Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1003

 

 

 

 

 

 

 

 2019          12            03                                      2019/ШЦТ/1003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч О.Доржмаа,

            Шүүгдэгч Ө.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Ухолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000000917 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29 дүгээр гудамж 446 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.У нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Их эффект" ХХК-ийн үйлдвэрийн байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 356.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Уын шүүхийн хэлэлцүүлэгт “…Би градусан хөрөө авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би 18 цаг 30 минутын орчимд хуучин ажил болох “Их эффект” ХХК-ийн байр руу ганцаараа явган очсон. Тухайн үед хуучин ажлын хүмүүс тараад явсан байсан. Тэгээд оффисын гэрэл унтраалттай байсан болохоор доошоо үйлдвэр рүү нь орсон. Тэгээд намайг хаалга түлхэх үед онгойсон. Тэгээд том вандан ширээн дээр градустай хөрөө байсан. Тэгэхээр нь би тэр хөрөөг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-20, 53-54/,

 

              Хохирогч Б.Чүлтэмнамдагийн: “…2019 оны 8 дугаар сарын 02-нд манай компани албан байгууллагын зугаалгаар явсан юм, зугаалгаар 2 хоног амралтанд явчхаад бүтэн сайн өдрийн орой ирсэн юм. Ингээд нэг дэх өдөр ажил цугласан бөгөөд тус өдөр градусын хөрөөг алга болсныг мэдээгүй юм. Ингээд 2 дахь өдрийн өглөө болоод градусын хөрөөгөөр ажил хийх шаардлага гарах үед хөрөө байхгүй болчихсон байсан. ...2019 оны 3 дугаар сард ажилд ороод 5 дугаар cap хүртэл ажиллаж байгаад аавын бие муудлаа гэх шалтгаанаар компаниас чөлөө аваад явсан. ...цахилгаан дрилл 2 ширхэг, төмөр тасдагч коранда 1 ширхэг алдагдсан, яг хэзээ алдагдсаныг бол мэдэхгүй, гэхдээ бол градустай хөрөө алдагдахаас өмнө алдагдсан байсан бөгөөд бид нар Уламбаярыг сэжиглэж байгаа юмаа. ямар нэг Уламбаяр авсан гэх нотлох баримт манай компанид байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,    

 

              Гэрч С.Батзаяагийн  “…Уламбаяр градусын хөрөө авч гарч байгааг камерын бичлэг дээрээс харсан. Яг бодитоор бол хараагүй, камерын бичлэг шүүж байх явцдаа л харсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,    

 

              Гэрч Ж.Мөнхнарангийн “…2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 11 цагт ажил дээрээ ирсэн. Тэгээд манай менежер Чүлтэмнамдаг үйлдвэрийн байрнаас эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд үйлдвэрийн хаалганы байр луу харсан хяналтын камерыг шалгаж үзэхэд манай байгууллагад гүйцэтгэгчээр ажилладаг байсан Уламбаяр гэх залуу үйлдвэр лүү ороод буцаад гарахдаа алдагдсан зүйлүүдийг аваад гарч байгаа бичлэг байсан. ...Уламбаяр нь 2019 оны 3 дугаар сарын эхээр аав нь бурхан болсон гээд чөлөө авч яваад дахиж ирээгүй ажлаасаа гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,              

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-9/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, Эд зүйлийн үнэлгээ /хх-24-25/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, хорооны тодорхойлолт /хх-6/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-31-36, 38-41/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-61-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Их эффект" ХХК-ийн үйлдвэрийн байранд нэвтэрч, “Макита” брендийн 40см хөрөө ордог градусыг авч, бусдад 356.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Чүлтэмнамдагийн мэдүүлэг, гэрч С.Батзаяа, Ж.Мөнхнаран нарын мэдүүлэг, шүүгдэгч Ө.Уын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ө.Уын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Чүлтэмнамдагийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ө.Уын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Ө.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Ө.У-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Өлзийжаргалын Уламбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР