Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ХШТ/32

 

 

 

Б.Г-т холбогдох 

                                                        эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч C.Cоёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /цахим/, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 235 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Б.Г-т холбогдох 2535000850156 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

Шүүгдэгч Б.Г- нь ... аймгийн ... сумын ... ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Эын хөрөө рамд 7 автомашин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Эыг ... багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаалуудыг гарган тус сумын ..., ... багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэлт, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3.648.306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлс олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас ... сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3.648.306 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Г-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүй байдлаар тогтоох үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор энэ үүргээ биелүүлээгүй, нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Няцаалт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөгч, прокурорын үүргийг сануулж байгаа нь туйлын зөв. Сүүлийн үед мөрдөгч, прокурорууд мэдлэг ур чадвар, сэтгэл дутсанаас юм уу ямар хэргийг яаж нотлохоо мэддэггүй юм уу дандаа дутуу материал бүрдүүлж ирдэг болсон. Энэ хэрэгт нотолбол зохих зүйл нь хөрөө рамд татуулсан 7 машин мод хэнийх бэ, уг модыг хэн яаж ашиглав, шүүгдэгчид хувийн ямар ашиг сонирхол байв, ашиг олсон уу, Л.Эын ажлын байр болох багийн төвийн сахиул ямар онцлогтой ажил бэ, ажилд оруулсан тушаал нь хуурамч уу, үгүй юу гэдгийг тогтооход болохоор байна. Гэтэл 3 хавтаст хэрэг бүрдүүлээд байхад ийм амархан ил тод үйлдэлтэй, ээдрээ төвөгтэй байдал байхгүй хэргийн бүрдүүлбэл зохих нотлох баримтыг бүрдүүлээгүй, хангалттай бус гэж үзнэ байгаа нь хэний буруу бэ. Энэ бол мөрдөгч, прокурорын буруу үүнээс үүдэн Монгол Улсын нэг иргэн бүтэн жил АТГ, прокурор, шүүхийн үүд сахиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.”, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Прокурор хэргийг хангалтай нотолсон гээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн энэ үед яллагдагчийн талаас нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргахад прокурор эсэргүүцэн, шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдэх боломжтой гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл прокурор, шүүх нотлох баримт хангалтай, хүрэлцээтэй хэргийг шийдэж болохоор байна өмгөөлөх талын нэмэлт нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж заасан энэ утгаар нь анхан шатны шүүх мэтгэлцээний хүрээнд прокурор шүүгдэгч Б.Г-ийн гэм бурууг нотолж чадаагүй гэж үзэж цагаатгасан. Нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим хэрэгжсэн. Харин давж заалдах шатны шүүх хараат бус байж чадаагүй гэж үзэхээр байна. Яагаад гэвэл хэрэг маргааныг шийдэхдээ хэнээс ч хараат бус байж гагцхүү мэтгэлцээний үндсэн дээр үнэн бодит байдлыг баримталж чадсангүй. Өөрөөр хэлбэл шүүх яллах талын байр суурь баримталж прокурорт яллах дахин нэг боломж олгож хийх ажлыг зааж байгаа нь олон улсын хувьд шүүхийн жишиг болсон хөндлөнгийн байр сууриа алдсан гэж үзэхээр байна. Улсын яллагчийн зүгээс “... сумын 100 жилд зориулан бэлтгэсэн 10 машин модны хэрэг бүртгэлтэнд байгаа яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор энэ 2 хэргийг нэгтгэн шалгамаар байна иймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү” гэснийг хангаж байгаа нь дээр дурдсаныг баталж байна. Шүүхэд шилжсэн хэргийг яаж хэрэг бүртгэлтийн хэрэгтэй нэгтгэх бэ?

Л.Эын хөрөө рамд зүсүүлсэн гэж 1 машин мод хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтаар нотлогдоогүй тодорхой бус байна. Няцаалт хавтаст хэрэгт уг 7 машин мод нь ... сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж бэлдэж, ашигласан мод болох нь уг модноос 2 ширхэг амралтын байр барьж ашиглалтанд оруулсан болох нь, мөн уг модноос Б.Г- ямар нэг ашиг олоогүй болох нь хангалттай нотлогдсон. Хэрэгт Л.Эын гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-н 19, 21, 39х/, гэрч Д.О-ын мэдүүлэг /1хх-н 42х/, гэрч О--ын мэдүүлэг /1хх-н 44, 179х/, гэрч О-ын мэдүүлэг /1хх-н 176х/, гэрч Б.Ч-гийн мэдүүлэг /1хх-н 182х/, гэрч П-ийн мэдүүлэг /1хх-н 185х/, гэрч О.Ц-ийн мэдүүлэг /1хх-н 231 х/, гэрч Р.Б-ийн мэдүүлэг /1хх-н 233х/, мод бэлдсэн газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-н 195-217х/, шовгорт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 218-221 х/ 2 ширхэг амралтын байрыг орлогод авсан баримт /Зхх-н 160х/ зэрэг хангалттай баримт байхад нотлогдож, тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан бичмэл баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан эсэх нь эргэлзээтэй, эх сурвалж тодорхой бус байхад хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчсөн үйлдэл юм. Няцаалт: мөрдөн байцаалт дуусаж хавтаст хэргийг танилцуулахад АТГ-н мөрдөгчид нэмэлт ажиллагаа буюу Л.Э-ыг тухайн цаг хугацаанд сахиулаар ажиллаж байсныг мэдэх гэрч нарыг байцаалгах, бусад цагаатгах талын нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргасан боловч хангаагүй. Хэрэг прокурорын хяналтад шилжсэний дараа мөн хүсэлт гаргасан нь /2хх-н 238х/ байгаа. Хяналтын прокурор хүсэлт хангаагүй тул /2хх-н 248х/ аймгийн прокурорт гаргасан хүсэлт гаргаад мөн хангахаас татгалзсан. Үүний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр асуулгах хүмүүсийн тодорхойлолт бүхий хүсэлт, мөн ... сумын Засаг даргын тамгын газарт шүүгдэгчээс хүсэлт гарган хуулбар үнэн тэмдэг даруулан баталгаажуулсан нотлох баримтуудыг хавсарган нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлтийг тус тус гаргасан боловч огт хангаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Өмгөөлөгчийн эрх үүрэг”, 2.4 “хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг энэ хуульд заасан журмын дагуу мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох”, 2.8 “өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах гэж заасны дагуу нотлох баримтыг гарган өгсөн болно. Гаргаж өгсөн нотлох баримтууд нь эх сурвалж тодорхой, хуулийн шаардлага хангасан тул анхан шатны шүүх үнэлсэн болно.

Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “… цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.”. Няцаалт: Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд хууль батлах бүрэн эрх зөвхөн Улсын Их хуралд хадгалагдахаар хуульчилсан. Хууль тогтоогчийн зүгээс шүүхээс хэрэг олон удаа буцаж байгаад дүгнэлт хийж шүүхээс хэргийг буцаахтай холбоотой заалтуудыг хүчингүй болгосон. Гол санаа зорилго нь мөрдөгч, прокурорууд хариуцлагатай байх хэргийг бүрэн дүүрэн шалгаж, нотлох, шүүхээр гагцхүү гэм буруутай эсэхийг тогтоох, хэрэв яллаж чадахгүй байгаа бол цагаатга иргэдийг бүү олон сар жилээр чирэгдүүл хүний эрхийг хамгаал гэсэн санаа. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр тайлбарлаж хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатыг нэрлэн зааж буцааж байгаа нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэсэнтэй зөрчилдөж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг даргалсан шүүгч Б.Мөнхзаяа нь хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүй эцэслэн шийдэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан атлаа давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнд орж нотлох баримт хүрэлцээгүй тул шийдэх боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүйн зэрэгцээ хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдсэн гэж үзэж байна. Иймд энэ хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг 5 үндэслэлээр хүчингүй болгосон. Нэгдүгээрт, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн. Уг хэрэг нь нотлоход амархан, ил тод хэрэг. Хэргийг 2 жил гаруй хугацаанд шалгасан. Энэ хугацаанд хийгдвэл зохих бүх ажиллагаануудыг хийж, хэргийн бодит байдлыг шалгаж тогтоосон боловч шүүгдэгчийн гэм буруутайг нотолж чадаагүй. Улмаар анхан шатны шүүх “шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй” гэж үзэж, цагаатгаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийг яллах талын байр сууриас хандсан гэж үзэж байна. Учир нь, прокурорын “хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд байгаа 10 машин модыг хууль бусаар бэлтгэсэн хэрэгт нэгтгэж шалгамаар байна” гэх хуульд нийцээгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх Л.Э-ын хөрөө, рамд зүсэгдсэн 7 машин модыг хэний мод болохыг тогтоогоогүй гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээрх модыг ... сумын Засаг даргын Тамгын газрын мод болохыг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан талаар хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан. Иймээс дээрх модыг “хэний мод гэдгийг тогтоогдоогүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 7 машин мод татуулснаар Б.Г-т ямар ашиг хонжоо бий болох, түүнчлэн шүүгдэгчид мод татуулах хувийн ямар ашиг сонирхол байгааг тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Гуравдугаарт, өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах, прокурорын хяналтын шат болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт ажиллагаа хийлгэж нотлох баримт шалгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан. Харамсалтай нь тус хүсэлтийг мөрдөгч, прокурор нарын хэн аль нь хүлээж аваагүй. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх хүсэлтийг нотлох баримтуудын хамт гаргаж өгсөн боловч мөн хүлээж аваагүй. Иймээс цагаатгах талын нотлох баримтуудыг хэрэг шүүхэд шилжсэний дараа гаргаж өгсөн. Түүнчлэн уг нотлох баримтуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны үед ямар нэгэн няцаалт хийгээгүй, харин ч дэмжиж байсныг дурдах нь зүйтэй.

Дөрөвдүгээрт, давж заалдах шатны шүүх “хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай” гэж шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэн. Үүнийг Улсын Их Хурал, Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Учир нь, хуулийг тайлбарлах эрх зөвхөн Улсын Их Хурал болон Улсын дээд шүүхэд хадгалагдана. Гэтэл хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэж хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүгүй мөрдөж байж хууль ёсны зарчим хангагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх уг хуулийг дагаж мөрдөөгүй тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шатыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарснаас хойших үе шатууд гэж ойлгож байна.

Тавдугаарт, анхны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Энэ шүүх хуралдааныг даргалсан, тухайн үед анхан шатны шүүхийн шүүгч байсан Б.Мөнхзаяа нь давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон. Хэдийгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэрийг явцын шийдвэр гэж үзэж болохоор боловч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж нь давж заалдах боломжгүй, тухайн шатыг төгсгөж байгаа эцсийн шийдвэр байдаг. Энэ утгаар нь авч үзвэл, энэ хэргийг урьд өмнө нь шийдвэрлэсэн шүүгч гэж ойлгохоор байна. Иймээс давж заалдах шатны шүүхийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл, шүүгдэгч Б.Г- нарын гаргасан 5 заалт бүхий хяналтын гомдлоос “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг даргалсан шүүгч нь давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнд орж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэсэнтэй нь санал нэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэсэн тул шүүгдэгч Б.Г- болон өмгөөлөгч нарын гомдолд дурдсан бусад асуудалд дүгнэлт өгөөгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд оролцсон буюу 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 3 удаа гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан шүүгч Б.Мөнхзаяа нь Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд орж Б.Г-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүх нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан. Дээрх тайлбарт “оролцсон шүүгч” гэж тухайн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэж шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаас бусад (хамтран ажиллах этгээдээр тогтоох) хуулиар харьяалуулсан асуудлыг хянан шийдвэрлэхэд оролцсон, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгч хамаарахгүй.” гэж тайлбарласан. Мөн тус тайлбарт “оролцсон шүүгч” гэдэгт хамаарах болон хамаарахгүй асуудлуудыг нэрлэн тайлбарласан.

Үүнээс үзвэл, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцож, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийг нэрлэн заагаагүй байна гэж үзэхээр байна. Хэдийгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхгүй боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй, хангалттай байдалд дүгнэлт өгч байгаа тул “оролцсон шүүгч” гэх ойлголтод хамаарна гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэсэн ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар хэсэгт хуульчилсан ба 7 дугаар хэсэг нь дотроо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруу, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үе шатыг багтаасан буюу тус хуулийн 33-37 дугаар бүлгүүд багтаж байгаа учир урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон шүүгчийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хуулиар тогтоосон журмыг баримталж, хуульд заасан бүх шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэгддэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх үндсэн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийн зүйл, заалтыг чанд баримтлан сахин мөрдөх явдал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэхүү шаардлагыг зөрчсөн тохиолдол бүрд тухайн шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүйд тооцох, засч залруулах байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэж буй бүх шатны шүүхийн үүрэгжүүлсэн эрх хэмжээ юм.

 

Хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, эсхүл тухайн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдоно.

 

Харин хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдах учиртай.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Г-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч дахин оролцож болохгүй нөхцөл байдлыг анхааралгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байна.

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 975 дугаар захирамжаар Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Мөнхзаяа томилогдсоныг албажуулжээ. /3 дугаар хавтасны 12 дугаар хуудас/

 

Улмаар шүүгч Б.Мөнхзаяа 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаартай захирамжаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шийдвэрийг гаргасан байна. /3 дугаар хавтасны 54 дугаар хуудас/

 

Дээрх захирамжид “... Б.Г-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой тул яллагдагч Б.Г-ийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байсан шүүгч Б.Мөнхзаяа нь давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцож хэргийг шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлд шууд хамаарна.

 

“Оролцсон шүүгч” гэдэгт тухайн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэж шийдвэрлэсэн шүүгчийг ойлгоно.

 

Тиймээс ч эрүүгийн эрх зүйд шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу томилогдсон байх шаардлага нь зөвхөн зохион байгуулалтын асуудал биш, харин шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал, шударга ёсны үндэс суурь гэж үздэг юм.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн туйлын ойлгомжтой, хууль хэрэглээнд хэвшиж тогтсон ойлголт болно.

 

Гэтэл шүүгчид хуулиар дахин оролцохыг хориглосон энэхүү үндэслэлийг давж заалдах шатны шүүх илт хууль зүйн үндэслэлгүйгээр тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг бус хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан энэхүү ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд нөлөөлөхүйц шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэлд хамаарна.

 

Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчимтай учир шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлаас ямагт сэргийлж, шүүгчийн ёс зүйн үүрэгжүүлсэн хэм хэмжээг чанд сахин мөрдөн ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нар ч энэхүү үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс шаардах эрхтэйг цаашид анхаарвал зохино.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх алдаа зөвтгөх боломжгүй тул шүүгдэгч Б.Г- болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлын “... хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдсэн” гэсэн хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг давж заалдах шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОЧ

 

                                                                          М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                  Ч.ХОСБАЯР

 

                                                          Б.ЦОГТ