Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 33

 

                                 Д.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 312 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэд холбогдох

 

 “Гэм хорын хохирол 5981000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Д.Энхтүвшин, хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ариун-Эрдэнэ нь миний эзэмшлийн “Спасио Королла” маркийн 88-21УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Г.Түмэнжаргалын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Хохирогч Г.Түмэнжаргал уг хэргийн мөрдөн байцаалтын шатанд байхад Б.Ариун-Эрдэнээс 6842000 төгрөгийн төлбөр нэхэмжилснээс миний бие 3421000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчид төлсөн. Б.Ариун-Эрдэнийн үйлдсэн зам тээврийн ослоос болж миний машин эвдэрч түүнийг засварлахад 860000 төгрөг зарцуулсан. Б.Ариун-Эрдэнээс болж миний бие өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, эрхэлсэн  ажлаа алдаж хохирсон. Дээрх зам тээврийн ослоос болж байцаалт өгөхөөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу удаа дараа ирж байснаас болж ажлаасаа халагдсан. Энэ зам тээврийн ослыг Б.Ариун-Эрдэнэ үйлдсэн хэрнээ хохирогчид төлбөр өгөхгүй, хохирлыг надаас нэхэмжилсэн. Мөн хохирогч Г.Түмэнжаргалд хохирлын мөнгө гэж 1700000 төгрөг төлсөн. Иймд Б.Ариун-Эрдэнээс гэм хорын хохирол нийт 5981000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдон Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгагдаж хохирогч Г.Түмэнжаргалд эмчилгээний зардалд 3421000 төгрөг төлж хохирогчтой эвлэрч прокуророос хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Миний зүгээс хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 4626000 төгрөг төлсөн. Д.Энхтүвшингийн нэхэмжлэлд хохирол төлөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Энхтүвшин надаас машин угаалгаад өг гэхээр нь би машиныг нь аваад угаалгын газар очсон буцаж яваад зам тээврийн осол гаргасан. Д.Энхтүвшингийн хүсэлтээр туслах гэж яваад ийм байдалд орсон. Тэр үед надад ямар ч машин унаж хэрэглэх шаардлага байгаагүй. Хэрэг болсноос хойш нэг биш удаа Д.Энхтүвшин намайг заналхийлж бүдүүлэг зан авир гаргаж байсан. Надаас нэхэмжилсэн гэм хорын хохирол гэх 5981000 төгрөгийг би төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед бүх зүйл хуулийн дагуу шийдэгдсэн гэж үзэж байна гэжээ.

                 Шүүх: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Монгол овгийн Бямбасүрэнгийн Ариун-Эрдэнээс 5981000 /таван сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр овгийн Дашхүүгийн Энхтүвшинд олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 125596 /нэг зуун хорин таван мянга таван зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125596 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 16-177 тоотод оршин суух иргэн Бямбасүрэн овогтой Ариун-Эрдэнэ би Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 145/ШШ2016/00312 тоот дугаартай шийдвэртэй танилцаад шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргав.

                  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан байхад тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Д.Энхтүвшин машинаа угаалгах хүсэлтээрээ жолоогоо шилжүүлсний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан гэмт хэрэгт шалгагдаж, түүний үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь яллагдагч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдож шийдвэрлэгдсэн байна. Үүнээс харахад Д.Энхтүвшин нь тээврийн хэрэгслийн хууль ёсны ээзэмшигч мөн, нөгөөтэйгүүр уг гэмт хэрэгт шалтгаант холбоо, гэм буруугийн улмаас яах аргагүй холбогдолтой нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, замын цагдаагийн байцаагчийн дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргээр батлагдна. Анхан шатны шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаж бүх хохирлыг намайг хариуцаж төлөхөөр гаргасан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, Миний хувьд Д.Энхтүвшинд л туслах гэж явснаас ийм гайтай асуудалд холбогдож ихээхэн цаг зав, нэр нүүрээ барж байна. Миний хувьд бол авто машинд учирсан хохирлыг төлөхөө зөвшөөрнө. Хүн чанарын хувьд ч гэсэн Д.Энхтүвшин намайг ойлгож харж үзэх болов уу гэж итгэж найдаж хүлээсээр л байдаг юм гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтүвшин нь хариуцагч Б.Ариун-Эрдэнэд холбогдуулан гэм хорын хохиролд 5981000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл тогтоогдож байна. Үүнд:

          1. Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь Д.Энхтүвшингийн өмчлөлийн 88-21 УНО дугаартай Тоёото Спасио Королла маркын машиныг жолоодож явахдаа иргэн Г.Түмэнжаргалыг дайрч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна. Тээврийн хэрэгсэлийг эзэмшигчийн зөвшөөрөлтэй ашиглаж байх явцдаа осол гаргасан талаар зохигчид маргаагүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй тул Д.Энхтүвшин нь Г.Түмэнжаргалд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Г.Түмэнжаргалын өмнө хариуцлага хүлээнэ. Гэтэл анхан шатны шүүх Д.Энхтүвшин нь Г.Түмэнжаргалд хуулийн дагуу хариуцан төлсөн хохирлоо Б.Ариун-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжилсэнийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

          2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулахад хамааралгүй хэм хэмжээг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь тодорхой хуулийн этгээд байхаар заасан байхад “...Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь бусдын эрүүл мэндэд учруулсантай холбогдуулан төлсөн төлбөрөө гэм буруутай иргэнээс шаардах эрхтэй...” гэж дүгнэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

         3. Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь хэдийгээр өмчлөгчийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгсэлийг ашиглаж байсан хэдий ч бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар машинд учирсан хохирлыг нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн өмнө хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.Энхтүвшин өөрийн машины хохиролд 860000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Б.Ариун-Эрдэнэ давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа машинд учруулсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

           Хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Б.Ариун-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв. 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Монгол овгийн Бямбасүрэнгийн Ариун-Эрдэнээс 5981000 /таван сая есөн зуун наян нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр овгийн Дашхүүгийн Энхтүвшинд олгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Монгол овгийн Бямбасүрэнгийн Ариун-Эрдэнээс 860000 /найман зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр овгийн Дашхүүгийн Энхтүвшинд олгосугай” гэж, 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 125596 /нэг зуун хорин таван мянга таван зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125596 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 25190 /хорин таван мянга таван мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтүвшинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125596 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Хариуцагч Б.Ариун-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                           Г.УЛАМБАЯР