Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

  2019         12           12                                       2019/ШЦТ/1049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зая гэгээн овогт Очирбатын Отгонпүрэвийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909036411128 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл-1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамж 63 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Заягэгээн овогт Очирбатын Отгонпүрэв /регистрийн дугаар ХИ 81071678/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.О нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ууган төвийн" урд байрлах автобусны буудал дээр хохирогч Б.Отгонбаатарыг машины хойд хэсэгт гараараа цохисон гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж газар унагаан баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархи эдэд, суурийн хэсэгт тархины няцрал, баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой үеэл Мөнгөнчимэгийн хүүхдийг сургуулиас нь авах гээд явж байтал нэг согтуу залуу автобусны буудал дээр гар өргөөд зогсож байсан. Тэгээд өнгөрөөд явахад машин цохих чимээ гарахаар нь мөргөөгүй байгаа гэж бодоод машинаасаа буутал өөдөөс “тамхи асаах гал байна уу” гэж асуухаар нь “байхгүй, наанаасаа холд, чи машин цохисон уу” гэж хэлэхэд “чамаас тамхи асаах гал байна уу гэж асууж байна” гэхээр нь өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгтэл тэр залуу дахиад намайг үнсэх нь шахуу биед ойртохоор нь биеэсээ холдуулж түлхээд цохиход газар унаад толгойгоо хагалсан. Тэгээд цагдаа ирсэн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын орчим үеэл Мөнгөнчимэгийн хүүхдийг 58 дугаар сургуулиас авах гээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод байрлах үеэл Мөнгөнчимэгийн гэрээс гараад явсан. Тэгээд Ууган төвийн тэнд байдаг автобусны буудлын орчим нэг залуу зам дээр гар өргөөд зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөөд явахад машин цохих шиг чимээ гарсан. Тэгээд би тэр залууг мөргөчихлөө гэж бодоод машинаа зогсоогоод буугаад хартал зам дээр такси барих гээд зогсож байсан залуу над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би "чи сая машин цохисон уу?" гэж асуусан чинь надаас шууд "гал байна уу?" гэхээр нь би "байхгүй" гэсэн. Тэгсэн чинь дахиад надаас гал байна уу? галгүй машин гэж байдаг юм уу гээд согтуурхаад байхаар нь байхгүй гээд түлхсэн. ...Миний уур хүрээд нөгөө залууг цаашаагаа түлхээд ...Хацар руу нь нэг удаа цохисон. Энэ үед тэр залуу хойшоогоо хоёр алхаад тархиараа газар саваад унасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-5-8/,

 

Хохирогч Б.Отгонбаатарын “…Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр багын найз Сугарын гэрт найзтайгаа хамт гурав гурван 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уугаад найзаараа хүргүүлэх гээд явж байгаад Бэлх захын ойролцоо "Ууган төвийн" хажууд найзын машинд тамхи татах гэсэн боловч гал байхгүй байсан юм. Би гал олох санаатай буухад улаан өнгийн приус-30 маркийн машин удаан явж байсан бөгөөд би хөөе гэж хэлээд хойноос нь гүйж очоод машиных нь хойд бөгсөн хэсэг рүү гараараа хоёр тогшсон бөгөөд зогсохоор нь ахаа гал байна уу гэсэн чинь нэг ах уурлаж бууж ирээд миний зүүн шанаа орчим нэг цохисон бөгөөд би хойшоо савж унаад ухаан алдсан. Би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн юм. ...Намайг цохиж байхыг манай найзын эхнэр Оюука хараад тэр цохисон гэх залууг барьж авсан байна лээ. ...Тэр залуу баруун гараараа миний зүүн шанаа орчим нэг удаа цохисон өөрөөр бол цохиж зодоогүй би цохилтод нь хойшоо саваад машины асвалтан зам дээр дагзаараа унасан юм. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал болох 400.000 төгрөг авсан. 500.000 төгрөг дахин шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Г.Оюун-Эрдэнийн “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Ууган төвийн үүдэнд машинаа тавьсан юм. Тэгээд найз Отгонбаатар "би буугаад гал олоод ирье" гээд түрүүлээд буусан би машинаа байрлуулчхаад эрүүл болохоороо араас нь гартал Отгонбаатар 74-96 УНЗ улаан приус машиныг гараараа шүргэх шиг болтол жолооч ирээд уурлаад түлхсэн. Тэгсэн чинь Отгонбаатар "за зүгээр байгаарай гал байна уу?" гэтэл нөгөө жолооч уурлаад түлхээд цохиход газар саваад унаад 10 орчим минут ямар ч ухаангүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11620 тоот актын “…Б.Отгонбаатарын биед баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархи эдэд, суурийн хэсэгт тархины няцрал, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-31/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, хохирлын баримт /хх-42-44/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-51-64/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-65-66/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.О нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ууган төвийн" урд байрлах автобусны буудал дээр хохирогч Б.Отгонбаатарыг машины хойд хэсэгт гараараа цохисон гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой тус газар нь гараараа нэг удаа цохиж газар унагаан баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархи эдэд, суурийн хэсэгт тархины няцрал, баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Отгонбаатар, гэрч Г.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №11620 дүгнэлт, шүүгдэгч О.Оийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Оийн хохирогч Б.Отгонбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Оийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч О.Оийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч О.Оээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж баримтаар 761.406 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг, 900.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан мөн хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Оийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зая гэгээн овогт Очирбатын Отгонпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.От энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч О.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР