Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

   2019         12           11                                       2019/ШЦТ/1050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Х-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909005581150 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар
хороо, Өлгийн 19 дүгээр гудамжны 267 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Х /регистрийн дугаар /,

           

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.Х нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үлэмж клиник" ХХК-нд ээлжийн менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн кассын орлогоос 1.078.000 төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2018 оны 7 дугаар сард “Үлэмж клиник” ХХК-ийн кассаас 1.078.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Үлэмж клиник эмнэлэгт ажиллаж байхдаа касст мөнгө тушаах гэж ирсэн хүмүүсийн мөнгөнөөс касст тушаалгүйгээр хувьдаа авч завшдаг байсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна. ...би хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

Хохирогч С.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн : “…Г.Х нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эмчлүүлсэн хүний төлбөр тооцооноос 490.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 488.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөг надтай хамт ээлжид гарч байх үедээ авсан байсан. ...ээлжийн ажилтан Г.Х нь мөнгө тушаах гэж байгаа хүмүүст манай байгууллагын карт уншигч пос машин эвдэрсэн гэж хэлээд мөнгийг нь бэлнээр өөртөө авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

гэрч Д.Баасандагвын “...наадмын үеэр үйлчлүүлэгч ихтэй байдаг. Энэ үед би эмчдээ туслаад хүмүүсээ бэлдээд байж байсан. Тэр үед мөнгөний картын машинаар төлбөр тооцоо хийдэг байсан. Тэгтэл Халиун үйлчлүүлж байсан хүмүүс төлбөр тооцоо хийх гэтэл манайх картаар үйлчлэхгүй байгаа гээд нэг хүнийг дагуулж гараад манай ажлын хажууд байдаг АТМ-ээс мөнгө авсан байсан. Тухайн өдөр хүн ихтэй байхад 2 цаг орчим алга болж байгаад ирэхэд нь "Чи хаашаа яваад ирж байгаа юм бэ" гэхэд "Ломбарднаас барьцаанд тавьсан гинжээ авахаар явсан" гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

гэрч Б.Сүрмандахын “...би байгууллагын нягтлан бодогч ажил эрхэлдэг, байгууллагад орж байгаа орлогыг эмчийн орлогын гар бүртгэлийн дэвтэртээ cap бүрийн 10-ны өдрөөс өмнө тулгалт хийж шалгадаг. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цалин бодоход кассын орлого эмч нарын гар бүртгэлтэй зөрсөн. ...ямар учраас зөрсөн болох талаар шалгахад Цолмон эмчийн гар бүртгэл дээр бүртгэгдсэн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 490.000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдрийн 488.000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдрийн 100.000 төгрөг кассын орлогод ороогүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17/, хөдөлмөрийн гэрээ /хх-57-59/, нууцын баталгаа /хх-60/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-67-72/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-88-89/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үлэмж клиник" ХХК-нд ээлжийн менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн кассын орлогоос 1.078.000 төгрөг хувьдаа завшсан болох нь дээр дурьдсан хохирогч С.Цолмонгийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Баасандагвын нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Хы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Хы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Хыг дээрх үйлдэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.  

 

4.Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР