| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/03011/и |
| Дугаар | 182/шш2016/00743 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 182/шш2016/00743
| 2016 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2016/00743
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭМГ-т холбогдох
Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Сг Нийслэлийн ЭМГын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/79 тоот тушаалаар даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд томилсон тушаалдаа даргын эдлэх эрх, үүргээс ямар нэгэн хэмжээгээр хязгаарлалт хийгээгүй төдийгүй мэдэгдээгүй. Энэ хугацаанд дүүргийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад 400 гаран эмч ажилтныг удирдан зохион байгуулж, хүний нөөц, санхүүгийн асуудлыг шийдэн, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна.
2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллагын нэр бүхий 2 ажилтан хөдөлмөрийн харилцаа шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр ажлаас халагдсан ба ажлаас халагдсан хоёр ажилтныг халсан тушаалыг хүчингүй болго гэсэн шаардлагыг Нийслэл ЭМГын дарга Ш.Э удаа дараа тавьж, албан даалгавар явуулж байсан бөгөөд байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд хуралдан “Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шүүхийн харьяалагдах маргаан тул шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилох шийдвэр гараагүй” байна гэдэг үндэслэлээр Нийслэлийн ЭМГын даргын албан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн албан бичгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/36 тоот албан бичгээр явуулсан боловч 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЭМСЯ-ны Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оаас “Тушаал хүчингүй болгуулах тухай” албан бичгийг нөхөр Ш.Энхбатад явуулсныг Д.Сд хүргүүлсэн билээ. Бид дахин Удирдах зөвлөлийн хурлаар дээрх албан бичгийг хэлэлцээд хариу тайлбарыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1/76 тоот албан бичгээр НЭМГ-н дарга Ш.Энхбатад хүргүүлсэн болно. Гэтэл Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаалаар дээрх нэр бүхий ажилтанг ажилд эргүүлэн аваагүй шалтгаанаар 3 сарын хугацаатай сахилгын шийтгэл надад ноогдуулаад зогсохгүй, Н.Г, И.Т нарын халсан тушаалыг хүчингүй болгохыг үүрэг болгосон байна.
Д.Сгийн хувьд ямар нэгэн хууль зөрчөөгүй, ... гэж үзэж байгаа төдийгүй Н.Гойдбаяр, И.Тунгалагтуяа нарыг ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тул уг асуудлаар гомдолтой байгаа иргэн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Хөдөлмөрийн маргааныг зөвхөн шүүх хяналтын байгууллага шийдэх бөгөөд төрийн захиргааны төв байгууллагаас удаа дараа дарамт шахалт үзүүлж байна. Иймд Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот “Д.Сд сахилгын шийтгэл ногдуулж, үүрэг чиглэл өгөх тухай тушаалыг” хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ хариу тайлбартаа болон хариууагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сг НЭМГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр хугацаагаар томилсон. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, хамт олныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй, харин ажилтныг ажлаас халах, чөлөөлөх асуудал олгогдоогүй талаар өөрт нь биечлэн уулзаж сануулсан болно.
Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус төвийн их эмчээр ажиллаж байсан Н.Гойдбаяр, И.Тунгалагтуяа нарыг ажлаас үндэслэлгүйгээр халсан тухай гомдлыг судлан үзэж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/109 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрээ цуцалж, хууль бус үйлдлийг дахин гаргахгүй байх талаар даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сд анхааруулсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус төвийн сувилагч Д.Түвшинтунгалагаас ажлаас халагдсан тухай гомдлыг ирүүлсэн ба Д.Сд 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/160 дугаар албан бичгээр дахин анхааруулга хүргүүлсэн болно.
Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн ЭМГ нь харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих эрхтэй. Энэ үүднээс Д.Сг дээрх үйлдлээ таслан зогсоох талаар удаа дараа үүрэг чиглэл өгсөн болно. Түүнчлэн мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул Д.С нь манай байгууллагаас хүргүүлсэн үүрэг, чиглэлийг даган биелүүлж ажиллах ёстой байсан. Гэтэл Д.С нь удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, ... ажилтныг ажлаас халах, чөлөөлөх эрх олгогдоогүй талаар өөрт нь биечлэн уулзаж сануулж байсан.
... Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оаас “тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.С болон хуулийн зөвлөх Т.Уянга нарт хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, нийт эрүүл мэндийн байгууллагуудын албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу сахилга баттай ажиллахыг анхааруулах” тухай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/730 дугаар албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн ЭМГын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сд сахилгын шийтгэл ногдуулсан ... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГт холбогдуулан Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Зохигчид нэхэмжлэгч Д.Сд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Д.С Нийслэлийн ЭМГын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхад нь тус газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 21, 45, 74-88 тал/
Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Д.Сд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 1а/730 дугаар албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалд Д.Сг ажилтныг ажлаас халах, чөлөөлөх эрх олгогдоогүй атал нэр бүхий ажилтнуудыг ажлаас халсан шийдвэр гаргасан нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн үндсэн цалингийн 03 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /х.х-ийн 22, 26-27, 95-96 тал/
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “… Д.С нь ... удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, ... ажилтныг ажлаас халах, чөлөөлөх эрх олгогдоогүй байхад нь нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн... Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/730 дугаар албан бичгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан ...” гэж тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 97-108 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн ЭМГын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар Д.С үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхад нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргахгүй байгаа.
Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл баримт болохоос ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх ба тухайн сахилгын зөрчил гаргасан этгээд нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.
Нэхэмжлэгч Д.Сг ажилтныг ажлаас халах, чөлөөлөх эрх олгогдоогүй, байтал нэр бүхий ажилтнуудыг ажлаас халсан шийдвэр гаргасан нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, ба Б/12 тоот тушаалын үндэслэлээ нотлож чадаагүй гэж үзнэ.
Дээрх тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн тухай баримт байхгүй байна.
Мөн Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/109 дугаартай албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/160 тоот албан бичиг, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/730 тоот албан бичиг нь Д.Сг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журмаар зохицуулсан журмыг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 22-27, 110-121, 125-126 тал/
Иймд нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Нийслэлийн ЭМГын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгоугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн ЭМГаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ