Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 116/2020/0012/З |
Дугаар | 221/МА2020/0574 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0574
|
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүгч Ц.С, шүүгч Н.Х нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Ж нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн
1 дэх заалтаар: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Ж, П.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... бүртгэхийг даалгах” нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хөлөнбуйр сумын улсын бүртгэгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хандсан боловч ... хуульд заасан холбогдох нотлох баримтыг бүрдүүлж ирэх талаар тайлбарлан зөвлөж, бүртгэхээс татгалзсан учир Улсын бүртгэлийн Ерөнхий газарт өргөдөл явуулсан ... иргэн Н.Ж, П.Б нарын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн байна гэжээ. Энэ 2 үйл явдлыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн гэж буруу ташаа дүгнэж байна. Н.Ж, П.Б нарын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газар, улсын бүртгэгч И.З нарт өгсөн шилжин ирэх тухай өргөдлийг хүлээн авч хариу мэдэгдсэн гэдгийг хариуцагчийн амаар хэлсэн тайлбараар зөвтгөн дүгнэж байгаа нь буруу. Энэ тал дээр Н өмгөөлөгч амаар мэдэгдэж татгалзсан тухай хэлээгүй гэж тайлбарласан. Бидний гол шаардлага Монгол улсын Үндсэн хууль, Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргаад шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэх, түүнчлэн хуульд заасан хугацаанд нь хариугаа авах, хэрвээ хариу нь бүртгэхээс татгалзах буюу өөр ямар нэгэн байдлаар ирсэн бол алдаа зөрчлөө засаад дахин төрийн байгууллага албан тушаалтанд хандах зэргээр төрийн үйлчилгээ авах боломж байхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй учраас эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзсэн. Бүртгэхгүй болон төрийн үйлчилгээг хуулийн дагуу авч чадахгүй байгаагаас болж орон нутгийн удирдлагад ад үзэгдэн дарамтлуулж, хүн, малын амин чухал хэрэглээ болсон ундны усаа битүүмжлэх, хоолойг нь тасдуулах зэргээр хавчигдан гадуурхагдаж байсан. Гэтэл шүүх нь Жангар нарын өргөдөлд улсын бүртгэгч И.З-ыг амаар хариу тайлбар өгсөн гэдгийг зөвхөн хариуцагчийн тайлбараар нотолж байгаа нь үндэслэлгүй байна. Хөлөнбуйр сумын улсын бүртгэгч И.З нь өмгөөлөгч З.Н-ээс Н.Ж, П.Б нарын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөдлийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. Гэтэл албан ёсны хариу хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Энэ талаар хариу өгсөн тухай нотлох баримт ч байхгүй. Мөн ... шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах гэсэн шаардлага эргэлзээтэй болж байна гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар улсын бүртгэгчийн З-ын амаар өгсөн тайлбар нотлогдож байна гэж үзэж боломжгүй. Үүнийг буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У миний хувьд улсын бүртгэгч З-д өгсөн өргөдлийг шүүхийн шатнаас өмгөөлөгч, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэх өргөдөл гаргахдаа бүрдэл дутуу өгсөн гэдгийг танилцаж мэдээд даалгах шаардлагаа хангуулах нь хууль бус үйлдэл шаардсан болж байна гэж хууль зүйн дүгнэлт гаргасны үндсэн дээр татгалзсан. Тэгэхээр өргөдөл өгсөн үйл явдалдаа хариу авсан гэдгийг тайлбарлаж байгаа асуудал биш шүү. Шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан явдал нь хууль зөрчсөн бус бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, шүүх бусад бие даасан шаардлагын хүрээнд дүгнэлт гаргах боломжтой гэж үзсэн нь зөв. Бидний хувьд хамгийн гол нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан ... улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох гэсэн эрхийг зөрчсөн. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсын бүртгэгч нь энэ хуулийн 19.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөнийг хөтөлнө. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах тухай хуулийн дагуу өргөдөлд 30 хоногийн дотор хариу өгөх үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Ж, П.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн өргөдлийнхөө хариуг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл аваагүй, улсын бүртгэгч болон Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгын газраас бичгээр хариу өгөөгүй тул 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандсан. Үүнээс хойш Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 05 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан ба улсын бүртгэгч И.З-ын улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байсан болохыг мэдэгдсэн байна гэж шүүхээс үнэлсэн нь үйл баримтыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн шаардлагыг буруутгах үндэслэл болгосон байна. Нэхэмжлэгч нар шүүхийн шатанд дутуу баримт өгсөн тул бүртгэх боломжгүй байсан болохыг хариуцагч талаас тайлбар гаргасны дагуу мэдээд шаардлагатай дутуу зүйлээ бүрдүүлж бүртгүүлэх талаар харилцан ярилцаад эвлэрэх боломжийг гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх энэ ажиллагаа хийгдэж чадаагүй хариуцагч талаас эвлэрэх боломж өгөөгүй. Хариуцагч нь бүртгэхгүй гэж татгалзаагүй харин хуульд заасан шаардлагыг хангаад ирвэл бүртгэнэ гэдгийг удаа дараа хэлж байсан хэдий ч энэ тал дээр дутуу баримтуудаа шаардлагын хүрээнд биелүүлж ирэхэд бүртгэж авах үүргээ биелүүлэх үүрэгтэй, энэ талаар иргэдэд зөвлөн боломж олгох үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байтал эвлэрэх боломжгүй шууд татгалзаж байсан нь нэг талдаа төрийн үйлчилгээг үзүүлэхгүй гэж ойлгогдож байна. Иймд шүүхээс бичгийн нотлох баримтаар татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй хариуцагч талын аман тайлбараар нотлох баримтыг буруу тайлбарлан хэрэглэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж улсын бүртгэгчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоосноор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааныг зөв шийдвэрлэсэн байх боловч тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.
Нэхэмжлэгч Н.Ж нар нь шүүхэд анх “Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах” агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад “шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан[1] байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан.
Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ”, 19.1.1-т “иргэний үнэмлэх”, 19.1.2-т “16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ”, 19.1.3-т “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг”, 19.1.4-т “хуульд заасан бусад”, 5 дугаар зүйлийн 5.4-т “ ... Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж төлнө”, 19.2-т “улсын бүртгэгч нь энэ хуулийн 19.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөнийг хөтөлнө” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 332 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг”, 2.2.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2.2.4-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл” гэж тус тус заажээ.
Хууль журмын дээрх зохицуулалтуудын дагуу аливаа иргэн шилжин суурьшихдаа иргэний үнэмлэх, оршин суух газрын хаягийг нотлох баримт зэрэг хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн шилжин суурьших газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий албан тушаалтан нь иргэнээс ирүүлсэн холбогдох баримт бичгүүдийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтлөхөөр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ж нар нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд шилжин суурьшихаар болсон хэдий ч шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар /2 хувь/, шилжин суурьших өргөдлийг[2] өмгөөлөгч З.Н-ээр хүргүүлсэн, талууд энэ талаар маргаагүй байх нэхэмжлэгч нарыг шилжин суурьшихдаа улсын бүртгэлийн байгууллагад хуульд заасан журмын дагуу хандсан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ж нар нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд шилжин ирэх өргөдлийг холбогдох баримтуудын хамт өөрсдийн биеэр хүлээлгэж өгөөгүй байхаас гадна 1 ширхэг өргөдөл, иргэний үнэмлэхийн 2 хувь хуулбараас өөр баримтыг бүрдүүлж хандаагүй байх тул хариуцагч улсын бүртгэгчийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй гэж буруутгах үндэслэлгүй буюу хариуцагчийн нэхэмжлэгч нарын шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй нь Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Иргэний Улсын бүртгэлд зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана” гэж заасантай нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэсэнтэй холбоотой мэдээллийг амаар өгсөн, ямар нэгэн тэмдэглэл, бүртгэл хийгээгүй гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нарын бүртгүүлэх хүсэлттэй холбоотой тэмдэглэл, бүртгэл гэх зэрэг баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байх боловч нэгэнт хуульд заасан журмын дагуу шилжин суурьших өргөдөл, холбогдох бусад баримтуудыг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй нэхэмжлэгч нарын үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “... шилжилтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын “...Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах тухай хуулийн дагуу өргөдөлд 30 хоногийн дотор хариу өгнө үүргээ албан хаагч биелүүлээгүй ... өргөдлийн хариуг аваагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нарын тухайд хуульд заасан журмын дагуу шилжин суурьших тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, түүнчлэн тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлээгүй эсхүл хууль бусаар татгалзсан тохиолдолд түүнтэй холбогдуулж мөн холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах боломжийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Ж нар нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Г, Б.Ж нарт 1 жилийн хугацаатай[3], 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 602 дугаар итгэмжлэлээр Д.У-д 1 жилийн хугацаатай[4] итгэмжлэлийг тус тус олгосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-аас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “... цаашид Б.Г, Б.Ж нар нэхэмжлэгч нарыг ... төлөөлөн оролцох шаардлагагүй гэсэн болно ... энэ байдал нь хэн нэгэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэх тайлбар[5] гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч нарын урьд олгосон итгэмжлэлийн дагуу Б.Г, Б.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг зааж хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчилд хамаатуулах үндэслэл болохооргүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтыг хариуцагчаас 15 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн ... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүх хүлээж авсан энэ нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-аас “багийн засаг даргыг хамтран хариуцагчаар татах” тухай амаар санал гаргасан байх боловч багийн Засаг даргатай холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй байх тул Н.Ж-ын “шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын багийн Засаг даргыг шүүх хамтран хариуцагчаар татах шаардлагатай байсан гэж үзэхгүй, энэ тухайд шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж[6], 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 00 минутад өмгөөлөгч З.Н-ийн утсаар холбогдон шүүх хуралдааны товыг дахин сануулсан байхаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухай баримт, нотолгоог шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын өмгөөлөгч З.Н-тэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гаргасан “... Хэргийг эцэслэн шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч энэ хүсэлтийг шүүх хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын багийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шүүхэд илэрхийлсэн. Энэ хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой биш, тодруулаагүй ... Энэ асуудлыг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйлдэл байна ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бичиглэлийн алдааг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын нэхэмжлэлтэй” гэснийг “Н.Ж нарын нэхэмжлэлтэй ...” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ж нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хавтаст хэргийн 89 дэх тал
[2] Хавтаст хэргийн 80-82 дахь тал
[3] Хавтаст хэргийн 4 дэх тал
[4] Хавтаст хэргийн 18 дахь тал
[5] Хавтаст хэргийн 19 дэх тал
[6] Хавтаст хэргийн 52 дахь тал