тогтоол гарснаас хойш арга хэмжээ авах заалттай. Гэтэл тухайн зөрчил нь шийдвэрлэгдээгүй байхад Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Б.Б-ийг ажлаас халсан. Гэтэл Архангай аймгийн Прокурорын газрын хэрэгсэхгүй болгосон тогтоол нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан байдаг. Тийм учраас Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамж нь ямар зөрчилд арга хэмжээ аваад байгаа нь тодорхойгүй байна гэв.
Хариуцагч Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь аймгийн Засаг дарга намайг ямар нэг алдаа зөрчил гаргаагүй байхад орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас халсан гэж маргажээ.
Аймгийн Засаг даргад тус аймгийн Аудитын газраас орон нутгийн өмчит “У” ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлантай холбогдуулан ирүүлсэн албан шаардлага, дүгнэлт болон мөн газрын захирал Б.Б-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг зэргийг тодруулан тайлбарлах нь зүйтэй байна.
Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 46/46 ААГ/2017/01-СТА дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай албан шаардлагад дурдсанаар: “Аймгийн Аудитын газар нь 2017 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн өмчит “У” ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж байна...бид аудитаар илэрсэн асуудлыг танилцуулан санал авахаар удирдлагад хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч албан бичгээр ирүүлнэ үү гэсэн удирдлагын хүсэлтийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг ирүүлээгүй нь ... төлөвлөгөөт ажилд хүндрэл учруулж байна. ...мөн сарын 21-ний өдөр Аудитын газрын даргын өрөөнд компанийн захирлыг дуудаж санал солилцох гэсэн боловч “Төрийн аудитын байгууллага улс төржиж байна.” гэсэн тайлбарыг ярьж, хариу тайлбарыг өгөөгүй. ...энэ байдал нь хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэхэд хүргэж байх тул хуульд заасны дагуу хариуцлага тооцож өгнө үү, мөн аймгийн Аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар албан бичиг, 2016 оны “У” ХХК-ийн санхүүгийн Аудитын тайлангаар “У” ХХК нь “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан.
Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 52/52 ААГ/2017/01-СТА дугаартай “Хариуцлага тооцуулах” тухай албан шаардлагад дурдсанаар "...компанийн дүрмийг зөрчсөн тендер, худалдан авах ажиллагаатай 120.0 сая төгрөгийн ... орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн үедээ тус байгууллагын захирал нь орон тооны зөвлөхөөр ажиллаж 4, 5, 6 дугаар саруудад нийт 3.6 сая төгрөгийн цалин авсан, тус байгууллагын захирлын хамаарал бүхий этгээдийн хувийн компани болох “Ц” ХХК-аас өмнөх жилд 4.7 сая төгрөгийн авлагын тооцоотой байсан ба уг авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сард цэвэр, бохир усны хоолой нийлүүлж авлагыг хаасан зэрэг 128.4 сая төгрөгийн зөрчлүүд тус тус илэрч санхүүгийн тайлангаар “хязгаарлалттай” санад дүгнэлт авсан байх тул “У” ХХК нь 2013, 2014, 2016 онуудад санхүүгийн тайлангийн аудитаар удаа дараа хязгаарлалттай санал дүгнэлт авсан нөхцөл байдлыг харгалзан үзэж байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нарт арга хэмжээ авахыг мэдэгдье.” гэсэн;
Аймгийн Засаг даргад Авлигатай тэмцэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах” тухай албан бичигт "... “У” орон нутгийн өмчит ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн нөхөр Э.Д “Ц” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 20.909.800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүний өмчлөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 1 дүгээр багт худалдан авсан 2 болон 3 өрөө орон сууцнуудыг... хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, 2015, 2016 оны мэдүүлэгт гэр бүлийн гишүүний хадгаламжийг зөрүүтэй мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна.” гэсэн албан бичгүүдийг тус тус ирүүлсэн байдаг.
Аймгийн Засаг дарга нь Аймгийн Аудитын газраас ирүүлсэн албан шаардлага, дүгнэлт болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, “У” ХХК-ийн захирал Б.Б-гийг ажлаас нь халсан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамж гарах үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 дүгээр албан бичиг байсан. Уг албан бичигт дурьдсанаар Б.Б нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг зөрчсөн тул хариуцлага хүлээлгэж 2017 оны 5 дугаар сарын 02-ны дотор хариуг ирүүлнэ үү гэсэн байсан. Мөн аймгийн Засаг даргад аймгийн Аудитын газраас 3 албан бичиг ирсэн. Уг албан бичгүүдийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Иймд дээрх албан бичгүүд ирсэн учраас Архангай аймгийн Засаг дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг бариад тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар “У” ХХК-ийн захирал Б.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн. Архангай аймгийн Засаг даргын захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий захирамж мөн гэв.
Гуравдагч этгээд М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “У” орон нутгийн өмчит ХХК-ийн захирал М.Б би хууль журмын дагуу тус ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаа тул иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан миний эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б/70 дугаар захирамжаа гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг баримталж гаргасан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах.” гэсэн байдаг.
Уг заалт нь дотроо 10 зүйлийг заасан заалт байдаг. Эдгээр заалтаас аль заалтыг Б.Б зөрчөөд аймгийн Засаг дарга ажлаас халсан бэ гэдэг гол үндэслэлийг харах ёстой. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэх заалтыг барьсан байна.
Мөн Архангай аймгийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газарт 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/158 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу Авлигатай тэмцэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичиг ирсэн. Тийм учраас дээрх албан бичгүүдийг үндэслэж аймгийн Засаг дарга захирамжаа гаргасан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт нь зөрчил, факт гарсан байхыг шаардаж, түүний дагуу хуульд заасан хариуцлагыг оногдуулж байгаа асуудал. Пакт, үйл явдал нь тогтоогдсон. Хэрвээ Архангай аймгийн Засаг даргын захирамжид гомдол гаргах байсан юм бол эхлээд Авлигатай тэмцэх газрын бичиг, Аудитын газрын дүгнэлтэнд гомдол гаргах ёстой гэж бодож байна. Үүний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Б.Б-ийг Авлигатай тэмцэх газрын бичиг, Аудитын газрын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэргээс зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын 32 тоот тогтоолын үндэслэх хэсэгт Б.Б нь өөрийн нөхөр Э.Д-ийн “Ц” ХХК-тай Эксковатор механизм ажиллуулах ажлын гэрээ байгуулж, улмаар “Ц ХХК”-ийн экскаваторыг авч ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэжээ. Прокурорын тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон.
Хавтаст хэргийн материалтай танилцахад Захиргааны ерөнхий хуульд заасан бүхий арга хэмжээнүүдийг авсан байдаг. Тийм учраас Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б/70 дугаар захирамж хууль эрх зүйн үндэслэлтэй гарсан захирамж учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Б-с Архангай аймгийн Засаг даргад /цаашид аймгийн Засаг дарга гэх/ холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Аймгийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4. дэх хэсэгт заасныг үндэслэн орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирал Б.Б-ийг үүрэгт ажлаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон халжээ .
Аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “тус аймгийн орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирал Б.Б-т холбогдох мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, уг мэдээллүүдийг нягтлан шатгаж, Б.Б-ийн хувийн ашиг сонирхолын байдалд хариуцлага тооцох үндэслэлийн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн утга бүхий 01/158 дугаар албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ .
Авлигатай тэмцэх газар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” 05/3689 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01/158 дугаар албан бичгийн хариуг ирүүлсэн байна .
Авлигатай тэмцэх газрын албан бичигт: Орон нутгийн өмчит "У" ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн нөхөр Э.Д-ийн "Ц " ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 20.909.800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байна.
2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүний өмчлөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 1 дүгээр багт худалдан авсан 2 болон 3 өрөө орон сууцнуудыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.-т “10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.” гэж заасан хугацаанд мэдүүлээгүй, 2015, 2016 оны мэдүүлгийн "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл" хэсэгт гэр бүлийн гишүүний хадгаламжийг зөрүүтэй мэдүүлсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд Б.Б-т Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4.-т “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “Энэ хуулийн 11...дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ...бол нийтийн албанаас халах” гэж заасныг үндэслэн ажлаас халах хариуцлага хүлээлгэж Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 02-ны дотор хариуг ирүүлнэ үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичигтэй өнөөдрийг хүртэлх хугацаанд танилцаагүй байгаа, уг албан бичгийг хэн нэгэн надад танилцуулаагүй гэжээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Алигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичгийг нотлох баримтаар гаргуулахаар албан бичгийг хүргүүлж, Авилгатай тэмцэх газар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 05/5641 дүгээр албан бичгээр хариуг ирүүлжээ.
Шүүх Авилгатай тэмцэх газар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 05/5641 дүгээр албан бичгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хэргийн материалтай танилцахдаа Алигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичигтэй танилцжээ .
Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Алигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичигтэй танилцаад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр хүртэлх хугацаанд албан бичигт дурдсан асуудлуудаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг гаргахдаа Алигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичгийг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзээд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4.-т заасны дагуу ажлаас халах шийдвэр гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн нөхрийн “Ц” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн нь үнэн, гэрээ байгуулж байхдаа хууль зөрчиж байгаа талаараа мэдээгүй. Орон нутагт манай нөхрийн компаниас өөр тийм КОВШ-той компани байхгүй байсан учраас гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт” 11 дүгээр зүйлийн 11.1. “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заажээ.
Дээрх хуулийн заалт нь өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулахыг хориглосон хуулийн зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч өөрийн нөхрийн компанитай гэрээ байгуулж ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх зөрчсөн үзэх үндэслэлтэй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4. “, ...11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ...нийтийн албанаас халах.” гэж заажээ.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх заалтыг зөрчсөн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4.-т зааснаар ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Б.Б-ээс гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай шаардага тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 29 дүгээр зүйлийн 29.2.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ