Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0496/З |
Дугаар | 221/МА2020/0575 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0575
2020 оны 10 сарын 08 өдөр Дугаар 221/МА2020/0575 Улаанбаатар хот
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 6-1/3924 тоот албан бичгийн “Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/3104 дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гээн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохтой холбоотой холбогдох арга хэмжээг аваагүйн улмаас хэргийн зарим үйл баримтыг дутуу үнэлж, улмаар шүүхийн шийдвэрт алдаатайгаар үндэслэжээ.
Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Сангийн яам нь “И” ХХК-иас хоёр дахь удаагаа гаргасан гомдлыг шалгахаас татгалзах хуулийн зохицуулалтыг зөрчиж хянан шалгасан ... үндэслэлгүй байна” гэж дурджээ. Хариуцагчаас анхан шатны шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа гуравдагч этгээдээс Сангийн яаманд гаргасан хоёр удаагийн гомдлын хуулбарыг хавсаргаж хүргүүлсэн ба шүүх тэдгээр гомдлын үндэслэлийг судалж үзсэн бол гомдол нь “өмнө шийдвэрлэж хариу өгсөн асуудал”-аас өөр асуудал байсан болохыг төвөггүй мэдэх боломжтой байсан.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрт Сангийн яам нь гомдлыг хүлээн авснаас хойш гомдол гаргагчийн тендерийн баталгаа хүчингүй болгох хүртэл хүлээж байгаад буюу тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байгаад тендерийн баталгааны хугацааг дуусгавар болгосон мэтээр тайлбарлажээ. Гэтэл бодит байдал дээр гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаанд зохион байгуулах боломжгүй байсан шалтгаан нь захиалагч байгууллагаас холбогдох баримт бичгээ гомдол хянан шийдвэрлэх хугацаа дуусахтай зэрэгцүүлэн ирүүлсэн шалтгаантай байсан бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулахтай холбоотой ямар нэг нотлох баримт цуглуулах арга хэмжээ аваагүй хэрнээ таамгаар хариуцагчийг энэхүү нөхцөл байдалд буруутган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрийн 13-14 дэх талд хуульд заасан “тендерийн баталгааны тодорхойлолтын дагуу тендерт оролцогч нь тендер шалгаруулалтад “хариуцлагатай оролцохоо” баталгаажуулж мөн тендерийн баталгаа ирүүлдэг болохыг орхигдуулсан байна. Баталгааны энэхүү агуулгын дагуу тендерт оролцогч нь Сангийн яаманд гомдол гаргахад тендерийн баталгаа нь хүчинтэй байх шаардлагыг Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д тодорхой заасан байхад шүүх тендерийн баталгаа нь гомдлыг хянахад хамаарах баталгаа биш гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.
Шүүхээс мөн тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа хэзээ дууссан бөгөөд түүнийг яагаад сунгаагүй талаар шийдвэртээ дүгнэжээ. Ингэхдээ захиалагч болох Мал эмнэлгийн ерөнхий газраас тендерийн хүчинтэй хугацааг Сангийн яаманд хэзээ хүргүүлсэн, тухайн хүсэлтийг Сангийн яам хэзээ хүлээн авсан болохыг нотлох баримтын шаардлага хангуулах шалгаагүй атлаа Сангийн яамыг эс үйлдэл гаргасан гэж дүгнэсэн байна. Шүүхийн мэтгэлцээний үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус хүсэлтийг Сангийн яамны бичиг хэрэг тендер хүчинтэй байх хугацаа дууссаны дараа хүлээн авсан болохоо тодорхой дурдаж, шаардлагатай бол шүүх бичиг хэрэгт үзлэг хийх боломжтой талаар хэлсээр байхад нэгэнт хүчинтэй хугацаа нь дууссаны дараа ирүүлсэн хүсэлтийг үндэслэж Сангийн яам хугацааг сэргээн тоолох ёстой байсан мэтээр дүгнэсэн нь мөн алдаатай болсон байна.
Иймд анхан шатны шүүхэд хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэхэд шаардагдах арга хэмжээ авагдаагүй ба хөдөлбөргүй баттай тогтоосон үйл баримтад тулгуурлаагүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг биелүүлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр нь тус хуулийн 106.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сангийн яамны шийдвэрээр дахин үнэлгээ хийсний дараа дахин энэ агуулгаар буюу “Тэнүүн Хишиг” ХХК тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй гэсэн гомдол гарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан шалгах хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин гомдлыг хянасан нь үндэслэлгүй, хуулийн энэ заалтад нийцээгүй байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Манай “И” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Ариутгал, халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл нийлүүлэгч сонгох” МЭТШ/2020/03/007 дугаартай тендерийн 1 дүгээр багц болох “Халдваргүйтлийн 3 төрлийн бодис худалдан авах” тендерт оролцсон юм.
Тухайн тендерийн материалыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авч, тухайн өдрийнхөө 14:15 цагт нээсэн бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 дугаар албан бичгээр уг тендерийн 1 дүгээр багцад хүргүүлсэн манай тендер шалгараагүй талаар мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан боловч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4 дэх заалтуудын дагуу тендерийн үнэ “хамгийн бага харьцуулсан үнэ”-тэй бус гэсэн шалтгаанаар шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
“.. зөрчил дутагдлуудтай холбоотой манай гомдлыг Сангийн яамнаас хянаад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6-1/3276 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан, хувийг манай компанид ирүүлсэн.
Сангийн яамнаас манай компанийн гаргаж тавьсан 8 асуудлаас 7 асуудлыг нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд “Т” ХХК нь гаргасан зөрчлүүдээ залруулаагүй, залруулах ч боломжгүй юм.
Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/627 тоот албан бичгээр манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Энэ нь захиалагчийн зүгээс үйлдсэн ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд огт ойлгомжгүй хариу байсан болно. Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 дүгээр албан бичгээрээ манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан тухай хариуг ирүүлээд байсан юм.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр шаардлага хангаагүй “Т” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн тул төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах нөхцөл байдал шинээр үүсэж бий болсон. Учир нь Мал эмнэлгийн ерөнхий газар нь тендерийн хүчинтэй хугацаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дууссан талаар гомдол гаргасан. Гэтэл шүүхээс зөвхөн өмнөх асуудлаараа дахин гомдол гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, бид 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/2020 албан тоотоор дараах асуудлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан болно.
Тендерийн хүчинтэй хугацаа дууссан.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тендерийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг дахин шалгаруулсан.
Дээрх гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаад 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан хувийг манай компанид хаяглан ирүүлсэн.
Уг албан бичгээс үзэхэд захиалагч буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас томилсон Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн болон захиалагчийн өөрсдийнх нь гаргаж тавьсан шаардлагуудыг огт хангахгүй байгаа “Т” ХХК-ийг хууль бусаар удаа дараа шалгаруулахыг оролдож, энэхүү тендерийн үйл ажиллагаанд маш их ашиг сонирхлын зөрчилтэйгөөр саад учруулж, хуулийн болон захиалагчийн тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хангаж байгаа “И” ХХК-ийг шалгаруулахгүй байх бүх талын хаалтыг ямар ч үндэслэлгүйгээр тавьж ирсэн нь маш их зөрчлийг үүсгэж байгаа болно. Энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байна.
Шүүх “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногт багтаан шийдвэрлэсэн бол дээрх” тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан” гэх нөхцөл мөн л үүсэхээргүй байсан гэж шүүх үзлээ. Учир нь энэ хуулийн “14 хоногт багтаан” гэсэн нь 1-14 хоногийн доторх боломжит хугацааг ойлгох бөгөөд “14 дэх хоног” гэж, “14 хоногийн дараа” гэж ойлгохгүй нь тодорхой” гэжээ. Хариуцагч нь 14 дэх хоног нийтээр амрах өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөр асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаар маргасан. Энэ талаар шүүхээс оновчтой дүгнэлт хийж чадаагүй байна.
Анхан шатны шүүх “... Сангийн яамнаас дахин үнэлэхийг даалгасны дагуу Үнэлгээний хороо дахин үнэлсэн, энэ хугацаанд захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй нь тодорхой болсон тул захиалагч хуульд зааснаар хугацаа сунгах хүсэлтийг гаргасан, энэ хугацаанд тендерийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх боломжтойгоос илүү шаардлагатай байхад хүсэлтийг тендерийн хүчинтэй хугацаанд багтааж шийдвэрлэх үүргээ Сангийн яам хэрэгжүүлээгүй орхигдуулсан буруутай” гэжээ. Нэхэмжлэгч талаас тендерийн хугацаа сунгаагүйг хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй, талуудын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн байна.
Хэрэв энэ талаар маргаантай байсан бол хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс тайлбар, нотлох баримтаа гарган мэтгэлцэх байсан болно. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх “Сангийн яам оролцогчийн 2 дахиа гаргасан гомдлыг шалгахгүй буцаах эсэхээ даруй шийдвэрлээгүй, хянан шалгах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, гомдлыг хянан шалгаагүй атал ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Харин ч эсрэгээрээ шүүх хянан шалгах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэсэн бүрхэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд харшилж байгаа юм. Манай байгууллагын өргөдлийг хугацаандаа шийдээгүй нь манай байгууллагын эрх ашгийг хохироох үр дагавартай болохоос “Т” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамааралгүй юм.
Шүүх хуралдаан дээр тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг гуравдагч этгээдийн зүгээс ярих гэхэд шүүгчээс зогсоож, зөвхөн маргаж буй захиргааны акт буюу албан бичгийн талаар мэтгэлцэх талаар сануулсаар ирсэн. Гэтэл шүүх өөрөө маргааны зүйл буюу тухайн албан бичигт хамааралгүй тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар дүгнэлт хийж, “Т” ХХК-ийг шалгаруулсан, дахин үнэлгээ нь үндэслэлтэй гэх зүйлс бичжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харахад шүүх Сангийн яамны албан бичгийн эрх зүйн үндэслэлийн талаар бус харин үнэлгээний хорооны гишүүдийн ажлыг дүгнэсэн мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
1. “И” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хоёр дахь гомдлын дагуу Сангийн яам 6 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий 6-1/3924 дугаар албан бичгээр ““И” ХХК-ийн ... тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул ... уг гомдлыг хянан үзэх боломжгүй ... “Т” ХХК-ийн ... тендерийн баталгаа хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр хоёр дахь удаагаа явагдсан тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт мэдэгдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтад “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заажээ.
Гуравдагч этгээд “И” ХХК-аас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол нь тус компаниас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдолтой агуулгын хувьд адил, тендерийн шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг дахин шалгаруулсан гэсэн үндэслэл дурдагдсан буюу өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар үргэлжлүүлэн гомдол гаргасан шинжтэй байхад хариуцагч гомдлын уг хэсгийг хүлээн авахаас татгалзаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь зохицуулалтад нийцээгүй байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлыг хариуцагч 14 хоногт багтаан хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд гуравдагч этгээдийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдлыг 6 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан шийдвэрлэх ёстой байжээ.
Гэтэл уг өдөр нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр таарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу гомдлыг шийдвэрлэсэн захиргааны шийдвэрийг дараагийн ажлын өдөр гаргасан гэж хариуцагч тайлбарлажээ.
Ийнхүү шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерийн баталгаа нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байсныг үндэслэл болгон “тендерийн баталгаа хүчингүй болсон” гэж тендер шалгаруулалтыг хүчингүй болгон, дахин зохион байгуулахаар мэдэгдсэн нь буруу байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар гомдлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой байхад хариуцагчаас гомдлыг зөвхөн 14 дэх хоногт шийдвэрлэхээр, уг шийдвэрээ дээрх тайлбарын дагуу дараагийн ажлын өдөрт гаргасан нь тендерт шалгарсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Нөгөө талаар, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусах зохицуулалт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуулиар тогтоосон (энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2) хугацаанд үргэлжлэн явагдсан боловч тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр таарсны улмаас шийдвэрийг бүрэн гүйцэд гаргаж чадаагүй тохиолдолд дараагийн ажлын өдөр уг шийдвэрээ гаргаж дуусгах тухай байна.
Хариуцагчийн гомдлын “гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаанд зохион байгуулах боломжгүй байсан шалтгаан нь захиалагч байгууллагаас холбогдох баримт бичгээ гомдол хянан шийдвэрлэх хугацаа дуусахтай зэрэгцүүлэн ирүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой энэхүү ажиллагааг хуульд заасан хугацааны дотор явуулж, шийдвэрээ гаргах нь гомдлыг хянан шийдвэрлэж буй захиргааны байгууллага болон захиалагч захиргааны байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагчаас гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг шийдвэрлэх эцсийн өдрийг дуустал хүчинтэй байсан “тендерийн баталгааны хугацаа дууссан” нөхцөл байдлыг энэ тоолох хугацааны эцсийн өдрийн дараагийн ажлын өдөр гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хүлээн авах боломжгүй юм.
3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн” гэх үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүхээс дүгнэлт өгсөн тендерийн агуулгатай холбоотой хэсэг нь энэхүү маргааны зүйл болох гуравдагч этгээдийн нэг болон хоёр дахь гомдлууд ялгаатай эсэхэд болон гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа дурдаж маргасан үндэслэлд хариу өгсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд тендерт шалгарах нөхцөл бүрдэхгүй төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудыг үндэслэвэл тендерийг дахин зохион байгуулах шаардлага үүсэхгүй байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 72,000 төгрөг төлсөн гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 72,000 төгрөг бус 70,200 төгрөг төлснийг улсын орлогод үлдээсэн байх тул үүнийг шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болгоогүйг тэмдэглэв.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ