| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2525000000623 |
| Дугаар | 2026/ХШТ/33 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ХШТ/33
О.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар магадлалтай О.М-д холбогдох 2525000000623 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
2013 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,
2022 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял,
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О.М
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1,396,000 төгрөгөөр торгох ялыг 93 хоног хорих ялд шилжүүлж, 1 жил, 8 сар, 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хамт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч О.М-н нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
… О.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихыг хүссэн бидний давж заалдсан гомдолд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга байгаагүй. Харин О.М-н хувийн байдал нь 0-13 насны 4 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэдэг, бага хоёр хүүхэд нь ... хоорондоо 1 насны зөрүүтэй 11 сартай, 2 настай тул эцгээрээ асран хамгаалуулж, тэжээн тэтгүүлэх боломж олгож, О.М-н хорих ялыг ажил хийж эдлэх боломжтой байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй” гэх дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, бидний гомдлыг хэрэгсэхгүй болгосон.
... О.М-н зөрчил гаргасан цаг хугацааг анхаарч үзвэл, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу дүн өвлийн хүйтнээр О.М зугаацах гэж улсын дугааргүй мотоцикль унаагүй. Зөрчил гаргасан өдрөөс 3 хоногийн дараа 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр түүний эхнэр Э хамгийн бага, 4 дэх хүүхдээ төрүүлсэн. Зөрчил гарсан өдөр төрөх дөхсөн эхнэрийнх нь биеийн эрүүл мэндийн байдалд яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай байсан гэдэг. Иймд О.М цагдаад улсын дугааргүй мотоциклийн талаар тайлбарлаж, согтуурсан эсэхээ шалгуулж цаг хугацаа алдахгүйгээр, хэзээ мөдгүй төрөх дөхсөн эхнэртээ санаа зовж шууд явснаас шалтгаалан эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар одоогийн хяналтын гомдол гаргаж буй дараалсан үйл баримтын эх суурь нь болсон.
Дараа нь мөн адил хөдөө орон нутагт мотоцикль жолоодож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байдаг.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь хүнлэг, энэрэнгүй ёс, ухаалаг хэм хэмжээнд тулгуурласан, алдааг засах боломжийг олгосон байх учиртай. О.М нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш цагдан хоригдож байгаа бөгөөд тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэрэгт оноосон торгуулийн ялыг хугацаанд нь биелүүлэхгүй байх, жолоодох эрхгүй атлаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор өөрт болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь ямар хор уршиг учирч болохыг биеэрээ мэдэрч, ухамсарлаж байгаа.
Иймд О.М өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,800,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,396,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө сайн дураараа төлж барагдуулсан.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас хамгийн хүнд буюу хорих ялыг сонгож шийтгэлээ. Зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ял эдлэх хугацаанд өөрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт хэргээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн ял шийтгэл байдаг. Иймээс О.М-н 0-13 насны 4 хүүхдэд эцгээрээ тэжээн тэтгүүлэх боломжийг олгож, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.
О.М бусдад төлөх төлбөргүй, ... хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг этгээдэд ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй... Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь Эрүүгийн хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ.
... Торгох ялаа хорих ялаар солиулсан ялтанг хорих ангид хоол тэжээл, бусад холбогдох үйлчилгээнд хамруулснаар төрийн албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, нөхөн олговрыг цаг хугацаанд нь олгоход мөнгө санхүүгийн гачигдалтай байгаа Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдал буюу улсын төсөвт ачаалал нэмэгдэхийг Улсын дээд шүүх харгалзах нь ач холбогдолтой. Иймд торгох ялаас үлдсэн хэсгийг хорих ялаар солиулсан боловч үлдэгдэл торгуулийг төлж барагдуулсан тохиолдолд О.М-н 3 сар 3 хоногийн хорих ялыг хяналтын шатны шүүх хасаж шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенцод “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, “Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина”, “Оролцогч улсууд бие бялдар, оюун ухаан, оюун санааны болон нийгмийн хөгжлийг хангах түвшинд аж төрөх хүүхэд бүрийн эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан. Хүүхдийн эрхийн тухай хуульд “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах нь хүүхдийн эрхийн үндсэн зарчим” байхаар тусгасан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд шүүх хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас О.М-д зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулахад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалт, хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжид бүрэн нийцэх бөгөөд шударга ёсны зарчим огт зөрчигдөхгүй.
Түүнчлэн О.М-н гэмт үйлдэлтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг прокурор, шүүх, өмгөөлөгчийн зүгээс тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу хууль хэрэглээний эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд О.М-н жолоодох эрхийг хассан хэсгийг хэвээр үлдээж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1,396,000 төгрөгийг ... 3 сар 3 хоногийн хорих ялаар сольсон хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдэх хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хоёр шатны шүүх шүүгдэгч О.М-н үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн үйл баримтыг бодитой сэргээн дүрсэлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял нэгтгэх журмыг буруу хэрэглэжээ. Тодруулбал, өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдэлсэн хугацааг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцооны мэдэгдэх хуудсыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгосон нь буруу юм. Шүүгдэгч О.М-н хувьд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн өдрөөр тасалбар болгон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ял эдлэх хугацаа тоолохыг зогсоож, эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоох ёстой. Иймд энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд, шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын үлдэгдлийг хорих ялд шилжүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч үлдсэн торгох ялаа биелүүлсэн байх тул ялд өөрчлөлт орох үндэслэлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч О.М-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй, харин шүүх ял нэмж нэгтгэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс энэ талаарх “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” шаардлага бий болсон гэж үзлээ.
2.Шүүгдэгч О.М нь Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан ялын хугацаанд дахин 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,78 хувийн согтолттой ..... улсын дугаартай, “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.
4.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждуламаас хяналтын шатны шүүхэд “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,396,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 3 сар 3 хоногийн хорих ялыг нэмсэн шийдвэрийг хүчингүй болгох, бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих ...” гэсэн агуулгаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн ялаар, харин эрх хасах ялыг нэмэгдэл ялын чанартай хэрэглэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд ийнхүү шүүхийн сонгож шийтгэсэн ялын төрөл, хэмжээ нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага тохирсон байх нь эрүүгийн эрх зүйд шударга ёсны гол шалгуур бөгөөд дээр дурдсан ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлуудаас аль нэгийг нөгөөгөөс нь илүүд үзэж үнэлж, дүгнэх нь “... тал бүрээс нь харгалзан үзэх ...” буюу тэнцвэр /тохирсон байх/-ийн зарчмыг алдагдуулахад хүргэнэ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг нь учирч болох илүү хор хохирол, эрсдэл бүхий нийгэмд аюултай үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой атал шүүгдэгч О.М нь энэ төрлийн хуулиар хориглож гэмт хэрэг, зөрчилд тооцсон үйлдлийг удаа дараа гаргаж буй нөхцөл байдалд түүний хувийн байдалд хамаарах ар гэр, бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг харгалзан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
“Торгох ялаас үлдсэн 1,396,000 төгрөгийг төлж барагдуулсан тул эдлээгүй үлдсэн ялыг хүчингүй болгох” гомдлын тухайд өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмын шаардлага бөгөөд тогтоол гарсны дараа эдлээгүй үлдсэн ялыг биелүүлсэн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйн зэрэгцээ төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хяналтын шатны шүүхийн тогтоолд төлсөн гэх мөнгийг буцаан олгох заалт оруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн өмгөөлөгчийн гомдолд “... Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ...” гэх боловч үйл баримт, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй учир энэ талаарх гомдолд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
5.Харин хоёр шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн хугацааг тоолохдоо Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл, шалтгаан болсон билээ.
Шүүгдэгч О.М-н жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэсэн өдрийг хүртэл хугацаанд эдэлснээр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг хууль тогтоогч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан тул эрх хассан хариуцлага нь зөрчлийн шийтгэвэр, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон байхыг шаардана.
Шийтгэх тогтоолоор эрх хассан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдэх бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.
Ялтны эдлээгүй үлдсэн ялыг хэзээнээс тооцохыг хуулиар тогтоосон дээрх журмын үзэл санаанд нийцүүлэн тайлбарлавал “... ял эдлэх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн ...” гэсэн агуулга нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гол нөхцөл байхаар хуульчлагдсан байх тул эдлээгүй үлдсэн ялыг шинээр үйлдсэн гэмт хэргийн төгссөн цаг хугацаанаас эхлэн тоолохоор байна.
Иймд шүүгдэгч О.М-н хувьд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн тэр хугацаанаас эхлэн өмнөх тогтоолоор оногдуулсан жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлт зогсох бөгөөд үлдсэн ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх хууль зүйн үр дагавартай.
Ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ялыг хэрхэн тоолох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хэрэг хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан тогтоол гарсныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй байна.[1]
Шүүгдэгч О.М нь өмнөх шийтгэх тогтоол гарсан, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолоход дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 95 хоног буюу 3 сар 5 хоногийн ялыг эдэлсэн гэж үзэх бөгөөд үлдсэн нэмэгдэл ял болох 635 хоног буюу 1 жил 9 сарыг сүүлийн тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хасах ял дээр нэмж нэгтгэвэл нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээ нь 3 жил 9 сар болж байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар, 1 хоногийн ялыг ...” гэснийг “... эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын ялыг ...” гэж, “... нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 1 /нэг/ хоногийн ...” гэснийг “... нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын ...” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... 3 жил 8 сар 1 хоногийн ...” гэснийг “... 3 жил 9 сарын ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ
[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар тогтоол