Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1966

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00700 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХ-т 1997 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №181 тоот тушаалаар барилга засварын хэсэгт томилогдон засалчнаар 19 жил тасралтгүй ажилласан бөгөөд тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, миний ажлын амжилтыг үнэлж цалингийн хувиар, баярын бичиг, салбарын тэргүүний ажилтнаар тус тус шагнаж байсан. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын №А/36 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргаашнаас эхлэн сантехникийн ажилтан ХХХ, ХХХ, ХХХ, холбооны техникч ХХХ, мужаан ХХХ зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "Өдрийн сонин"-ы №125(5390) дугаарт "барилгын инженер, цахилгаанчин" зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин ХХХХ-ыг ажилд нь эргүүлж авах санал 2016 он 06 дугаар сарын 06-ны өдөр тавихаар дуудаж уулзаад ажилд буцаан авсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг цугт нь халсан нь нотлогдож байна.

Миний зүгээс ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Үндсэн цалин 589 400 төгрөг, 2, 3, 4 дүгээр сарын цалин 582 311 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийт 84 хоногийн цалинд нийт 2 223 490 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

ХХХ нь “ХХХХХХ" ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан бөгөөд хариуцагч байгууллага нь Аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болж байгаатай холбогдуулан засалчин албан тушаалтай ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар болгож байгааг мэдэгдье гэсэн байдаг.

Энэ нь зөвхөн энэ байгуууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбоотой бүх ажилчдад мэдэгдэж байгаа хуудас юм. Нэхэмжлэгчийн тайлбараас гэрээ шинэчлэх гэж байгаа болохоор гарын үсэг зуруулж байна гэсэн байдаг. Мэдэгдэх хуудас нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтэй нийцэхгүй байгаа бөгөөд “ХХХХХХ"-ын бүтэц орон тоо нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөгдсөнөөс хойш 2 хоногийн дараа ХХХ ажлаас чөлөөлсөн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор байгууллагад өөрчлөлт оруулсан. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын дүрмийг баталсан байдаг. Гадаад харилцааны яамнаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор Сангийн яаманд “ХХХХХХ"-ын бүтэцтэй холбоотой санал хүргүүлсэн ба энэ саналыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн яамны тушаал гарсан байдаг. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулйин 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдээгүй буюу бүтцийн өөрчлөлтийг баталсан тушаал гарсанаас 2 хоногийн дараа гэхэд л ажлаас чөлөөлсөн байгаа нь А/36 тоот тушаал нь хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тушаал юм.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүх ажилчдад гардуулсан мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ мэдэгдэл нь манай байгууллагын статуст өөрчлөлт орж байгаа тул хөдөлмөрийг гэрээ цуцлах тухай мэдэгдэл байгаа буюу орон тоо хасагдаж байгаа талаарх мэдэгдэл биш юм. “ХХХХХХ"-ын бүтцийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайд батлаад байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна.

Ажил олгогчийн зүгээс нийтлэг үйлчилгээний барилгын ажилчид шаардлаггүй гэсэн саналыг яаманд хүргүүлж байсан ч зарим хүмүүсийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан байдаг. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажилчин, цахилгаанчин ажилд авна гэсэн зар байдаг. Энэ зараас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллах хүнд ийм шаардлага тавих шаардлагагүй байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт болон бүтэц, орон тоо батлагдсан болохоор ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн атал өөрсдөө бүтэц нэмж зарим ажилчдыг эгүүлэн ажилд нь авч байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ХХХыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, нийгмийн даатгалын бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч байгууллага нь Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар “ХХХХХХ"-ыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан.

Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаатай холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажпаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар “ХХХХХХ"-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш “ХХХХХХ"-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон.

Иймд “ХХХХХХ"-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажпаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг “ХХХХХХ"-ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ нэн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан.

Нэгэнт хуучин ажилчид нь гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-т заасныг баримтлан хариуцагч “ХХХХХХ"-ын засалчны ажилд эгүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 223 490 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардуулан өгч, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болгосон болох нь мэдэгдэх хуудсын /хх-29/ болон А/36 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх мэдэгдэх хуудсыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэхдээ ямар учир шалтгааны улмаас, хэзээ гардуулсан, бүтэц орон тооны асуудал тусгагдсан уу, бүх ажилчдад гардуулсан уу, эсвэл зөвхөн Нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад гардуулсан уу, мэдэгдэх хуудасны үр дагавар буюу гэрээг хэзээ цуцлана гэж заасан зэрэг асуудлыг нухацтай авч үзэлгүйгээр зөвхөн гардуулсан хугацааг анхаарч нотлох баримтад өнгөцхөн, хэлбэр талаас хандсанаас, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал, мэдэгдэх хуудсыг тайлбарлаж үнэлэхдээ үндэслэл, шалтгааныг тодруулж мэдэгдэх хуудаст бичигдсэнээр шууд ойлгох учиртай байтал тэгсэнгүй. Мэдэгдэх хуудасны агуулгаас үзэхэд “ХХХХХХ"- нь улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаа нь мэдэгдэх хуудас гардуулах шалтгаан болсон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус үйлдвэрийн газрын статус өөрчлөгдөж байгаатай холбоотой гэсэн үг. Хэрэв шинэ бүтэц батлагдаад тус үйлдвэрийн газрын зарим орон тоо хасагдсан бол мэдэгдэх хуудаст энэ талаар дурдаж, зөвхөн хасагдсан орон тоонд ажиллаж байгаа хүмүүст л мэдэгдэх хуудас гардуулах ёстой байсан. Гэтэл тэгээгүй, мэдэгдэх хуудсыг бүх ажилтнуудад гардуулсан байдаг.

Мөн уг мэдэгдэх хуудаст: “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацаа 2016 оны 01 сарын 01-ний өдөр” гэж заасан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдэгдэх хуудасны үйлчлэл түүнд заасан үндэслэл, хугацаагаар буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон буюу үйлчлэл нь дуусаад хөдөлмөрийн харилцаа үргэлжлээд 5 cap гаруй хугацаа өнгөрсөн байхад шүүх анхаарч үзэлгүйгээр бүтэц орон тоотой хамааралтай зүйл огт тусгагдаагүй мэдэгдэх хуудсыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 тоот шинэ бүтэц баталсан Сангийн сайдын тушаалтай холбогдуулан тайлбарлаж үнэлсэн нь алдаа болсон байна.

Шинэ бүтэц батлахтай холбоотой асуудалд Гадаад хэргийн яамны сайд ХХХХХХ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №02/1584 албан тоотоор тодорхой хариу ирүүлсэн  байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын агуулга нь мэдэгдэх хуудас гардуулахаас өмнө дээрх үндэслэл бий болсон буюу эрх бүхийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан байхыг шаардах ба энэхүү шийдвэр нь мэдэгдэх хуудас гардуулах үндэслэл болох учиртай.

Гэтэл ХХХт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр гардуулсан мэдэгдэх хуудас хавтаст хэрэгт байхгүй байна, мөн уг үндэслэл тусгагдаагүй мэдэгдэх хуудсыг анхан шатны шүүх буруу үнэлж, алдаатай шийдвэр гаргалаа.

Иймд “ХХХХХХ" нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн буюу бүтэц өөрчлөгдсөн Сангийн сайдын тушаал батлагдсаны дараа мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр, уг тушаал гарснаас хойш 2 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ХХХыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч “ХХХХХХ”-т холбогдуулан засалчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч “ХХХХХХ”-ын захирлын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс барилгын засалчин ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч дээрх тушаалыг байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэж тайлбарлан энэ тухай ажилтанд мэдэгдсэн гэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хх-29/

            Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор  “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор дүрмийг батлан, уг дүрмийн 7.3-т үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаын саналыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заажээ. 

            Дүрмийн дээрх заалтын дагуу Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар  “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог тогтоосон байна.

            Сангийн сайдын дээрх 189 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байр багтаж байсан нийтлэг үйлчилгээний хэлтэс үгүй болж, засалчны орон тоог хассан байх тул уг шийдвэрийг гарахаас өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилтны ажлын байр цомхотгогдож, орон тоо хасагдсан байх боломжгүй.

            Иймд орон тоо хасагдах талаарх мэдэгдлийг ажилтанд гардуулсныг нэхэмжлэгч хүлээн авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй хууль зөрчсөн гэж үзнэ.

            Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган бичилт хийх шаардлага гаргасныг хангах нь зүйтэй байна.

            Анхан шатны шүүх мэдэгдлийг гардуулах үед нэхэмжлэгчийн ажлын байрыг цомхотгосон шийдвэр гараагүй байсан болон 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар сунгагдсанд тооцогдохыг анхааралгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээс тооцвол 582 311 төгрөг байх ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 6 сар 10 хоногоор тооцож, нийт 3 764 716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар уг дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг ажил олгогч хүлээнэ.              Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00700 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан  нэхэмжлэгч ХХХыг ХХХХХХ-т засалчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 3 764 716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих бичилт хийхийг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ” -т үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ