Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1051

 

 

 

 

 

 

 

  2019         12           12                                       2019/ШЦТ/1051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч О.Доржмаа,

          шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909033571467 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “МИАТ” ХК-д олон улс бүртгэгч диспетчер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, БУ-1006 байрны 1 тоотод оршин суудаг,

          2003 оны 6 дугаар сарын 19-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Б нь 2019 оны 8 дугаар 20-ноос 21-ний шилжих шөнө архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Скай" нэртэй бааран дотор Б.Эрдэнэбаяртай маргалдаж, улмаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн буюу архины шилэн хундага шидсэн нь Б.Эрдэнэбаярын хажууд сууж байсан Б.Уянгыг цохиж, баруун духны хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамарт сорви, зовхинд сорви бүхний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Быг хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар 20-ноос 21-ний шилжих шөнө архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Скай" нэртэй бааран дотор Б.Эрдэнэбаяртай маргалдаж, улмаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн буюу архины шилэн хундага шидсэн нь Б.Эрдэнэбаярын хажууд сууж байсан Б.Уянгыг цохиж, баруун духны хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамарт сорви, зовхинд сорви бүхний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Уянгын "...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын 1 жилийн ой болоод Централ товерын 17 давхарт байрлах Скай бааранд тэмдэглэж байтал манай ажлын Хатантуул гэх эмэгтэйн нөхөр Буджав нилээн согтсон байсан бөгөөд миний яг өөдөөс хараад сууж байсан юм. Ингээд сууж байх үедээ над руу архины шот шидсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

          Гэрч А.Хатантуулын "...2019 оны 8 дугаар сарын 20-нд манай компанийн 1 жилийн ойн үйл ажиллагаа болсон юм. Тэгээд ажлынхантайгаа 00 цагийн үед Скай бааранд юм ярьцгаагаад сууж байтал гэнэт Уянгаа доошоо тонгойчихсон юм. Тонгойж байгаад дээшээ болсон чинь Уянгын хумсан завсар нь цус болчихсон байсан. Хажуунаас хэн нэгэн нь энд юу болсон юм, хэн ингэсэн юм гэтэл өөр нэг нь Буугий ингэчихсэн гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ¹10989 тоот актын “…Б.Уянгын биед баруун духны хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарап, хамарт сорви зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

   яллагдагч Э.Бын "...Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийнхээ ажлын 1 жилийн ойг Скай бааранд тэмдэглэцгээсэн. Тэр үед нэг дуучин залуу манай эхнэртэй хамт ширээн дээр сууж байсан бөгөөд үүнээс болоод би тэр дуучинтай маргалдсан. Тэгтэл нөгөө залуугийн хажууд сууж байсан Уянга гэх эмэгтэйг оноод гэмтэл учруулчихсан юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Бд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР