Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/991

 

   2019        11          28                                     2019/ШЦТ/991                                   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0992/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,

улсын яллагч Т.Жавхлантөгс,

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц-д холбогдох эрүүгийн 1709022491238 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Нутгийн буян хотхоны 37А байрны 1404 тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 91/1А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 07 сар 23 хоногийн хорих ялаар, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 05-ны №149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 09 сар 23 хоногийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй А.Ц /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ц  нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрт 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 44 минутаас 06 цаг 22 минутын хооронд итгэмжлэн хариуцуулсан иргэн Б.Энхзулын эзэмшлийн “Хас” банкны картнаас 10 удаагийн үйлдлээр нийт 694.450 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц-н өгсөн:  “...Энхзул нь манай багын найз бөгөөд Энхзулын байшин болон хүүхдүүдийг нь хардаг... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Мөнхзулын мэдүүлэг, хохирогч Б.Энхзулын “Хас” банкны дансны хуулга, .А.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч А.Ц нь хохирогч Батчулууны Энхзулын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн аманд байрлах зуслангийн байшингийн манаачаар ажиллаж байхдаа 2017.11.17-18-нд шилжих шөнө Б.Энхзулын өөрт нь бараа авахуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн Хас банкны виза картнаас 10 удаагийн үйлдлээр нийт 694.450 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Энхзулын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-189 тоотод оршин суудаг юм. Манай зуслангийн байшин Бэлхэд байдаг юм. Манай байшинг хардаг манаач хийдэг А.Ц-г зуслангийн байшиндаа байхаа болиод байрандаа орохдоо дагуулаад гэртээ байлгаж байсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн “Хас” банкны картаа өгч явуулаад БЗД-ийн 18 дугаар хороо “Сансар” худалдааны төв рүү бараа авахуулахаар явуулаад буцаад надад тэр өдрөө бараагаа өгсөн юм. Тэгээд би тэр хүнээс картаа аваагүй байж байсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө манай гэрээс гадагшаа гараад хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд гарсан юм. Тэгэхээр нь би таксины мөнгө гээд 20.000 төгрөг өгөөд гаргасан чинь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаар 10 удаагийн үйлдлээр 890.000 төгрөг уншуулж авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Хохирогч Б.Энхзулын “Хас” банкны дансны хуулга,

А.Ц-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би 2017 оны намар 11 сарын 16-ны өдөр өөрийн найз Энхзул гэх эмэгтэйн Хас банкны картыг авсан. Би тус картыг ашиглан Энхзулын гэрт хоол хүнс авсан ба дараа нь картыг нь өгөх байснаа мартаад аваад явсан байснаа мэдсэн. Тухайн үед найзуудтайгаа архи ууж байсан ба мөнгөгүй байсан тул Энхзулын картнаас мөнгө авсан. Гэхдээ би мөнгөний хэрэг болсон дүнгээрээ авч байсан ба ойролцоогоор 10 удаа АТМ төхөөрөмж дээр очиж нийт 694.450 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архидан согтуурч амар хялбар аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө олж авах гэсэн шунахай зан байдал нөлөөлжээ.

  Шүүгдэгч А.Ц нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Ц-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн зүгээс хавтаст хэргийн 64 дүгээр талд “...надад гомдол санал байхгүй би шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна, би А.Ц-тэй эвлэрсэн...” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн зүгээс санал гомдолгүй байдал зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэж, шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ц-г бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.БОЛДБААТАР